Эрүүл мэндийн салбарын ажилчид цалингаа хоёр дахин нэмүүлэхийг шаардаж Төв талбайд суулт зарлав.
Монголын эрүүл мэндийн ажилчдын үйлдвэрчний холбооны дарга Х.Ариунаа “Монголын Эрүүл мэндийн салбарын 56,000 эмч, эмнэлгийн ажилчдыг төлөөлөн бид энд сууж байна.
Бид ХНХ-ын сайд, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайд болон Засгийн газарт эрүүл мэндийн ажилчдын цалин хөлсийг хоёр дахин нэмэгдүүлэх шаардлагыг хүргүүлсэн ч өнөөдөр нэг ч байгууллагаас эргэж хариу өгөөгүй. Тиймээс бид шаардлагынхаа хариуг нэхэж байгаа юм.
Цар тахлыг дарах гэж эмч, эмнэлгийн ажилчид хоёр жил гаруй амралт, баяр ёслолыг мэдрэхгүйгээр сөхөртлөө ажиллаж буй.
Бид энэ хугацаанд төр засгийн бодлого шийдвэрийг хуулийн дагуу биелүүлсээр ирсэн ч өвчлөл ихсэхийн хэрээр үнэхээр туйлдаж байна.
Өнөөдөр эрүүл мэндийн салбарын ажилчид цар тахлын вирусээр олноор өвчилж, хүний нөөцийн хомсдолд орсон.
Түүнээс гадна, манай салбарын ажилчдын 90 гаруй хувь нь цалингийн зээлтэй. Гэтэл коронавирусээр өвчлөөд эмээ ч авч чадахгүй байдалд хүрлээ.
Эрүүл мэндийн ажилчид дэлхийн түвшний эрүүл мэндийн тусламжийг үзүүлж чадаж байгаа ч бусад улс орны жишгээс 8-10 дахин бага цалин авч байгаа.
Бид нэг удаагийн тэтгэлэг хүсээгүй бөгөөд өөрсдийн хийж буй ажил, хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэхийг л хүсэж байна.
Засгийн газар халдварын улаан түвшинд ажиллаж байгаа 13,000 эмч эмнэлгийн ажилчид гэж ярьж байгаа ч өнөөдөр Монголд Ковидгүй эмнэлэг гэж байхгүйг ойлгох ёстой.
Бид цалин хөлсөөрөө өдөр тутмын наад захын хэрэгцээг хангах хэмжээнд байж, ар гэртээ санаа зовохгүйгээр хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үүрэгтэй.
Бид өмнө нь ч иргэдийнхээ амь насыг хамгаалахын төлөө зүтгэсээр ирсэн. Цаашид ч бүхий л хүч чадлаа дайчлан ажиллана гэдгээ хэлье” гэлээ.