Categories
гадаад мэдээ

Цар тахал АНУ-ын дундаж наслалтыг хоёр гаруй жилээр бууруулжээ

Эрдэмтэд судалгаа явуулж цар тахал АНУ-ын дундаж наслалтыг хоёр гаруй жилээр бууруулсан гэдгийг харуулжээ. 2018 онд Америк иргэн дунджаар 78.7 жил байсан аж. Харин тоо баримт болон тооцоолол ашигласны үр дүнд 2020 онд АНУ-ын хүн амын дундаж наслалт 76.8 жил болсон гэдгийг илрүүлжээ. Энэ нь 1.9 жилийн бууралт юм. Үүнээс Латин болон Африк Америк гаралтай иргэдийн дундаж наслалт цагаан арьстай Америкчуудтай харьцуулахад хоёр дахин багассан байна.

Дундаж наслалт багассаны зарим хэсэг нь хорт хавдар, зүрхний өвчин, харвалт, чихрийн шижин, уушгины өвчин гэх мэт хүчин зүйлсээс болсон нас баралттай холбоотой аж. Гэвч өнгөрсөн жил АНУ-д “КОВИД-19”-ийн улмаас 347 мянган хүн нас барсан нь хамгийн их нөлөө үзүүлжээ. Судалгааг ахалж бичсэн доктор Стивен Вулф хэлэхдээ “Цар тахал эхлэхэд миний гэнэн таамаг бол дэлхийн хэмжээний тахал болж бүх улс цохилт амсана гэж бодсон явдал юм. Гэхдээ би АНУ цар тахалд ийм хүчтэй нэрвэгдэж, маш олон хүн амь насаа алдана гэж таамаглаагүй”хэмээжээ.

АНУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн тоо баримтаас харвал дэлхийн хоёрдугаар дайны үед, 1942-оос 1943 оны хооронд дундаж наслалт 2.9 жилээр буурсан аж. Үүнээс хойш дундаж наслалт нэг их уналтад ороогүй байна. Гэвч цар тахлын улмаас Америкчуудын дундаж наслалт хоёр гаруй жилээр буурчээ. Үүнийг маш олон жилийн турш тохиолдоогүй томоохон үзэгдэл хэмээсэн аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *