Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Шагдарсүрэн: Газар тариалангийн гол бүс нутагт хангалттай чийгтэй байлаа

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, цаг уурч, сэтгүүлч Д.Шагдарсүрэнтэй ярилцлаа.


-Энэ зуны тухайд хотын ойр орчимд хур тунадас элбэг байгаа ч баруун тал руугаа, тэр дундаа Завхан аймгийн зарим нутгаар ногооны гарц муу, гантай байна гэх юм. Ер нь энэ зуны тухайд нөхцөл байдал ямар байна вэ?

-Зуны тухайд зөвхөн хот орчим төдийгүй ер нь нутгийн зүүн хагастаа хур бороо ихтэй, ялангуяа газар тариалангийн гол бүс нутагт хангалттай чийгтэй байлаа. Цаг уур орчны шинжилгээний газраас 2021 оны зургадугаар сарын 18-ны байдлаар хөрсний 0-20, 0-50 см гүн дэх чийгийн нөөц буудай тариалсан талбайн хувьд Булганы Сэлэнгэ, Өвөрхангайн Хархорин, Сэлэнгийн Ерөө, Цагааннуур, Орхонтуул, Орхон, Баянгол, Дархан-Уулын Хонгорын 6 дугаар бригад, Алтангадас, Цайдамын талбай, Хөвсгөлийн Тариаланд хангалттай, Дорнодын Халхгол, Төвийн Угтаалцайдам, Эрдэнэсант, Увсын Баруунтуруун, Хэнтийн Гурванбаянд дунд зэрэг байна гэж мэдээлсэн байна.

Уринш болон гуурстай талбайд чийгийн нөөц Дархан-Уулын Хонгорын Алтангадас, Цайдамын талбай, Өвөрхангайн Хархорин, Хөвсгөлийн Тариаланд хангалттай байна.

Төмсний талбайн хувьд Өвөрхангайн Хархорин, Төвийн Баянчандмань, Жаргалант, Сэлэнгийн Мандал, Баянгол, Дархан-Уулын Хонгорын Алтангадасын талбай, Хэнтийн Өндөрхаанд хангалттай, Архангайн Төвшрүүлэх, Дорнодын Баян-Уул, Сүхбаатарын Баруун-Урт, Төвийн Угтаалцайдамд дунд зэрэг, Дорнодын Чойбалсанд хангалтгүй байна гэжээ.

-Ямар хүчин зүйлээс шалтгаалж ган болдог вэ. Сүүлийн жилүүдэд төвийн аймгуудын нутгаар ган болох үзэгдэл ажиглагдаж байна?

-Бүс нутгийн 30 хүртэлх хувийг хамарсан ган гурван жил тутам болдог гэсэн судалгааны дүн бий. Ер нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, уул уурхай түрэмгийлэл, бэлчээрийн хүрэлцээ, даац хэтрэлт гээд олон хүчин зүйлээс өвс ургамал оройтож гарах, шөнөдөө хэт хүйтэн хонож байгаагаас ургамлын өсөлт удаашрах, зогсох гээд ган болох нөхцөл их байна. Ер нь намрын салхи өн дууддаг, хаврын салхи ган дууддаг гэдэг юм. Энэ хавар тэр чигээрээ, зуны тэргүүн сарын дунд хүртэл тал хээрийн болоод говийн нутаг их салхитай байснаас зөвхөн таны мэдэрсэн хот орчмын нутаг төдийгүй баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгууд, төвийн бүс нутгийн өмнөд хагас тэр чигээрээ гандуу байсан. Харин сүүлийн хэд хоногийн борооны хүчинд говийн бүсийн хойд тал болоод зүүн аймгуудын нутгаар зуншлага эрс сайжирлаа. Хэнтий, Хянганы нуруунаас эх авсан гол мөрөн үерлэж, сүйд байна шүү дээ.

-Малчид гантай нөхцөлд хохирол багатайгаар давж гарахын тулд авч хэрэгжүүлбэл зохих ямар арга хэмжээ байна вэ?

-Ган болсон нутагт зуд болох нь ойлгомжтой. “Ганд бүү суу, зудад бүү нүү” гэдэг юм. Эртхэн л аятай нутаг бараадах хэрэгтэй. Үүний тулд нэгд малчид өөрсдөө отор нүүдэлд эртхэн анхаарах. Хоёрт баг, сум, аймгийн удирдлагууд цаг агаарын нөхцөл байдалд дүгнэлт хийж өвс хадлан бэлтгэх, отор нүүдэл хийх ажлаа эрт төлөвлөж очих, буух газрынхаа удирдлагуудтай гэрээ хэлцлээ эрт хийгээсэй. Коронагийн нэг сайн тал нь зунжин, намаржин үргэлжилдэг их найр наадам харьцангуй цөөрөх тул өвөлд бэлтгэх боломж, цаг хугацаа хангалттай байна. Нөгөө талаар малчид маань өөрсдөө хариуцлагатай байгаасай. Өнгөрсөн жил Булган аймгийн нутагт отроор очсон зарим малчид буурь буудлаа цэвэрлэхгүй новширч орхисон мэдээлэл ирж л байна. Иймэрхүү ганц нэг хариуцлагагүй, залхаг заваан нөхдөөс болж аймаг сумынхаа бүх малчдын нэрийг гутааж, дахиж нутаг гуйж очих нүүргүй болж байна. Тийм нөхдийг дахиж хэн нутагтаа хүлээж авах юм бэ? Ёстой “Хохь чинь” гээд хөөх хэрэгтэй.

-Таны тухайд олон жил цаг уурын талаар судалгаа хийж хүмүүст мэдээлэл, нэвтрүүлгүүдийг хүргэсэн. Монголын цаг уурын сүүлийн жилүүдийн нөхцөл байдлыг дүгнэхгүй юү?

-Энэ бол миний хариулах асуудал биш. Энэ талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЦУОШГ-аас албан ёсоор асуувал зохино. Би бол нүүдэлчин түмний олон мянган жилийн турш ажиглаж судалж ирсэн цаг агаарын нөхцөл байдлын талаар хуримтлуулсан мэдлэгийг л олон түмэнд дамжуулж явдаг хүн. Жишээ нь, XVII жарны 35 дахь “цөөвөр” хэмээх төмөр үхэр жилийн шороон үхрийн зурагт үхрийн хоёр эвэр, сүүл нь хөх, толгой цагаан, дөрвөн шийр улаан, их бие тэр чигээрээ шар гарсан байдаг. Цагаан өнгө цас, мөндөр, хөх өнгө хур бороо, улаан өнгө салхи бас өвчин, шар өнгө ган хуурайшилт зөгнөдөг гэдэг юм.

-Ер нь ямар шинж тэмдэг илэрвэл байгалийн гамшигт үзэгдэл болдог вэ?

-Гамшигт үзэгдэл гэдгийг хэрхэн ойлгож байгаагаас л хамаарна. Аянга цахилгаан, шороон болон цасан шуурга, үер, мөндөр, цочир хүйтрэл зэрэг богино хугацааны үзэгдэл тэр болгон урьдчилж таамаглах хугацаа өгдөггүй түргэн зуур болоод өнгөрдөг. Гэвч өнгөрсөн гуравдугаар сарын 14-15-ны гамшигт шороон шуурга шиг үзэгдлийг өнөөдөр цаг уурын шинжлэх ухаан маш тодорхой илрүүлэн урьдчилж мэдээлж байна.Харин ган зудыг бол байгалийн үзэгдэл, эд юмс, амьтан, жигүүртэн, огторгуйд орчих од эрхсийн хөдөлгөөний гээд маш олон талаас нь шинжих арга бий. Жишээ нь, намар сүрэг хонины тоос холоос харахад цайвар бөгөөд босоо байвал зуд болно, бараантаж харагдвал өн болно гэж ярьдаг.

Гэтэл өнөөх нь яг цаг агаарын нөхцөлийг хэлж байна уу? Харин малын тарга хүчийг илэрхийлж байна уу гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тарга гүйцээгүй малын тоос цайвар хийгээд өндөрт хөөрдөг, сайн тарга авсан малын тоос өтгөн бөгөөд намхан байдаг. Үүнийг цаад утгаар нь тайлбарлах гээд үзвэл тарга гүйцээгүй мал явамхай, хөдөлгөөн ихтэй, тарга хангалттай авсан малын хөдөлгөөн бага, тогтуун, налгар байгааг хэлж байгаа юм биш биз? Тэгж үзэх юм бол тарга гүйцээгүй мал зуд болсон болоогүй өвөл зутарна. Үүнийг мэдээгүй малчин бурууг өөртөө биш, өвөлд тохож таарна. Энэ мэт яриад байвал мөн ч их юм бий дээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *