Монгол Улсын Зэвсэгт хүчнээс Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэсэн цэргийн багуудад хүндэтгэл үзүүлэх ёслолын үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клечески Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдад талархлын үг хэлэв. Түүний хэлсэн үгээс онцлох ишлэлүүдийг дурдъя.
– Өнөөдөр Монол Улсын Зэвсэгт хүчин болон АНУ-ын хувьд түүхэн цаг мөч тохиож байна. Хоёр улсын цэргийн алба хаагчдын хамтарсан гүйцэтгэлт Монгол Улс, АНУ-ын найрамдалт харилцааг бэхжүүлэхийн зэрэгцээ өнөөдрийн бахархалт өдрийг та бидэнд авчирлаа.
– Хал үзэж, хат суусан олон зуун Монгол цэрэг эрсийн өмнө гарч зогсоод миний бие үг хэлж байгаа нь нэр төрийн хэрэг юм.
– Монгол Улсын энхийг сахиулагчид Афганистан улсаас гадна дэлхийн олон оронд үүрэг гүйцэтгэлтээрээ эх орныхоо алдар сууг цуурайтуулж байна. Ийм л учраас АНУ нь Монгол Улсын энхийг дэмжих ажиллагааг олон талаар дэмжиж, бахархаж явдаг юм.
– АНУ-ын талаас Монгол Улсын энхийг дэмжих ажиллагааны сургалтын баазыг бэхжүүлэх, алба хаагчдыг сурган дадлагажуулахад олон талын дэмжлэг үзүүлж ирснийг энэ өдөр дурдахдаа таатай байна.
– Бүс нутгийн томоохон олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургууль болон өргөжиж, хүлээн зөвшөөрөгдсөн “Хааны эрэлд” нь бидний хамтын ажиллагааны нэг хэлбэр нь юм. Сургуулийн нээлт, хаалтын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга таныг үргэлж оролцож, дэмжиж байсан явдалд гүн талархал илэрхийлье.
– Хоёр улсын цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө манай Батлан хамгаалахын аташегийн албаныхан маш их шаргуу ажилладаг хамт олон. Тэдний хүчин чармайлт, эрэлхийлэл цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
– Бидний цэргийн хамтын ажиллагаа цаашдаа илүү өргөн хүрээнд, олон чиглэлээр өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна. Монгол цэргүүдэд итгэж болох юм байна гэдгийг ойлгосон учраас хүндэт индрээс бахархалтайгаар ингэж хэлж байна.
– Өвөг дээдсийнхээ дайчин замналыг энх цагт энхийг сахиулах үйлсээрээ дархалж яваа Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчдад бид нэг л тодорхойлолт өгмөөр байна. Тэр нь Монгол Улс үнэхээр цэргүүдийн өлгий нутаг, эх орон нь юм байна.
– Афганистан улсад үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын эр зоригтой дайчин бүрт баярлалаа гэдгээ хэлье. Та бүхэнд маш их баярлалаа” хэмээгээд ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзоригт “Талархал” гардуулсан юм.
Ахлах дэслэгч Д.БОЛОР