Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн ядуурлын дүн шинжилгээний үр дүнг танилцуулах уулзалт боллоо

Хүүхдийн олон хэмжээст ядуурлын дүн шинжилгээний үр дүнг танилцуулах ажлын уулзалт, хэлэлцүүлэг боллоо.

Орлогын бус ядуурлыг тухайн хүүхэд эрүүл мэнд, боловсрол, мэдээллийн хүртээмж, орон сууц зэрэг гачигдлаар хэмжиж дүн шинжилгээ хийсэн бөгөөд манай улсад нийт хүүхдийн гуравны хоёр нь дор хаяж гурав болон түүнээс дээш үзүүлэлтээр гачигдаж байгааг энэхүү судалгааны дүн харуулж байна. Мөн орлогын бус ядуурлын энэхүү дүн шинжилгээгээр хот хөдөө, өрхийн амьжиргааны түвшний ялгаа их байна.

ХНХЯ-аас НҮБ-ын Хүүхдийн Сан, Үндэсний статистикийн хороотой хамтран Олон үзүүлэлтийн бүлгийн түүвэр судалгаа буюу Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгааг (MICS/SISS) 2018 онд хийсэн. Энэхүү судалгаанд үндэслэсэн Хүүхдийн олон хэмжээст ядуурлын дүн шинжилгээний үр дүнг танилцуулах ажлын уулзалт зохион байгуулж байна.

Тогтвортой хөгжлийн зорилтын 1.1 болон 1.2-т заасан хүүхдийн олон хэмжээст ядуурлыг бууруулах бодлого боловсруулах нь зөвхөн ядуу хүүхдийн тоог хянах биш, ядуурлын учир шалтгааны уялдаа холбоо, тодорхойлогч шинж чанарт дүн шинжилгээ хийж, улмаар хүүхдийг орлогын болон орлогын бус ядуурлаас гаргах, хүүхэд, гэр бүлд ээлтэй нийгмийн хамгааллын бодлого, үйл ажиллагааг төлөвлөхөд чухал алхам болно хэмээн үзэж байна.

Монгол Улсын Засгийн газрын ядуурлыг бууруулахад чиглэсэн бодлого, хөтөлбөрийг сайжруулах, улмаар “Ядуурлын бүх хэлбэрийг устгах” тухай Тогтвортой хөгжлийн нэг дэх зорилтыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхдийн ядуурлын олон хэмжүүрт дүн шинжилгээг хийхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлж хамтарч ажиллаж байна.

Дээрх судалгаа нь хүүхдийн ядуурлын асуудлыг Монгол Улс зөв тодорхойлон ажиллаж байгаа эсэх, мөн хүүхдэд эрх тэгш байдал, боломжийг зохистой олгоход юунд анхаарах ёстойг тодорхойлох зорилготой.

Хүүхдийн ядуурал нь насанд хүрэгчдийнхээс ялгаатай бөгөөд хүүхдийн ядуурлыг зөвхөн орлого, зарлагатай холбон тайлбарлах нь өрөөсгөл гэж үздэг. Тиймээс хүүхдийн ядуурлыг хүүхдийн аж амьдралын олон талт байдлаар хэмжиж дүн шинжилгээ хийдэг гачигдлын олон хэмжүүрт давхацсан шинжилгээний аргачлалыг ашиглан НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр дүн шинжилгээ хийсэн гэж ХНХЯ-наас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *