Categories
амьдралын-өнгө мэдээ

Өнөөдрийн байдлаар наадам тэмдэглэхгүй 12 аймаг байна

Өвөрхангай, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Орхон аймагт энэ жил наадам тэмдэглэхгүй байх шийдвэр гараад буйг мэдээлсэн.

Тэгвэл өнөөдрийн байдлаар долоон аймаг наадам тэмдэглэхгүй байх шийдвэр гаргажээ. Тодруулбал,

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ “Монгол улсын Засгийн газрын Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2021 оны наймдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан тогтоолын дагуу Булган аймгийн Засаг дарга, түүний Тамгын газрын зүгээс өнөө жилийн аймгийн баяр наадмыг зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргалаа. Бид баяр наадмын зардлаа цар тахлын эсрэг үйл ажиллагаанд зарцуулах болно.
Өөрсдийн эрүүл мэндийг умартан өдөр шөнөгүй ажиллаж буй эмч, эмнэлэгийн ажилтанууд, аймгийн Онцгой комиссын бие бүрэлдэхүүн, төрийн албан хаагчид та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. “Эрүүл явбал ирэх жилийн наадам үзнэ” гэдэг эртний сайхан үгээр ард иргэд та бүхэн минь өөрсдийн эрүүл мэндийг сайтар хамгаалж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлаарай” хэмээжээ.
Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Идэрбат “Аймгийн хэмжээнд Үндэсний их баяр наадам тэмдэглэхийг хориглох тухай захирамж гарлаа.
Аймгийн баяр наадамд зориулсан хөрөнгийг “Зүрх мартахгүй” төслийн зүрхний хагалгаанд хамрагдах аймгийн хүүхдүүдийн зардалд шилжүүлэх асуудлыг аймгийн ИТХ-д уламжлан шийдвэрлүүлэхийг ЗДТГ-ын СТСХ-ийн дарга С.Нямдаваад, сумын баяр наадмын зориулсан хөрөнгийг коронавируст халдварын голомтыг цомхтгох арга хэмжээний зардалд шилжүүлж, зарцуулах талаар төсвийн төсөлд өөрчлөлт оруулах санал боловсруулан сумын ИТХ-д уламжилж шийдвэрлэхийг сумдын Засаг дарга нарт тус тус даалгасан” гэжээ.
Архангай аймгийн хэмжээнд сумдын баяр наадмыг тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэж, “Сумдын баяр надмын тов тогтоох тухай” зургаадугаар сарын 22-ны А/322 тоот захирамжийг хүчингүй болгожээ. Иймд уяачид ард иргэд та бүхэн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ цаг хугацаанд мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг чанд мөрдөж ажиллаж амьдрахыг ЗДТГ-аас нь уриалсан байна.
Завхан аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргалын захирамжаар аймаг, сумын баяр наадам, уул, овооны тахилга, тэмдэглэлт ой, хурдан морины уралдаан зэрэг нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх шийдвэр гаргажээ.
Түүнчлэн баяр наадамд төсөвлөсөн зардлыг эрүүл мэндийн салбарт зарцуулахаар шийдвэрлэсэн байна.
Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил “Сэлэнгэ аймаг есдүгээр сарын 1-н хүртэл ямар нэг ой баяр наадам тэмдэглэхгүй. Өнөөдөр/2021.06.30/ АОК-ийн хурлаар эцэслэн баталж, бусад шийдвэрүүдийг мөн гаргана” хэмээсэн байна.
Баянхонгор аймгийн Онцгой комиссоос баяр наадмын арга хэмжээг зохион байгуулахгүй, тэмдэглэхгүй байхыг сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт чиглэл болгожээ.
Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат “2021 оны долоодугаар сарын 1-ний өдрийн А/243 дугаар захирамжаар цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан аймаг, сумын баяр наадмыг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэлээ. Наадам зохион байгуулах төсөв 70.1 сая төгрөгийг цар тахлын эсрэг бүрэн зарцуулна” хэмээн хэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *