Categories
мэдээ нийгэм

“Арбидол” зэрэг вирусийн эсрэг эмийн үнэд шалгалт хийж эхэллээ

Эм ханган нийлүүлэх үйлдвэр болон эмийн сангуудад шалгалт хийж байгаа талаар ШӨХТГ-аас мэдээлэл өглөө.

“COVID-19 цар тахлын эмчилгээнд вирусийн эсрэг “Арбидол” эм хэрэглэж байгаа тухай олон нийтийн сүлжээнд тархсан.

Сүүлийн үед халдвар авах хүний тоо ихэссэнтэй холбоотой уг эмийн эрэлт ихсэж, үнэ хөөрөгдөж, дамлан худалдаалж байгаа тухай хэрэглэгчдээс гомдол ирүүлсэн. Уг мэдээллийн дагуу эм ханган нийлүүлэх үйлдвэр болон эмийн сангуудад “Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар”- тай хамтарсан хяналт, шалгалтыг эхлүүлээд байна.

Хяналт, шалгалтын зорилго нь коронавируст цар тахлын эмчилгээний удирдамжид багтсан вирусийн эсрэг эмийн зах зээл дэх үнэд хяналт, шалгалт хийх юм. Мөн вирусийн эсрэг эмийн ширхгийн болон багцын үнэд хяналт, шалгалт хийж, илэрсэн зөрчлүүдэд арга хэмжээ авч ажиллана.

Түүнчлэн COVID-19 халдварын үед яаралтай горимоор импортлох нэг удаагийн зөвшөөрөлтэй бусад эмийн үнийг олон нийтэд ил тод мэдээлнэ” гэв.

COVID-19 халдварын тархалт сүүлийн үед эрс нэмэгдэж, гэрээр эмчлүүлэх иргэдийн тоо хоёр дахин өсөөд буй.

Үүнтэй зэрэгцэн цар тахлын эсрэг эмчилгээнд хэрэглэдэг 6000 төгрөгийн үнэтэй байсан вирусийн эсрэг эм 30.000 гаруй төгрөг болж нэмэгдсэн талаар олон нийтийн сүлжээнд иргэд шүүмжлээд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *