УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
Мэргэжлийн боловсролын тухай хуулийг ХНХЯ оруулж ирж байгааг ойлгохгүй байна. Боловсролын шинэчлэл хийхээр байнгын хороо, УИХ ажиллаж байгаа. Хөдөлмөрийн яам чинь Боловсролын яам болчихсон юм уу. Засгийн газар дээр та нар яаж ярьсан юм бэ. Багш бэлтгэх бодлого нь хаана байна. Ганц салбарын амбицаар ийм хууль оруулж ирж байгааг ойлгохгүй байна. Боловсролын асуудлыг яагаад хөдөлмөр, халамжийг яам боловсруулаад байгаа юм бэ.
Мэргэжлийн сургалтын асуудлыг ХНХЯ-нд харъяалуулснаас болоод энэ салбар дампуурсан. Дарханы мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн гурван төвд гурвууланд нь гагнуурчны анги байдаг ч анги нь дүүрдэггүй. Тэнд суралцагчид сар бүр 200 мянган төгрөг аваад байдаг. Үүнийг халамжийг байгууллага болгож хувиргаснаа мэдэх үү.
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа: Мэргэжлийн сургалтын байгууллага хуулийн дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд харьяалагддаг. Бид хуулийн дагуу салбарынхаа хуулийг оруулж ирж байгаа юм. Мэргэжлийн сургалтын байгууллага Боловсролын яаманд байх уу, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд харьяалагдах уу гэдэг маргаан байсаар ирсэн. Үүнийг нэгдсэн нэг бодлогоор шийдэх ёстой.
Мэргэжил, ур чадвар эзэмших гэдэг нь хөдөлмөрийн зах зээлтэй яалт ч үгүй холбоотой. Тиймээс манай яаманд байдаг юм. Салбарын сайдын хувиар хэлэхэд, эхлээд энэ хуулийн хэлэлцэх эсэхийг шийдээд дараа нь Боловсролын багц хуультай уялдуулах боломжийг судлах нь зүйтэй болов уу.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Монгол Улсын Засгийн газар кабинетын зарчмаар ажилладаг. Засгийн газраас дэмжлэг авсан боловсролын дөрөв, мэргэжлийн сургалтын нэг, нийт таван хууль УИХ-аар хэлэлцэгдэх ёстой.
Эдгээр хуулийн Засгийн газраас өргөн барьсан гэж ерөнхийд нь харах хэрэгтэй болов уу. Боловсролын ерөнхий хуульд Монгол Улсын боловсролын салбарын тогтолцооны асуудлыг тусгасан. Үүнд сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсрол гэдэг тогтолцоотой байна гэдэг зарчмыг бид өргөн барьсан.
Ийнхүү санал хураалтад оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй учир Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаав.