Эдийн засагч Н.Энхбаяртай ярилцлаа.
-Манай улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд ямар байна гэж та харж байна?
-Манай улсын эдийн засгийн өсөлтийг Монголбанк, Сангийн яамнаас 6.5 орчим хувийн өсөлттэй байх болов уу гэсэн таамаг дэвшүүлсэн. Энэ таамаглал оны эхэнд түүхий эдийн үнэ сайн байх нөхцөлд, хоёрдугаарт, коронавирусийн халдварыг намжааж чадсан тохиолдолд бий болно хэмээн төлөвлөсөн тооцоо. Тэгвэл одоо дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ тогтвортой байгаа боловч зэсийн үнэ оргил үнийн өсөлтдөө хүрч эргээд 9500 орчим ам.долларын үнэтэй байна. Он дуустал зэсийн үнэ өсөхгүйгээр 9000-9500 орчим ам.долларын хооронд хэлбэлзэх байх. Манай улсын экспортын орлогыг нэмэгдүүлдэг гол орлого бол зэсийн баяжмал, төмрийн хүдэр, нүүрс. Уул уурхайн эдгээр бүтээгдэхүүний орлогоос улсын төсөв нэг тэрбумаар нэмэгдэж байгаа. Коронавирусийн халдвараас үүдэн оны эхэнд манай улсын эдийн засгийн өсөлт харьцангуй сайн байсан боловч ирэх саруудад хилийн бүсийн худалдаа тааруухан болох төлөвтэй байна. Нүүрсний экспорт зогсоод долоо хонож байна. Тэгэхээр цаашид нүүрсний экспорт хилийн боомтод тодорхой хугацаагаар гацаж магадгүй.Энэ байдлаас хамаараад жилийн эцэст эдийн засгийн өсөлт тав орчим хувьтай байх болов уу. Энэ тооцооллоос дээш гарч чадахгүй байх хэмээн таамаглаж байна.
-Тэгэхээр төсвийнхөө орлогыг ерөнхийдөө бүрдүүлнэ гэж таамаглаж байна уу?
-Төсвийн орлогын хувьд ерөнхийдөө төлөвлөгөө биелэх боловч гол нь зарлага дээр нэмэлт ачаалал нэлээд нэмэгдэнэ. Тиймээс төсвийн тодотгол зайлшгүй хийж таарах байх. Хүүхдийн мөнгө, коронавируст цар тахалд зарцуулах зардал өсөх байх. Тиймээс төсвийн алдагдлаа нэмж батлах шаардлага үүсэх байх. Одоогийн байдлаар тэнцвэржүүлсэн төсвөөр 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай баталсан. Энэ тоо цаашид багадаа нэг их наядаар нэмэгдэж батлагдах байх. Тэгэхээр төсвийн тодотголоор 3-3.5 их наядын төсвийн алдагдал батлагдах байх хэмээн таамаглаж байна. Одоогийн батлагдсан байгаа 2.1 их наядын төсвийн алдагдал ДНБ-ий 5.1 хувьтай тэнцэж байгаа. Өнгөрсөн жилүүдэд ОУВС-гийн хөтөлбөрт орсноос хойш төсвийн алдагдлын эзлэх хувийг бууруулаад явж байсан. Гэтэл 2020 онд төсвийн алдагдал өндөр гарсан. Тэгэхээр төсвийн алдагдлаа бууруулах зорилт цар тахалтай холбоотойгоор дахиад биелэхгүй, нэмэгдэх хандлагатай гарах байх.
-Манай улс төсөвтөө хүү торгуулийн орлогыг тусгаж өгдөг. Өөрөөр хэлбэл, иргэдээ торгох, шийтгэх замаар төсвийнхөө тодорхой хэсгийг бүрдүүлдэг шүү дээ. Бусад улс орнуудад ийм жишиг байдаг юм болов уу?
-Тухайн улс орны эдийн засгийн бүтцээсээ хамаараад өөр өөр байдаг. Өндөр хөгжилтэй орнуудад хүү, торгуулийн орлого улсын төсөв бүрдүүлэхэд өндөр хувь эзэлдэггүй. Манай улс нэг хэсэг шилжилтийн эдийн засаг гэж нэлээд явсан. Хоёрдугаарт, манай улс 2009 оноос уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай болсон. Төсвийн орлогын 40-50 хувийг уул уурхайн салбараас бүрдүүлж байна. Нэгэнт уул уурхайгаас хамааралтай учраас эдийн засгийн савалгаа их.Төсвийн орлогын бүрдүүлэлт өөрчлөгддөг, алдагдал нэмэгддэг. Дээрээс нь сонгуулийн жилүүд улсын төсөвт нөлөөлдөг. Энэ бүх савалгаанаас хамаараад төсвийн орлого буурсан жилүүдэд бусад орлогоор төсвөө бүрдүүлэх бодлого баримтладаг. Ялангуяа, 2015, 2016 онд түүхий эдийн ханш буурсан байх үед төсвийн алдагдал ихээр нэмэгдсэн учраас нэгдүгээрт, гадаадаас зээл их хэмжээгээр авсан. Хоёрдугаарт, дотоодынхоо боломжит бүх орлогыг шавхсан. Тэгэхээр эдийн засгийн бүтцээсээ хамаараад бусад орлого буюу хүү торгууль гэх мэт орлогууддаа найдлага тавьдаг. Энэ оны байдлаар татварын бус орлого буюу хүү торгуулийн орлого ороод нэг их наяд төгрөг байхаар тусгасан байна. Өөрөөр хэлбэл төсвийн орлого 13 их наяд төгрөг гэж тооцсноос 12 орчим их наяд нь татварын орлого эзэлж байна. Үлдсэн нэг их наяд төгрөг нь татварын бус орлого буюу хувьцааны ногдол, хүү торгууль гэх мэт орлогоос бүрдүүлж байгаа юм. Улсын нийт орлоготой харьцуулахад татварын бус орлогын эзэлж байгаа хувь нь бага мэт боловч гол нь иргэдийн нуруун дээр багагүй дарамт үзүүлэх сөрөг нөлөөтэй.
-Нэгэнт улсын төсвийн орлоготоо татварын бус орлогын хэмжээг заагаад өгчихөөр хэмжээнд нь хүргэхийн тулд хууль, цагдаагийн байгууллагууд иргэдээ торгохын төлөө ажиллаж эхлэх нь ойлгомжтой байх. Зарим иргэд төр нь иргэнээ торгохын төлөө ажилладаг гэж шүүмжилдэг шүү дээ?
-Хүү торгуулийн орлого гэдэг жил бүр нэмэгдээд байх орлого бол биш. Аль ч улс оронд тогтвортой л байх ёстой. Өөрөөр хэлбэл, орлогын төрөл биш. Өнгөрсөн жилүүдийн татварын бус орлогын хэмжээг харахад маш их савалгаатай байсан. Хүү торгуулийн орлогын гүйцэтгэлүүдийг харахаар дунджаар 140-150 тэрбум төгрөг байгаа юм. Улс орны эдийн засаг хүндэвтэр байсан 2015, 2016 оны үед нэлээд өндөр буюу 200 тэрбум төгрөгт хүрсэн байна.Зарим жилүүдэд 250 тэрбум төгрөгт хүрсэн үе ч бий. Харин ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2017 оноос буурч, 75 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ цагаас жигд өссөөр 2021 оны төсвийн төсөл дээр 138 тэрбум төгрөгийн хүү торгуулийн төсөв бүрдүүлэхээр тусгасан байна. Цаашид энэ орлогыг төлөвлөхдөө бид өсгөж төлөвлөж болохгүй. Өмнөх жилийн гүйцэтгэлийн түвшинд юм уу түүнээс бууруулах бодлого барих ёстой. Ялангуяа иргэдийн орлого буурч байгаа нөхцөлд үүн дээр анхаарах ёстой. Хоёрдугаарт, торгуулийн орлгого хаанаас бүрдэж байна гэдгээ нарийн тооцоолох хэрэгтэй. Ихэнх нь цагдаагийн байгууллагаас орж ирж байна уу, бүртгэлийн байгууллагуудаас орж ирж байна уу гэдгийг тогтоох шаардлагатай. Тухайлбал, замын хөдөлгөөний дүрэмтэй холбоотой хүү торгуулийн орлого өсөх ёсгүй. Угтаа иргэдэд замын хөдөлгөөний дүрмийг чанд сахиж, мөрдөх чиглэлд энэ мөнгө зарцуулагдах ёстой болохоос түүгээр улсын орлого бүрдүүлэхэд чиглэгдэх ёсгүй. Хамгийн наад зах нь иргэдийг жолооны үнэмлэхээ биедээ авч яваагүй гэдэг шалтгаанаар торгодог. Торгоно гэдэг асуудлыг үндсээр нь шийдэж байгаа хэрэг биш. Дээрх тохиолдолд тухайн иргэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй эсэхийг хувийн мэдээллээр нь дамжуулаад цахим технологийн хөгжил ашиглаад шалгах боломж бий. Энэ мэтчилэн асуудлын шийдэл олох арга замд тус орлого зарцуулагдах юм бол нийгэмд олон дэвшил бий болно.
-Зөрчлийн хуулийн дагуу торгуулж байгаа иргэд олон байгаа шүү дээ. Энэ орлого ч мөн хүү торгуулийн орлогод тооцогдох уу?
-Энэ асуудлыг Хууль зүйн сайдын төсвийн ангиллаас харах ёстой байх. Тус ангилалд хүү торгуулийн орлого гэж байна уу, төсөвт байгууллагын өөрийн орлого гэж байна уу. Ойролцоо нэртэй хоёр орлого бий. Энэ хоёр орлогын аль алийг нь төлөвлөхдөө иргэдийнхээ орлогыг тооцож, өсөлт бага, жигд байхаар төлөвлөх хэрэгтэй. Учир нь манай эдийн засгийн төсвийн орлогын дийлэнх хувь нь уул уурхайн төсвөөс бүрдэж байна. Тэр дундаа түүхий эдийн үнийн өсөлтөөс олж байгаа орлого ихээхэн хувийг бүрдүүлж байгаа. Зарим жилүүдэд төсвийн орлогын 10 хүртэл хувь нь үнийн өсөлтийн орлогоос бүрдэж байгаа нөхцөлд төсвийн орлого гэдэг талаас хүү торгуулийн орлогыг харж болохгүй. Тэгвэл ямар нэгэн байдлаар, аль нэг байгууллага хүү торгуулийн орлогыг бүрдүүлэхийн тулд шамдан ажиллах шаардлагагүй болно. Энэ бол гол орлого биш, дагалдах орлого. Түүнчлэн аж, ахуйн нэгжүүддээ дарамт учруулахгүйн тулд бусад төрлийн орлогоо аль болох багаар төлөвлөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.
-Тухайн жилийн хүү торгуулийн орлогыг тооцохдоо, ямар үндэслэлээр тооцоолж гаргадаг юм бэ?
-Нэгдүгээрт, өнгөрсөн оны гүйцэтгэлийг харж байгаа байх. Хоёрдугаарт, хүү торгууль бүрдүүлж байгаа байгууллагын зардлын хэрэгцээнээс хамаардаг. Тухайлбал, Цагдаагийн байгууллагын ирэх жилийн төсвийн эрэлт хэрэгцээ хоёр их наяд төгрөг байна гэж тооцъё. Өнгөрсөн оны зарлагаас энэ дүн өссөн байвал, улсаас тухайн төсвийг бүрэн олгож чадахааргүй байвал, тодорхой хэсгийг төсөв бүрдүүлсэн өөрийн орлогоос бүрдүүлэх үүрэг өгдөг. Энэ байдал нь өөрийн орлогыг үүсгэхэд нөлөөлж байна. Тэгэхээр тухайн байгууллагын зарлагын төлөвлөлт ч маш чухал. Яг ямар үндэслэлээр тухайн байгууллагын зарлага нэмэгдэж байна. Үр ашигтай, ач холбогдолтой зардал мөн үү, биш үү гэх мэтээр аль аль талаасаа, төлөвлөж байгаа байгууллага болон Сангийн яам ч нарийн тооцоолж бодохгүй бол болохгүй.
-Цар тахлаас үүдээд иргэн аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг хүнд байгаа. Энэ үед торгууль, шийтгэлээ төлөх эдийн засгийн чадамжтай иргэн, аж ахуйн нэгж хэд байгаа бол. Төсөөлсөн хэмжээгээр хүү торгуулиа төлөхгүй бол орлого тасалдах уу?
-Нийт хүү торгуулийн зөрүү сүүлийн хоёр жил маш их зөрүүтэй гарч байгаа. Нийт торгуулийн 70-80 хувь нь төлөгдөөгүй байгаа. Тэгэхээр энэ тоо бодит байдлыг харуулж байгаа. Тухайлбал, Тээврийн цагдаагийн газраас 10 тэрбум төгрөгийн бид хүү торгуулийн орлого оруулахаар тооцоолсон байхад цаана нь төлөгдөөгүй хүү торгууль, он дамжсан төлбөр үүнээс ч их байдаг. Тэгэхээр хамгийн гол нь ажлын байрыг хадгалах бодлого чухал. Ажилгүй, орлогогүй иргэн, аж ахуйн нэгжид ямар ч төрлийн төлбөр дарамт болно. Тиймээс бизнес эрхлэгчдэд тавьдаг торгуулиа багасгах хэрэгтэй. Үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх гэж ядаж байгаа жижиг бизнес эрхлэгчдэд торгууль том дарамт болж байгаа. Тодорхой хугацаа заагаад торгуулийн хэмжээг багасгах, тодорхой хувийг төлсөн тохиолдолд үлдсэн хувийг нь торгуулиас чөлөөлнө гэх мэт урамшуулал, уян хатан байдлаар хандаж аль аль талдаа өрөө цэгцлэх бодлого барих нь зүйтэй. Үгүй бол хүү торгуулийн орлого хугацаандаа төлөгдөхгүй байх магадлал өндөр.
П.БАТЗАЯА