Энэ онд улсын хэмжээнд 389.3 мянган га-д үр тариа, үүнээс 368.3 мянган га-д улаанбуудай, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40 мянган га-д тосны ургамал, өссөн дүнгээр 4.3 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 527.8 мянган га-д тариалалт хийхээр зорилт тавин ажилласан.
Өнөөдрийн байдлаар нийтдээ 536.6 мянган га-д тариалалт хийснээр улсын хэмжээний үр тарианы тариалалт 104.5 хувьтай, үүнээс улаанбуудайн тариалалт 103.2 хувь, төмс 87.1 хувь, хүнсний ногоо 81.3 хувь, малын тэжээл 57.7 хувь, тосны ургамал 164.2 хувьтай байна.
Орон нутгаас авсан мэдээллээр нийт улаанбуудай тариалсан талбайн 80 орчим хувь нь соёололтоороо чанарын онц сайн үнэлгээтэй гарч байна. Буудайн соёололт онц сайн үнэлгээтэй гарсан нь тариалангийн бүс нутагт 5, 6-р сард хур тунадас ахиу орж чийг их өгсөнтэй холбоотой. Хэдийгээр цаг агаар бага зэрэг сэрүүхэн байсан ч чийг хангалттай хэмжээнд байсан учраас таримлын өсөлт хөгжил, ургалтад таатайгаар нөлөөлсөн. Ингэснээр ирэх намар төлөвлөсөн хэмжээний ургацаа авах боломж үндсэндээ бүрдлээ.
Яг одоо буудайн талбайд ургамал хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлж, өсөлтийг идэвхжүүлдэг органик бордоонуудыг буудайнд өгөх, хортноос хамгаалах ажил ид өрнөж байна.
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд Арилжааны банкны эх үүсвэрээс 100 тэрбум төгрөгийн хүүгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэрийн дагуу Төрийн банк, Хаан банк, Хас банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Капитрон банкаар дамжуулан тариалан бүхий 768 иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн хүсэлтийг хүлээн авснаас 316 иргэн, аж ахуйн нэгжид 38.5 тэрбум төгрөгийн зээлийг олгоод байна.
Өнөөдрийн байдлаар хаврын тариалалтад зориулан хүсэлт гаргасан 576 иргэн, аж ахуйн нэгжид 12.6 мянган тонн улаанбуудайн үрийг 20-30 хувийн урьдчилгаатай, 347.9 мянган литр шатахууныг 50 хувийн урьдчилгаатай, 43.3 тн/л ургамал хамгааллын бодис, бордоог 30 хувийн урьдчилгаатай зээлээр ХААДС-аас олгоод байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ