Элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалттай холбоотой асуудлаар БШУ-ы сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Энэ жил ЭЕШ-ыг долдугаар сарын 1-нээс 4-ний хооронд зохион байгуулахаар төлөвлөж байсан ч наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулах шийдвэрийг яамнаас гаргалаа.
Хугацааг наймдугаар сарын сүүлээр хэмээн тогтоосон нь дархлаажуулалтын явцтай уялдуулан гаргасан шийдвэр юм.
Мөн “Ковид19”-ийн халдвар авсан хүнтэй ойрхон гэсэн 1500 хүүхэд тогтоогдсон. Эдгээр хүүхдүүд ЭЕШ-д орж чадахгүй байх эрсдэл үүссэн.
Түүнчлэн ЭЕШ-ыг улсын хэмжээнд 9620 багш зохион байгуулдаг. Эдгээр багшийн тодорхой хувь нь халдвар авсан.
Тодруулбал, Улаанбаатар хотоос 21 аймагт 66 багш ЭЕШ зохион байгуулдаг. Эдгээр багшийн 10 орчим нь халдвар авсан. 40,420 хүүхдээс 21 аймагт ирж ЭЕШ-д орох 7,600 орчим хүүхэд бий. Өнөөдрийн байдлаар есөн аймаг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг зарлаж, сумаас аймаг, аймгаас сум руу зорчих хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30 хүртэл хаагаад байгаа. Ийм олон нөхцөл үүссэн учраас ЭЕШ-ийг хойшлуулж байна.
Долдугаар сарын 10-нд яг хэдний өдөр ЭЕШ авахыг болон шалгалтыг хэрхэн зохион байгуулахыг зарлана” гэв.