Коронавирусийн “Дельта” хувилбар тархсан улс орнуудын тоо 98 болсон тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус мэдээлэв.
“Бид “COVID-19” цар тахлын маш аюултай үеийг туулж байна. Олон оронд давамгай тархаж буй “Дельта” гэх мэт илүү халдвартай хувилбарууд байдлыг улам хүндрүүлж байна” гэж тэрбээр мэдэгджээ.
Түүний хэлснээр, “Дельта” хувилбар хэдийнэ 98 улсад бүртгэгдсэн бөгөөд уг хувилбар вакцинжуулалт эрчимтэй явагдаж буй улс орнуудад төдийгүй доогуур үзүүлэлттэй орнуудад ч тархаж байна.
Ийм үед вирусний тархалтыг хумих, хүний амь насыг аврах, эдийн засгаа сэргээх хамгийн сайн арга бол вакцинд хамрагдах юм гэж Гебрейесус онцлон тэмдэглэжээ.
“Нэг жилийн дотор хүн амынхаа 70 хувийг COVID-19-ийн эсрэг вакцинд хамруулахын тулд хамтран ажиллахыг би дэлхийн улс орнуудын удирдагч нарт уриалсан” гэж ДЭМБ-ын тэргүүн хэллээ.
Тэрбээр мөн эрүүл мэндийн салбарын ажилтнууд, эмзэг бүлгийн хүмүүсийг хамгаалахын тулд, мөн цар тахлын хамгийн хурц үеийг даван туулахын тулд хүн амынхаа дор хаяж 10 хувийг есдүгээр сар гэхэд вакцинжуулахыг улс орнуудад уриалсан байна.