Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

О.Амартүвшин: Худалдааны яамгүй байж худалдааны хууль ярих нь учир дутагдалтай

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.


-Худалдааны хуулийн төслийн талаар яриад эхэллээ л дээ. Энэ төсөл дээр МҮХАҮТ-ын буюу бизнес эрхлэгч, хувийн хэвшлийнхний зүгээс байр суурь, шийдлээ санал болгосон уу?

-Бид ирэх долоо хоногийн лхагва гаригт яг наад асуудлаар чинь хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөж байна. Тэр үеэр санаа оноогоо солилцож ямар саналууд тусгахаа шийднэ. Өөрөөр хэлбэл, Худалдааны хуулийн төслийн тухай тэр үед илүү тодорхой байр суурь хэлэх боломж гарч ирнэ. Худалдааны хуулийн төслийг хэлэлцэхийн өмнө анхаарах нэг зүйл бий. Эхлээд Худалдаа, эдийн засгийн яамтай болох хэрэгтэй. Худалдаа хариуцсан яамтай болж байж Худалдааны хуулийн төслийг цогцоор нь харж чадна. Өнөөдөр худалдааг хариуцдаг тусдаа яам, газар гэж алга.

-Худалдааны яамтай байх зайлшгүй шалтгаан үнэхээр байна уу?

-Улс орнууд эдийн засгаа тэлэхийн тулд худалдааг өсгөх, дэмжих зорилготой байх ёстой. Манайд яг үүнийг юугаар яаж дэмжих, идэвхжүүлэх вэ гэдэг дээр тодорхой институци алга. ХХААХҮЯ мал, үр тариагаа л ярьдаг. Худалдааг хэзээ ч ярьдаггүй. Гадаад харилцааны яам элчин сайд, дипломат энэ тэрээ л ярьж байгаа харагддаг. Худалдааг ярьдаггүй. Ингээд харахаар худалдаа эзэнгүйдчихээд удаж байна л даа. Худалдааны яам гэж зайлшгүй байх ёстой гол шалтгаан нь энэ. Худалдааны асуудлыг хэн хөөцөлдөх вэ гэсэн асуултад өнөөдрийг хүртэл хариу алга. Худалдааны асуудлыг хувийн хэвшлүүд дангаараа хөөцөлдөнө гэсэн ойлголт байхгүй. Улс нь бодлогоороо дэмжих ёстой. Тэгж байж хөгждөг жамтай. Худалдаан дээр импорт, экспортын гаалийн тариф гэж зохицуулалт бол бий. Худалдааг анхаарах асуудал ингэсхийгээд дуусдаг. Худалдаанд тээврийн гэж маш том асуудал байгаа. Төр бодлогоор анхаарах ёстой. Гэтэл өнөөдөр Замын-Үүд дээр болж байгаа асуудлыг хар даа. Бие даасан Худалдааны яам байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Үүслээ гэхэд хариуцах эзэнтэй учраас цаг алдахгүй шийдэх боломж байсан.

-Худалдааны тухайд Гадаад харилцааны яам голлож хариуцаад байх шиг анзаарагддаг…?

-Гэхдээ Гадаад харилцааны яам дотоод худалдаанд оролцдоггүй. Гадаад худалдаагаа харилцдаг ч гэлээ бас учир дутагдалтай зүйл их бий. Японтой байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дараахан бидэнд ашигтай шийдвэр боллоо гэж олзуурхаад байсан даа. Хэлэлцээр байгуулагдаад таван жил болоход Японоос манай улс руу орж ирэх импорт асар их хэмжээгээр нэмэгдсэн. Гэтэл манайхаас Япон руу гарсан экспорт буурсан байх жишээний. Уг нь бид худалдааны бодлогоо дотоодын үйлдвэрлэлтэйгээ уялдуулах ёстой. Гадаад харилцааны яам энэ бүх асуудлаас хол байгууллага. Тэгээд л өөрсдийнхөө талд алдаатай шийдвэр гаргачихаж байгаа юм.

-Тэгэхээр яамаа байгуулчихаад ямар хууль гаргахаа яривал зүгээр гэж үү?

-Зүй жамаараа бол тийм байх ёстой. Худалдааг гадаад талдаа Гадаад харилцааны яам мэдээд байгаа мэт харагдаж байгаа ч яг нарийндаа Гадаад харилцааны яаманд хийх өчнөөн ажил бий. Дотоод худалдаа гэдэг бол маш том ойлголт. Нарийн зохицуулалт шаардсан ажил шүү дээ. Наад захын жишээ гэхэд л сумын төвд хэчнээн дэлгүүр ажиллах ёстой гэх мэт жижиг сажиг асуудлаас эхлээд маш олон зүйл дээр зах зээлийн судалгаа тооцоотой, бүх зүйл нь тодорхой байх учиртай. Худалдаа тойрсон энэ мэт асуудлуудыг нэлээд өргөн хүрээнд харсан цахим форумыг МҮХАҮТ ирэх долоо хоногийн лхагва гаригт хийнэ.

-Худалдааны хуультай байх шаардлага байна уу даа гэсэн байр суурь ч мэр сэр сонсогддог. Таны яриаг сонсохоор тусгайлсан хуульгүйгээр салбар салбарт нь шингээгээд явахад хэцүү л юм байна?

-Зарим хүн заавал тухайлсан хууль шаардлагагүй гээд байгаа юм. Харин ч зайлшгүй шаардлагатай болчихоод байна л даа. Арилжааны гэх үү, худалдааны гэх үү гэсэн маргаан ч дуулддаг. Арилжаа гэж буулгах англи үгийг худалдаа гэж орчуулаад байгаа тал бий. Уг нь арилжаа гэдэг нь илүү өргөн хүрээг хамарсан утга. Гэтэл бид худалдааны хууль гэж ярьснаа, дахиад арилжааны хууль гэж тусдаа юм шиг хууль яриад байгаа юм. Нэгтгээд нэг ойлголттойгоор л явах ёстой байх. Бид Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсон. Маш олон үүрэг хүлээсэн байгаа. Гэтэл хүлээсэн үүрэг маань ихэнх тохиолдолд манайд саад тотгор болох гээд байдаг. Дотоодын зах зээлээ хамгаалаад гадагшаа экспортолъё гэхээр гаднаа хаалттай, дотроо нээлттэй болчихсон. Үүнийгээ өөрчилье гэхээр Дэлхийн худалдааны байгууллагад элссэн учраас гээд хоригт орчих гээд. Яг үнэнийг хэлэхэд дотоод зах зээлээ ч хамгаалж чадахгүй байна. Дотоод зах зээлээ хэн хамгаалах нь тодорхойгүй байна л даа.

-Тэгвэл худалдааны хуулийн төсөлдөө худалдаа тойрсон энэ мэт бүх асуудлаа зохицуулсан заалтуудыг цогцоор нь тусгаж өгмөөр юм байна даа?

-Эхний ээлжинд Хууль зүйн яаман дээр ажлын хэсэг гарч ажилласан. Миний хувьд тэр зүгээс боловсруулсан хуулийн төслийг өргөн барилаа гэж ойлгосон. МҮХАҮТ дээр Худалдааны бодлогын зөвлөл гэж бий. Зөвлөлөө шинэчилж, удирдлагыг нь сольсон. Хамгийн гол нь хуулийн судалгаа гэж байдаг. Бусад улс орны Худалдааны буюу арилжааны хуульд юуг яаж зохицуулдаг вэ гэдэг дээр харьцуулсан судалгааг нэлээд сайн хийх байх. Харьцуулсан судалгааг нарийвчлаад хийхээр, өнөөхөө дагаад өөрчлөх зүйлүүд ч гарч ирж таарна. Танхимын хувьд компаниудаас гаргасан саналыг нэгтгэх, хуульчдыг ажиллуулах гээд хийх ажил их бий.

-Худалдааны асуудлыг дээр хэлсэнчлэн яам бүр салбар салбараар нь хуваагаад авчихсан хариуцаж байна уу?

-Ер нь тийм. Бараг бүх яам худалдаа мэддэг. Ийм байж бид яаж худалдаа хийх вэ дээ.

-Худалдааны яам байгуулах саналыг танхимаас албан ёсоор тавьсан удаа бий юү?

-Бид байнга сануулж, санал хэлдэг. Социалист нийгэмд хүртэл Худалдааны яам байсан. Гэтэл өнөөдөр бид хуучин нийгмээс долоон дор нөхцөл байдалд аж төрж байна. Худалдааг либералчлалаа гээд компани, аж ахуйн нэгжийн асуудал шиг хаячихаж болохгүй. Өнөөдөр мах экспортолъё гэхэд л төрийн дөрвөн байгууллага хоорондоо зөрчилдөөд гацаачихдаг. ХХААХҮЯ дотоод худалдаагаа анхаардаг эсэх нь ч эргэлзээтэй. Анхаардаг байлаа гэхэд гадаад худалдаагаа орхигдуулчих гээд байна л даа. Гэтэл гадаад худалдааг нь гадаад яам мэддэг гэж би түрүүн хэлсэн. Энэ мэтээс харахад наад зах нь л хоёр яамны хооронд зөрчил үүсээд байгаа биз.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *