Categories
мэдээ улс-төр

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медалийг Ерөнхийлөгчийн зарлигаар олгоно

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Монголчууд 2021 онд Ардын хувьсгалаа ялалтад хүргэж, үндэсний төр, засгаа дахин сэргээж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо бататган бэхжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, үндэсний дэвшилд хүрэх их үйлсийг эхлүүлсэн нь ХХ зууны монгол түмний гардан хийсэн түүхэн, онцлох үйл хэрэг билээ. Иймээс Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монголын ард түмний хүсэл зориг, эв нэгдэл, хичээл зүтгэл, үйл хэргийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, энэхүү түүхэн үйл хэргийн төлөө ажил, амьдралаа зориулсан хүмүүсийг шагнаж урамшуулах, алдаршуулах шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

Тогтоолын төсөл нь 3 заалт, 2 хавсралттай бөгөөд Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгож, медалийн тодорхойлолт, загвар, олгох журмыг батлахаар тусгасан байна. Хүндэт медалийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгох аж. Урьд нь 2001, 2011 онуудад УИХ-аас тогтоол гаргаж, Ардын хувьсгалын 80, 90 жилийн ойд зориулсан хүндэт медаль бий болгож байжээ.

Байнгын хороо тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулах үед олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг нэмж тусган, эцсийн хувилбарыг боловсруулж гишүүдэд тараасан байна. Төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны танилцуулгыг нэгдсэн хуралдаанд оруулахаар тогтлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *