УИХ-ын чуулганы хуралдаанаар “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Ардын хувьсгалын 100 жилийн ойн медалийн загварыг ажлын хэсэг танилцуулж болох уу? Олон нийтэд учир агуулга, бэлгэдлийг тайлбарлаж өгөөч гэж хүсэж байна” хэмээн асуув.
Түүний асуултад Соёлын дэд сайд М.Батбаяр “Ардын хувьсгалын тэгш ойтой жилүүдэд ойн медалийг гаргаж, түүнийг төр нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэд судлаачид, урлаг соёлын зүтгэлтнүүд, ажил хөдөлмөрөө амжилттай эрхэлсэн иргэдэд олгодог.
Медаль үндсэн хоёр хэсэгтэй. Төв хэсэгт дөрвөн зүг, найман зовхисыг илэрхийлсэн цацраг хэлбэртэй, дунд нь Монгол Улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, цог хийморийг илтгэсэн алтан шаргал өнгийн соёмбыг хөх өнгөнд байрлуулсан. Доод хэсэгт сүүн цагаан өнгөн дээр АХ-ын 100 жилийн ойн логог алтан шаргал өнгөөр товойлгож байрлуулсан” гэлээ.
ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж “Ардын хувьсгалын 100 жилийн ойг тэмдэглэх шийдвэрийг 2021 оны төсөв батлах үедээ шийдсэн. Ингэж шийдсэн учраас медалийн асуудлаар МАН, АН-ын гишүүд хамтран шийдвэр гаргасан.
Монголчуудад огт хөндөж болохгүй хоёрхон зүйл бий. Нэг нь бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол. Гурван хувьсгалын үр дүнд харийн түрэмгийллээс бид ангижирч чадсан. Ойн медальд тэрбум төгрөг баталж өгсөн” гэв.
“Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.