Орчин үеийн хүүхэд, залуусын гангараа болоод буй шивээсний талаар “Tattoo HUB” студийн шивээсчин, артист Б.Мөнхтулгатай ярилцлаа.
–Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Намайг Батжаргалын Мөнхтулга гэдэг. 23 настай. Одоо “Tattoo HUB” студид шивээсчин хийдэг.
-Шивээс хийгээд хэр удаж байна вэ. Яагаад энэ урлагийг сонгох болов?
-Шивээс хийгээд хоёр жил болж байна. Багаасаа шивээсний урлагийг сонирхдог байсан. Анх интерьер дизайнаар сурч байгаад сонирхлоо дагаад сургуулиасаа гарч энэ чиглэлээр суралцаж эхэлсэн. Ер нь Уoutube-ээс бичлэг харж, онлайн сургалтад сууж байж л сурсан. Түүнээс хойш өдөр болгон шивээс хийж, түүндээ маш гүн автсан. Ер нь шивээсний урлаг өөрөө маш чөлөөтэй задгай урлаг учраас тусгай сургууль сургалтад суух шаардлагагүйгээр өөрөө сурах боломж ч бий. Ихэнх хүмүүс өөрөө биечлэн сурсан байдаг.
-Таныг шивээс хийж эхлэхэд гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?
-Анх сургуулиасаа гараад шивээс хийнэ гэхэд дургүй байсан. “Биен дээрээ сараачсан тийм муухай юм хийж яах гээд байгаа юм бэ” гээд их л дургүйцдэг байсан. Одоо бол хүлээн зөвшөөрдөг. Намайг сайн ойлгодог. Ер нь сүүлийн хоёр жилийн хугацаанд Монголд шивээсний урлаг харьцангуй сайн хөгжсөн гэж боддог. Хүмүүсийн хүлээж авах хандлага өөрчлөгдсөн. Өмнө нь мухар сүсгээр ханддаг байсан.
-Сүүлийн үед залуучууд шивээс их дурладаг болж…?
-Ер нь бол шивээс хийлгэхэд нас хамаагүй болчихсон. Манайд хамгийн өндөр настай нь гэхэд 50 настай ах ирж байсан. Мөн гэр бүлээрээ ч ирж шивээс хийлгэдэг. Арван жилийн сурагчид шивээс хийлгэх хүсэлтэй ирдэг ч манайх насанд хүрэгчдэд шивээс хийдэг. Учир нь хүүхдүүд сэтгэлийн хөөрлөөр хийлгэх тохиолдол их байдаг болохоор 18-аас дээш насныханд л шивээс хийнэ.
-Ер нь хүмүүс биенийхээ аль хэсэгт хийлгэдэг вэ?
-Хүн бүрийн сонирхол, харах өнцөг өөр. Ямар шивээсийг хаанаа хийлгэх талаар тэд сонгочихоод ирдэг. Гэхдээ сүүлийн үед гарны шуун дээрээ их хийлгэж байгаа шүү. Шивээс гэдэг чинь хүний бас нэг гангараа болчихсон байна. Тийм болохоор ил харагдах газраа их хийлгэдэг. Эмэгтэйчүүд харин далд газраа хийлгэх сонирхолтой.
-Шивээсэнд далд утга учир байдаг болов уу?
-Тухайн хүн бүрд шивээс хийлгэх болсон шалтгаан, түүх гэж бий. Нөгөөтэйгүүр зүгээр л харагдах байдлыг нь чухалчилж, сонирхолтой алхам хийх үүднээс ч шивээс хийлгэдэг. Тухайн хүний сүсэг бишрэлээс л болдог. Хүн бүрийн дотоод сэтгэл, зан чанар, сонирхлоос хамаарч утга агуулга нь өөр өөр.
-Аюулгүй байдлыг хэрхэн хангадаг вэ?
-Миний хувьд бол шивээс хийх үедээ нэг удаагийн хэрэглүүрүүдийг ашигладаг. үйлчлүүлэгч нартаа харуулж байж хийдэг. Гадуур шивээс хийлгэснээс болж халдвар авлаа гэх мэт яриа гарах болсон. Тухайн хийлгэж байгаа газраа маш сайн судалж байж очих хэрэгтэй. Өөр хүнд ашигласан зүүгээр шивээс хийлгэснээс болж ямар нэгэн суудал үүсдэг байх. Судалгаагаар шивээс хийлгэж халдвар авсан хүний тооноос илүү шүдний эмнэлэг зэрэг газраас халдвар авсан хүний тоо их байдаг юм байна лээ. Тэгэхээр нэг удаагийн хэрэглүүр хэрэглэж байгаа тохиолдолд халдвар авах боломжгүй юм.
–Ер нь шивээс хийлгэхээр төлөвлөж буй залуучууд хамгийн түрүүнд юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Маш сайн бодож байж шийдвэрээ гаргасан байх хэрэгтэй. 72 цагийн дотор согтууруулах ундаа хэрэглээгүй байх, сайн унтаж амарсан байх, том шивээс хийхээр бол хувийн ариун цэврийг сахисан байх зэрэг энгийн алхамуудыг сахих хэрэгтэй л дээ. Хэрвээ 72 цагийн дотор согтууруулах ундаа хэрэглэсэн үед тухайн хүний цус шингэрсэн байдаг учраас шивээсний будаг сайн орж өгдөггүй.
-Шивээсний урлаг Монголд хэр хөгжсөн гэж харж байна?
-Дээр дурдсанчлан сүүлийн хоёр жилийн хугацаанд буюу намайг анх шивээс хийж эхэлсэн цагаас хойш Монголд шивээсний урлаг эрчимтэй хөгжсөн гэж би хувьдаа харж байна. Гэхдээ мэдээж хэрэг дэлхийн хэмжээнд авч үзвэл маш доогуур байгаа. Хүмүүсийн хандлага их өөрчлөгдсөн байна. Шивээс бол урлаг юмаа гэж хардаг болсон. Шивээсний будаг, шивээсний машин гээд хэрэглэж байгаа төхөөрөмж нь хүртэл шинэчлэгдсэн.
-Монголд шивээсийг хамгийн бага үнээр хийдэг гэж дуулсан?
-Шивээсний хэмжээ болон хийгдэж байгаа хугацаанаас шалтгаалж үнэ бодогддог. Монголын хувьд дэлхийн тэр дундаа азид хамгийн хямд үнээр шивээс хийгддэг. Гэхдээ Монголд шивээсний зах зээл байгаа.
-Цаашид юу хийхээр төлөвлөж байгаа вэ?
-Удахгүй гадаад явах гэж байгаа. Гаднын орны шивээсчдээс туршлага судалж илүү хөгжих зорилготой байгаа. Илүү туршлагажиж түүнийгээ Монголдоо дэлгэрүүлэх хүсэлтэй байна.
Түүний урласан шивээснүүдээс хүргэж байна