Categories
мэдээ нийгэм

Хариуцлага алдсан дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ

“Ковид 19”-ийн халдвар авсан иргэн тусламж авч чадалгүй эмнэлийн хашаанд нас барсан хэрэг өчигдөр гарсан.

Талийгаач долдугаар сарын 2-нд түргэвчилсэн шинжилгээгээр эерэг хариу гарч, эмчийн зааврын дагуу өөрийгөө тусгаарлан эм ууж байсан ч биеийн зовиур нь нэмэгдэж хатгаа болсон тул коронавирусийн халдвартай өвчтөнүүдийг хүлээн авч буй “Энэрэл” эмнэлэг болон БЗД-ийн Эрүүл мэндийн төвд ханджээ. Харамсалтай нь дээрх эмнэлгүүд хэвтэх өвчтөний бүртгэлд нэр нь байхгүй гэх шалтгаанаар буцааснаар талийгаач “Энэрэл” эмнэлгийн хашаанд амьсгал хураасан юм.

Болсон хэрэг явдалтай холбогдуулан эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхдээ хариуцлага алдсан Нийслэлийн түргэн тусламжийн төвийн захирал Ц.Пүрэвдорж, НЭМГ-ын хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга А.Амартүвшин нарыг ажлаас чөлөөлжээ.

Уг хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байна.


ДУНД ШАТНЫ ЯЛЗРАЛ

Долдугаар сарын 3-нд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Энэрэл” эмнэлгийн гадаа нэгэн иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан эмгэнэлт хэрэг явдал гарсан. Талийгаач Р нь Баянзүрх дүүрэгт хаягтай Чингэлтэй дүүргийн 6-р хороонд түр оршин суудаг байжээ. Тэрээр гэртээ түргэвчилсэн оношлуураар өөртөө сорил тавьж хариу нь эерэг гарсан тул түргэн тусламж дуудан үзүүлсэн байна. Түргэн тусламжийн эмч үзээд харьяа дүүргийн эмнэлэгтээ хандан үзүүлэхийг зөвлөөд орхиж явсан байна. Иргэн Р нь БЗД-ийн эмнэлэг дээр очиход харьяаллын бус гэсэн шалтгаанаар хүлээж авалгүй үүднээсээ хөөжээ. Иргэн Р нь арга ядахдаа харьяалалгүй иргэдийг хүлээн авдаг гэх Энэрэл эмнэлэгт үзүүлэхээр очоод эмнэлгийн тусламж авч чадалгүй нас баржээ.

Энэ эмгэнэлт явдлын мөрөөр шалгаж тодруулахад Нийслэлийн эрүүл мэндийн газрын харъяа Түргэн тусламжийн 103 алба, БЗД-ийн эмнэлэгийн удирдлагууд, ажилтнуудад хариуцлага тооцож, албан тушаалаас чөлөөлөх арга хэмжээ авлаа гэв. Түргэн тусламжийн 103 төвийн захирал Ц.Пүрэвдаш, НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, Энэрэл эмнэлгийн дарга А.Амартүвшин нар албан тушаалаасаа чөлөөлөгдлөө. Нэр дурдсан албан тушаалтнууд эрүүл мэндийн салбарт олон жил үр бүтээлгүй шигдсэн, эрх мэдэлтнүүдийн шахалтаар томилогдсон этгээдүүд ажээ. Жишээ нь, НЭМГ-ын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр нь гэр бүлийн хүн Б.Батбаярыг хотын дарга байхад ашиг сонирхлын зөрчилтэйгээр томилогдсон. Эрүүл мэндийн салбарын удирдлагууд удаа дараа өөрчлөх гээд чадаагүй хүн байх юм. Түргэн тусламжийн 103 төвийн Р.Пүрэвдаш нь тэтгэвэрийн нас болсон ч албан тушаалдаа шигдэн хоргоддог бол Н.Амартүвшинг “Энэрэл” эмнэлэгийн даргаар томилоход хуучин хотын дарга биечлэн нөлөөлж байжээ.

Яаралтай тусламжийн төв 103, Энэрэл эмнэлэг, дүүргийн эмнэлэг нь яаманд захирагддаггүй, Нийслэлийн эрүүл мэндийн газрын шууд удирдлагад багтдаг юм байна. Дунд шатанд үүрэлсэн эдгээр дарга нар нь аль ч засгийн үед сайдын үгэнд бус дүүрэг, хотын даргын заавраар ажлаа хийсэн дүр эсгэсээр иржээ. Дунд шатны угжирсэн, олон жил дарга хийсэн чадваргүй, сэтгэлгүй дарга нарын ажлын гор нь өнөөдөр ийнхүү эрдэнэт хүний амь насаар төлөгдөж байна.

Хэдийгээр хэсгийн ахлагчийн мэдээллээр иргэн Р уушигны хатгаатай гэсэн рентген оноштой, олон өдөр дараалан архидан согтууруулсан, бүртгэлээ зохих ёсоор хийлгээгүй, бичиг баримтгүй байсан зэрэг хүндрүүлэх шалтгаан гаргасан ч энэ бол Нийслэлийн эрүүл мэндийн салбарт үүрлэсэн, олон жил бугшсан МАФИЖСАН бүтэц, эрүүл мэндийн үйлчилгээний хурд, чанар чадавхийг танил тал харж хийсэн томилгоогоор сулруулснаас үүдэлтэй эмгэнэлт хэрэг юм.

БЗД-ийн нэгдсэн эмнэлэг дээр тусламж авахаар ирсэн иргэдийг чирэгдүүлсэн, хохироосон явдал удаа дараа гарч байна. 2001 онд дүүргийн эмнэлэгийг менежментийн хувьчлалаар хувьчилснаар иргэдэд ээлгүй байдал үүсжээ. Тийм учраас энэ эмнэлгийн хувьчлалыг эргэн харах, гэрээг дүгнэх, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах ч шаардлага үүсэхээр байна. Иргэн Р-ийн амь насаа алдсан хэрэгт Баянзүрх дүүргийн эмнэлгийн шууд буруутай үйл ажиллагаа гол нөлөө үзүүлсэн гэдгийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлага мэдээлэл хийхдээ тодотгожээ. Цар тахлын онцгой энэ үед харьялал харгалзахгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх заавар, зөвлөмж, тушаал байсаар байтал үл хайхарч, өөрсдөөсөө зайлуулсан нь хууль зөрчсөн хэрэг гэж болно. Тус эмнэлгийн зүгээс яаралтай арга хэмжээ авсан бол иргэн Р өнөөдөр амьд сэрүүн байх боломжтой байлаа. Иргэн Р-ийн амь насаа алдсан эмгэнэлт явдлыг Баянзүрх дүүрэгт дахин давтахгүйн тулд тус эмнэлгийн хувьчлалыг эргэн харж, удирдлагыг сольж, үйл ажиллагааг шинэчлэхээс өөр гарц байхгүй ээ.

Энэ эмгэнэлт явдлын цаад угт эмнэлэгийн ажилтнууд үүргээ бүрэн ухамсарладаггүй, онцгой нөхцөлд ажиллах дүрэм журмыг сахиж,мөрддөггүй, эмнэлэгүүд иргэдийг чирэгдүүлж хоорондоо шидэлцэн хугацаа алддаг, хариуцлагаас зайлс хийж, нэгэн рүүгээ чихдэг, тусламж авахаар ирсэн хүнд яаралтай үйлчилгээ үзүүлэхийн оронд бүртгэл, бичиг цаасыг чухалчилдаг гэх мэт хариуцлагагүй байдал даамжирсан явдал бий. Эмнэлэг, эрүүл мэндийн салбарт яаралтай шинэчлэл хийж, хүний нөөцийг чадваржуулах, хариуцлагыг дээшлүүлэхгүйгээр хүн ардад эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай, хүндрэлгүй хүргэх боломж хомс байх нь энэ хэрэг явдлаас тодорхой боллоо. Эрүүл мэндийн сайд одоо зоригтойгоор хүний нөөцийн шинэчлэл хийх, төрийн дунд, доод шатанд бугшин ужгирсан МАФИЖСАН бүтцийг задлах шаардлагатай байна.

МАФИЖСАН бүтэц ажлын хариуцлагыг умартсны гуайгаар Эрүүл мэндийн холбогдолтой төрийн хууль тогтоомжууд газар дээрээ хэрэгжихгүй байх нь түгээмэл болжээ. Яаралтай тусламж шаардлагатай иргэнд харьяалал харгалзахгүйгээр үйлчлэх эрхийг хуулиар олгосон. Гэтэл иргэн Р-ийн харьяа эмнэлэг рүүгээ яв, нэр нь алга, улаан бүсийн, зорилтот бүлгийн эмнэлэг гэхчилэн шалтаг тоочиж, хүнд суртал гаргасан нь хуулийг ноцтой зөрчсөн хэрэг юм. Ийм байдлаар ДУНД ШАТНЫ МАФИЖСАН бүтэц иргэдийн амь нас, эрүүл мэндэд халдсаар байх уу?

Аливаа асуудлын шийдэл нь үргэлжид хүн, хүний нөөцийн чадавхи байдаг. Эрх мэдэлтнүүдийн шахалт, нөлөөллөөр томилогдсон хүний нөөц эрүүл мэндийн салбарын доройтуулж, ялзруулж байгаад анхаарах цаг болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *