Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өршөөл үзүүлэх тухай хууль баталлаа

Өршөөл үзүүлэх тухай хуулийг УИХ хаалттай горимоор хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд өршөөл үзүүлэх шийдвэр гаргах онцгой бүрэн эрх зөвхөн Улсын Их Хуралд хадгалагдана хэмээн заасан байдаг. Улсын Их Хурал 1991, 1996, 2000, 2006, 2009, 2015 онд нийт зургаан удаа Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан байна. Энэ удаагийн баталсан хууль нь долоо дахь удаагийн Өршөөл үзүүлэх тухай хууль гэдгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэмдэглэж байв. 1991 оны Өршөөл үзүүлэх тухай хуулиар нийт ялтны 27 хувь суллагдаж, 10 хувь нь эдлээгүй үлдсэн ялаасаа хасуулсан бол 1996 онд 3.3 хувийг суллаж, 0.4 хувь нь ялаа багасгуулжээ. 2000 онд 14.6 хувь нь суллагдаж, 13 хувь нь ялаасаа хасуулсан бол 2006 онд 30.8 хувь нь суллагдаж, 19.5 хувь нь ялын хугацааны хөнгөлөлт эдэлсэн байна. 2009 онд 31.9 хувь нь суллагдаж 10.8 хувь нь эдлээгүй үлдсэн ялаасаа хасуулж байсан, 2015 онд нийт ялтны 54.9 хувь нь Өршөөл үзүүлэх тухай хуульд тус тус хамрагдаж байсан ажээ.

Энэ удаагийн хуулиар 3.6 хувь нь суллагдаж, 8.9 хувийнх нь хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, 4.5 хувийнх нь хорих ялаас хоёр жилийг хасахаар төсөлд тусгасан байсан ба зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураасны эцэст эдгээр тоо нэмэгдэж байгаа аж.

Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж байгаа нь хүнэлэг, энэрэнгүй байх Үндсэн хуулийн зарчмыг баримталж байгаагийн илрэл гэв. Энэ бол энэрэнгүй ёсны хууль зүйн зарчим аж. Төр иргэндээ гэмт хэрэг үйлдсэний төлөө хуулийн дагуу ял шийтгэл оноодог, бас уучлан өршөөдөг ёсыг хэрэгжүүлсэн болохыг Г.Занданшатар дарга тэмдэглэн хэлсэн. Хорих ялаас суллагдсан болон өршөөлд хамрагдсан нийт иргэд төрийн өршөөлийг дааж, хуулиа дээдэлж, хуулийн дор амьдрах үүрэгтэй гэдгийг сануулсан.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас гаргасан КОВИД-19 цар тахлын үед төр засгийн зүгээс иргэний эрх чөлөөг хасах, цагдан хорих явдлыг аль болох багасгах, хорих байгууллагуудад хоригдож байгаа хоригдлуудын тоог бууруулах, хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулах, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болон өндөр настан, суурь өвчтэй хүмүүс, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг өршөөн уучлах уриалга гаргасан бөгөөд энэхүү уриалгыг манай улс хэрэгжүүлж Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан гэв.

Хорих анги, байгууллагуудад олон хүн байх нь КОВИД-19 цар тахал тархах нөхцөл болж, эрхээ хасуулсан ч гэлээ иргэн хүн амь насаа алдах эрсдэл үүсэж байгааг мөн харгалзсан байна. ХЭҮК-оос цар тахлын үед хорих ял эдэлж байгаа 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй, хөхүүл хүүхэдтэй, хөгжлийн бэрхшээлтэй, өсвөр насны хүмүүсийг үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, ял эдэлсэн хугацаа, хүмүүжил зэргийг харгалзан өршөөл үзүүлэх асуудлыг судалж шийдвэрлэх саналыг Улсын Их Хурал, Засгийн газарт гаргасан байна. Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жил гээд түүхэн тэгш ой тохиож байгааг харгалзан энэхүү Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталж байгааг онцоллоо.

Нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд ФАТФ буюу олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага, Европын холбооны өмнө Монгол Улсын хүлээсэн үүргийн дагуу мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, татвар төлөхөөс зайлсхийх, хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргүүдийг өршөөлд хамруулаагүйг мэдээллээ. Түүнчлэн хүчиндэх, авлига албан тушаалын гэмт хэрэг болон нийгмийн анхаарлыг татаж байгаа олон зарим төрлийн гэмт хэргийг өршөөлийн хуулиас хассан байна. Үүнтэй зэрэгцүүлэн Улсын Их Хурлаас дагалдан гарах тогтоолын төслийг батлана гэдгийг танилцуулсан.

Хууль зүйн байнгын хороо Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үеэр хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах солих санал дэмжигдсэнтэй холбоотойгоор Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна. Гишүүдийн олонх дэмжсэн тул Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *