Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Бат-Эрдэнэ: Вирусийн эсрэг үйлчилгээтэй арбидол эмийг эрүүл мэндийн даатгалд зайлшгүй хамруулах шаардлагатай

ШӨХТГ-ын агентлагийн дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-“Ковид-19” вирусийн тохиолдол нэмэгдсэнтэй холбоотойгоор өчигдрийн байдлаар халдварын улмаас 20.796 хүн гэрийн хяналтад тусгаарлагджээ.ШӨХТГ-аас коронавирусийн эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр борлуулах санал хүргүүлсэн гэсэн. Энэ талаар тодруулбал?

-Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор өнгөрсөн оны сүүлчээр манай улсад вирусийн эсрэг үйлчилгээ бүхий эмийг оруулахаар болсон. Та бүхэн санаж байгаа бол 2005 онд Сарс вирус дэгдсэнээр арбидол эмийг хэрэглэж эхэлсэн. Улмаар нэг удаагийн тусгай лицензийн дагуу энэ оны эхээр арбидол, арбивир гэх вирусийн эсрэг эмийг оруулж ирсэн байдаг. Сүүлийн үед халдварын тоо нэмэгдэж, өдөрт батлагдсан тохиолдол 2000 давж байгаа. Үүнтэй холбоотойгоор гэртээ тусгаарлагдаж бие даан өөрийгөө эмчилж буй хүмүүс ч тодорхой хувиар өслөө. Түрүүн таны дурдсан 20.796 хүний асуудал энд хөндөгдөж байгаа учраас вирусийн эсрэг үйлчилгээтэй дээрх эмийг хөнгөлөлттэй эмийн жагсаалтад оруулах зайлшгүй шаардлага үүсч байгаа юм. Монгол Улсын иргэдийн эрүүл мэндийн даатгалыг 18 нас хүртэл нь улсаас төлдөг. Харин насанд хүрсэн иргэд маань ажил хөдөлмөр эрхэлж даатгалаа бүрдүүлдэг шүү дээ. Тиймээс одоогийн нөхцөл байдлыг харгалзан үзэж ядаж вирусийн эсрэг эмийг хөнгөлөх саналыг ШӨХТГ-аас шадар сайдад уламжилсан. Бид хэрэглэгчийн төлөө үйлчлэх байгууллага учраас төр засгийн түвшинд асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө төлөөлж ажиллах ёстой. Тэр утгаараа хэрэглэгчдээс ирж байгаа хүсэлт саналыг уламжилж байгаа гэсэн үг. Эрүүл мэндийн даатгалыг насаараа төлсөн ч ганц эм аваад ууж чадахгүй байна гэх иргэдийн шүүмжлэл ч бий. Энэ чинь энгийн үед ханиад хүрчихээд эм авч уух гэж байгаа хэрэг биш шүү дээ. Дэлхий нийтийг хамарсан томоохон хэмжээний өвчлөлтэй хамааралтай асуудал болоод байна. Тиймээс ядаж вирусийн эсрэг эмийг тодорхой хэмжээнд эрүүл мэндийн даатгалаараа аваад уух боломжийг бүрдүүлж өгөх ёстой гэж бид харж байгаа.

Эрүүл мэндийн сайдын гаргасан эмчилгээний удирдамж дээр ямар эмийг ковидын эсрэг уух ёстой вэ гэдэг жагсаалтууд нь байгаа. Энэ дотроос ядаж вирусийн эсрэг эмчилгээ бүхий эмийг эрүүл мэндийн даатгалд зайлшгүй хамруулах шаардлагатай гэж үзсэн. Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн санхүүгийн асуудалд орсон айл өрх олон бий. Тийм учраас вирусийн эсрэг эмийн үнийг хөнгөлөх тухайд санал хүргүүлсэн.

-Үнэ хөөрөгдөх асуудлын хүрээнд ШӨХТГ-аас эмийн сангуудад хяналт шалгалт хийж байгаа гэсэн үү?

-Тийм ээ. Вирусийн эсрэг эмийг оруулж ирж байгаа нийт 14 аж ахуйн нэгж хяналт шалгалтад хамрагдаж байгаа. Эдгээр эмийн санд шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна. Одоогийн байдлаар 4-5 эмийн сан вирусийн эсрэг арбидол эмийг 38-43 мянган төгрөгөөр үнэ хөөрөгдөж худалдаалсан зөрчил гаргасан байна. Гаалийн үнэ буюу үйлдвэрийн үнийн хувьд арбивир 8300, арбидол 20.080 төгрөгийн үнэтэй байгаа юм. Энэхүү эмийн бусад тээврийн зардлыг оруулж тооцвол 27 мянган төгрөгөөр орж ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр УИХ-ын гишүүдийн ярьсан шиг арбидол эмийг 6000 мянган төгрөгөөр худалдаалж байгаа газар алга, 27 мянга, 6000 гэдэг чинь асар зөрүүтэй шүү дээ. Нэгдүгээрт, 6000 төгрөгөөр худалдаалаагүй гэдэг нь тогтоогдлоо. Нөгөө талдаа 27 мянгаар орж ирж байгаа эмийг 43 мянга хүртэл үнэ өсгөж зарсан нь тогтоогдсон. Тэгэхээр энэ зөрчлийг шалгахаар ШӨХТГ-аас хяналт шалгалтын ажлыг үргэлжлүүлж байна.

-Тэгвэл арбивир эмийн гаалийн үнэ нь хэд юм бол, иргэд эмийн сангаас хэдэн төгрөгөөр худалдаж авч байна вэ?

-Арбивир эмийн гаалийн үнэ нь 8300 орчим төгрөг байгаа юм. Харин эрүүл мэндийн яаманд нийлүүлсэн үнэ нь 17.990 төгрөг бол эмийн сангууд руу 23.000 төгрөгөөр нийлүүлжээ. Одоогийн байдлаар хяналт шалгалт үргэлжилж буй учраас байгууллагын нэрийг дурдах боломжгүй. Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газраас арбидол эмийн дээд үнийг 36 мянгаар тогтоож өгсөн байгаа. Гэтэл зарим газар 38-43 мянган төгрөгөөр худалдаалж үнэ хөөрөгдсөн асуудал гарсан. Өөрөөр хэлбэл, үндсэн үнээс дээш худалдаалсан гэдэг мэдээллийн дагуу хяналт шалгалтыг явуулж байгаа гэсэн үг. Энэ нь бүрэн тогтоогдвол тухайн эмийн сантай холбоотой тусгай зөвшөөрлийн асуудал хөндөгдөнө. Тодруулбал, зөрчил гаргасан аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэлх арга хэмжээг авах талаар ШӨХТГ-аас холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.

П.САЙНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *