Хэдхэн хоногийн өмнө төв талбай дээр болсон үйл явдал олон хүний зүрхийг шимшрүүлж, бас гайхшийг барж, дургүйг нь хүргэлээ. Аймшигт цар тахлын улмаас цаг бусаар тэнгэрт одсон дотны хүмүүсийнхээ төлөө зул өргөхөөр төв талбай дээр очсон энгийн хүмүүсийг цагдаа нар ичгүүргүйгээр хөөж туув. Зулыг нь булааж аваад, муур багш шиг л элдэн хөөв. Зэвсэгтэй өдөөн хатгагчдыг баривчилж байгаа мэт, жагсаал цуглаан тарааж байгаа мэт хэтэрхий сүржин авирлалаа, цагдаа нар. Уг нь хүмүүс увж цувж ирээд зулаа өргөж эмгэнэлээ илэрхийлчхээд явж байсан юм.
Монголчууд бид талийгаачдынхаа араас гашуудаж болохоо байчихжээ. Төрийн цагдаа нь ирээд “Яасан их гашууддаг юм” гээд хөөж байна. Үйлдлийг нь харахад “Тэдний хойноос гашуудах юу байсан юм. Тэд хэн юм үхээ л биз” гэсэн агуулга харагдаж зүрх зүсэв. Монгол угсаатны хувьд нас барагсдынхаа араас зул өргөх нь хамгийн том хүндэтгэл, харамсал гашуудлаа хагаслах, хойдын зам мөрийг нь гэрэлтүүлэх итгэл найдвар, сүүлчийн ёслол нь байдаг юм. Зул өргөж тайтгардаг, зул таслалгүй харамслаа хагасладаг ард түмэн. Угсаатны хувьд ийм эрхэм ёслолыг нь юман чинээ тоолгүй цагдаа нар эр бяраа гаргав. Ингэхэд тэд нар монгол хүн мөн үү гэж бодоход хүрэв. Цагдаа нар ард түмнээ бага багаар дээрэлхсээр байгаад угсаатных нь ёс жаяг, дэг ёсыг өшиглөж унагатлаа галзуурчээ. 1937 онд л ийм байсан гэдэг. “Ногоон малгайт”-нуудын гардан эхлүүлсэн ийм бараан сүүдэр олон жил үргэлжилж, Монголын сортоотой болгоны толгойг залгиж байж намдсан гэдгийг гэрчлэх буурлууд эсэн мэнд сууж байна.
Монголчууд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсах цуглах эрхээ Үндсэн хуулиар баталгаажуулсан. Үүнийг хаанахын ямар ч хуулиар зохицуулж өөрчилдөггүй. Эрх баригчид өөрсдөдөө ашигтайгаа баталсан Ковидын түр хуулиа л өмнөө барих биз. Гэхдээ юу л хийнэ, ум хумгүй ард түмнээ баривчилдаг, айлган сүрдүүлдэг төр байж болохгүй. Үндсэн хуулийн язгуур эрхэнд хэн ч халдах ёсгүй. Цагдаа нарын ийм дээрэнгүй үйлдлийг одоо даруйхан зогсоож, хуулийн хүрээнд нь ажиллуулахгүй бол цаашид цагдаагийн хүчирхийлэл дийлдэхгүй. Зул өргөх байтугай цагдаа зөрөөд өнгөрөхөөс чичрэм хатуу өдрүүд энүүхэнд иржээ. Уг нь бол бидний л аавууд, хань нөхөр, найз нөхөд, үр хүүхдүүд маань тэнд ажилладаг биш билүү. Хамаг бүхэн цөхөрч, халуун итгэл шархирсан хар дарсан их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд ч монголчууд монголчуудаа л мөшгин хөөж, буудан хороож байсан билээ. Тэр цаг ирчихсэн мэт санагдах боллоо, цагдаа хүчнийхний энэ дээрэнгүй авирыг харж байхад.
Ковидын үед Монголд цагдаагийн вант улсынхны байшин барилга, бизнес шиг цэцэглэн өргөжсөн юм алга. Хатуу хөл хорионы үеэр хаана барилга барьж байна, цагдаагийн нэг хурандаагийнх байдаг. Баар, сав, дэлгүүр хоршоо, үйлчилгээний газрууд ажиллаж байвал цагдаагийн том албан тушаалтных байдаг. Бүгд мэддэг ч хэн ч халдаж чаддаггүй. Хэн машин унаатай давхиж байна тэр л цагдаа юм уу цагдаагийн ах дүү, амраг садан байдаг байв. Монголд хамгийн эрх мэдэлтэй хүмүүс бол цагдаа нар. Улаанбаатарын хамгийн тохилог, тансаг, өөдтэй өнгөтэй шинэхэн харшууд цагдаа, тагнуул, прокурор гээд хүчний байгууллагынх. Гайхаад байх юм байхгүй ээ, тэд хүчтэй, эрх мэдэлтэй, мөнгөтэй. Хөөрхий, дэргэд нь ядарсан ардын үйлчлүүлдэг эмнэлгийн яйжиг барилгын хаалга нь салхинд салж унангаа алдаж, ханын будаг нь халцарч холцорч бартаантан ялгарч харагддаг юм.
Цагдаа ард түмнийхээ төлөө ажилладаг гэсэн ойлголт маань өнөө үед эсрэгээрээ болжээ. Хаана баривчилгаа болно, хаана энгийн иргэдээ хааж боож байна тэнд цагдаа л манаргаж явдаг бол. Манаргах манаргахдаа маниусынхаа эсрэг ажиллаж явна. Цагдаа нарыг хамгийн их турхирч чиглүүлж байдаг газар бол яах аргагүй эрх баригч нам. Намын дор цагдаагийн эрх мэдэлтнүүдийн бүхэл бүтэн бүлэг байдаг. Намын удирдлагууд өөрсдийн ууж идсэн, хулгайлж луйвардсан бүхнээ далдлах, өөрсдийг нь шүүмжилж илчилсэн бүхнийг айлгахын тулд цагдааг өмнөө бариад турхирч байдаг. Тэд юу гэнэ, цагдаа тэр дагуу үйлдэл хийж байна. Ард түмнээсээ сонгогдсон эрх баригчид ард олныхоо эсрэг тэднийг хурцалж байна. Ийм ар талтай цагдаагийн хөлд ард түмэн үрэгдээд дуусах нь. Ардчилсан хүчин, бусад чөлөөт үзэлтэй улстөрийн намууд өнөөдрийн тогтоод байгаа цагдаагийн засаглалд анхаарлаа хандуулж, хууль журмын дагуу ажиллуулахыг шахаж шаардах ёстой. Тэд даргын үгийг биш хуулиа дагадаг, хуулиа мөрддөг болох хэрэгтэй байна. Даргын үгээр яваад буруутсан жишээ нэг их холоос хайлтгүй. 2008 оны долоон сарын нэгэнд яасан билээ. Тэд даргын тушаалаар яваад буруудаж шоронд орсон нь саяхан. Тэгэхэд хуулиа мөрдсөн бол ийм явдал болж таван сайхан залуу амь насаа алдаж, дарга удирдлага нь шоронд явахгүй байсан. Тиймээс цагдааг зөвхөн хууль дагадаг болгоход сургах хэрэгтэй байна. Үүнийг эрх барьж байгаа намаас бусад нам хөдөлгөөнүүд шаардаж сурах хэрэгтэй. Ард түмэн сонор соргог байж хууль зөрчсөн алхам бүрийг илчлэн хуулийг сахиулахыг шахах ёстой. Энэ талаар өдөр бүр, цаг минут тутам марталгүй анхаарч, шахаж шаардаж байж бид энэ их дарамт, айлгалт, баривчилгаанаас салж чадна. Өнөөдөр биднийг талийгчдынхаа араас зул өргөлөө гэж цагдаа баривчилж байна. Өөрсдийгөө эрх чөлөөтэй, ардчилсан орны иргэд гэх бид энэ цагт “ногоон малгайт”-ны сургаар бурхнаа нууж, зулаа чимхдэг болох нь ээ.