Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны тавдугаар сарын 25-ны өдөр зарлиг гаргаж, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээний “Анчин бүргэд” ХХК-ийн ерөнхий захирал П.Мэргэнийг Монгол Улсын Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасныг 2021 оны зургадугаар сарын 24-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир гардууллаа. Түүний Монгол Улсын аялал жуулчлалын салбар, хоёр улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа болон хүн амын эрүүл мэндийн харилцаа зэрэг нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж ийнхүү төрийн дээд шагнал олгожээ.
Шагналаа гардаж авсных нь дараа “Анчин бүргэд” ХХК-ийн ерөнхий захирал П.Мэргэний сэтгэгдлийг сонслоо. Тэрээр “Би Монгол Улсад 1992 оноос хойш 29 дэх жилдээ ажиллаж байна. Монголын аялал жуулчлал, гадаад харилцаа, хүмүүнлэгийн салбарт оруулсан хувь нэмрийг маань үнэлж энэ нэр хүндтэй шагналыг гардуулсанд баяртай байна. Гэхдээ энэ бол зөвхөн миний хөдөлмөрийг үнэлж байгаа хэрэг биш юм. Надтай хамтран ажилладаг бүх хүний хүчин чармайлтын үр дүнд бий болсон бидний амжилтыг үнэлж буй хэрэг гэж хүлээж авч байна. Олон хүний хүчин чармайлтын ачаар Ерөнхийлөгчийн гарын үсэгтэй ийм нэр хүндтэй шагнал хүртлээ. Шагнал хүртэх мөчдөө салбартаа болон нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрээ улам батжуулна гэж бодож зогслоо. Мэдээж энэ бүхнийг би ганцаараа хийж хүчрэхгүй. Миний ард “Анчин бүргэд” ХХК-ийн хамт олон бий. Мөн бидэнд тусалж дэмждэг ЭСЯ-наас эхлээд БНХАУ-ын ӨМӨЗО-ы удирдлага, Улаанцав хот, Бугат хот, Шилийн гол аймгийн удирдлага, бизнес эрхлэгчид, жирийн малчин ард гээд асар олон хүний хичээл зүтгэл, сэтгэл байгаа. Тийм учраас цаашдаа илүү их хувь нэмэр оруулж, хүчин чармайлт гаргах болно гэж амлаж байна. Энэ үйл явдал зөвхөн миний бизнесийн замнал төдийгүй амьдралд маань тохиолдсон маш том үйл явдал боллоо. Үнэхээр нэр хүндийн хэрэг байлаа” гэв.
П.Мэргэн захирал Монголын аялал жуулчлалын салбарт тэргүүлэгч компанийн удирдлагын хувьд байгальд ээлтэй ногоон технологийн хамгийн сүүлийн үеийн шийдэл бүхий аялал жуулчлалын цогцолборыг байгуулан Монголын болон гадаадын хэрэглэгч, жуулчдад хүргэх, нутагшуулах талаар томоохон ажлуудыг эхлүүлсэн юм. Түүнчлэн БНХАУ, Монгол улсын аймаг, хотуудын хоорондын харилцаа, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн салбарт санаа тавин Монгол-Өвөрмонголын Бизнесийн ерөнхий холбооны дэд Ерөнхийлөгч, Монгол дахь Улаанцавын бизнесийн холбооны Ерөнхийлөгч зэрэг сонгуульт ажлыг гардан хийж, хөрөнгө оруулагчдыг манлайлан удирдаж байна.