Categories
мэдээ нийгэм

Болгоомжилж байна гээд буруу бодлого баривал бүр том эрсдэлтэй учирч мэднэ

Монгол Улсад виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчинг бүрдүүлж ФАТФ-аас гаргасан зөвлөмж 15 хэрэгжилтийг ханган Монгол Улсыг мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлээс сэргийлэх харилцан үнэлгээнд эрсдэлтэй орны тоонд оруулах эрсдэлээс хамгаалах үүднээс виртуал хөрөнгийн зохицуулалт бүхий хууль тогтоомжийн төслийг боловсруулжээ. Гэвч уг хуулийн төсөл учир дутагдалтай байгаа талаар салбарынхан хэлж байна. Энэ талаар ICТ группын гүйцэтгэх захирал Г.Лхамсүрэнгээс тодрууллаа.


-Виртуал хөрөнгийг зохицуулах хуулийн төсөл боловсруулагдаад явж байна. Салбарын хүнийх нь хувьд хуулийн төслийн талаарх байр сууриа илэрхийлээч?

-Хуулийн төсөл боловсруулах суурь шалтгааны нэг нь ФАТФ-ын зөвлөмж байсан. Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын “Саарал жагсаалт”-аас Монгол Улс 2020 онд гарсан. ФАТФ-ын Зөвлөмж 15-ын дагуу виртуал хөрөнгөтэй холбоотой үйл ажиллагааг бүртгэлжүүлэх, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх зорилгоор хяналт тавих үйл ажиллагааг зохицуулах хэрэгцээ шаардлага тулгарсан. Өөрөөр хэлбэл манай улсын виртуал хөрөнгийг зохицуул, эрх зүйн орчинг нь бий болго, журамла гэсэн. Ингээд тухайн үед Крипто валютын харилцааг зохицуулах анхны хуулийн төсөл анх Монголбанкин дээр яригдаж, аль болох зохицуулалттай болгох тал дээр нь ойлгомжтой, хялбар болгох дээр нь анхаарсан ажлын хэсэг байгуулсан. Гэтэл хуулийн төсөл боловсруулагдах явцад Санхүүгийн зохицуулах хороо, Хууль зүйн яам гэх мэт байгууллагууд орж ирсний улмаас нэлээн хүнд хууль болчихлоо. Энэ зах зээл нь нарийн технологийн асуудал ихтэй. Гэтэл технологио дутуу судалсан уу, мөн чанар философийг нь сайн ойлгосонгүй юу ойлгомжгүй хуулийн заалт, үг хэллэг их байна.

-“Бай”-гаа онож чадахгүй хуулийн төсөл болж байна гэж үзэж байна уу?

-Тийм. Энэ зах зээлийг боох, хөгжлийг нь удаашруулж улмаар бүр хориглох хандлага руугаа орчихоод байна. Уг нь хуулийн төсөл анх боловсруулагдаж байхдаа зохицуулах зорилготой байсан. Гэвч төсөл боловсруулагдах шатанд эхний зорилгоосоо ухарчихлаа. Хэрвээ хуулийн төсөл энэ чигээрээ батлагдвал монголын технологийн боломж бололцоо, гарц гаргалгаанууд бүгд гадагшаа чиглэнэ. Монголчуудын мөнгө гадаадын зах зээл дээр байршдаг болно. Монгол улсын үүнийг хянаж чадахаа болино. Бид харин ч мөнгө угаах терроризмтэй тэмцэнэ гэх зохицуулалтаа алдана.

Магадгүй эрсдлийг тооцож байж болох?

Энэ бол уламжлалт санхүүгийн зах зээлээс тэс өөр зүйл. 100 хувь технологи дээр суурилдаг. Тиймээс хуулийн төслийн ажлын хэсэгт мэргэжлийн технологийн хүмүүсийг түлхүү оролцуулах нь чухал байна. Цаашлаад хориглох биш зохицуулах тал руугаа ажилламаар байна. Тэгэхгүй бол бид маш олон сөрөг үр дагаврыг амсана. Эрсдлээс болгоомжилж байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ болгоомжилж байна гээд буруу бодлого баривал бүр том эрсдэлтэй учирч мэднэ. Блокчейн технологи манай улсад хөгжих ёстой. Энэ бол дэлхийн ирээдүйн төлбөр тооцоо, хөрөнгөний асуудал. Тиймээс бид хүссэн хүсээгүй ашиглаж сурахгүй бол дэлхий нийтийн хөгжлөөс хоцорно.

-Манай улсын хууль эрх зүйн орчин одоогоор ямар байгаа вэ?

-Монголд виртуал харилцааг хуулиар хориглосон зүйл байхгүй. Тиймдээ ч 2017 оноос зарим нэг байгууллагууд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоо монголчууд эх орондоо, төрөлх хэлээрээ Крипто валютын арилжаанд оролцож байна. Энэ нь сайшаалтай хэрэг. Ер нь дэлхийн ихэнх нь улс орнууд ийм байгаа. Үүнийгээ дагаад монголчуудын Крипто валютын ойлголт, хэрэглэгээ харьцангүй өндөр болсон байна.

-Дэлхийн улс орнуудтай харьцуулахад Монголчуудын хэрэглээ ямар түвшинд байна?

-Блокчейн гэдэг зүйл чинь өөрөө хил хязгааргүй. Монголчуудын хувьд Trade.mn дээр гэхэд 120 мянган хүн данс нээлгэчихсэн, арилжаанд оролцдог байна. Ер нь монголчуудын технологийн хөгжил, боломж бололцоо, Крипто валютын ашиглалт дэлхийд харьцангүй өндөр явж байна.

-Дэлхийн бусад оронд виртуал хөрөнгийг хэрхэн яаж зохицуулж байна вэ?

-Хэдхэн хоногийн өмнө Эль Сальвадор улсын хууль тогтоох байгууллага биткоиныг төлбөрийн хэрэгсэл болгон хэрэглэхийг зөвшөөрсөн хууль баталчихлаа. Мөн Малта, Швейцарь гээд ер нь дэлхийн ихэнх улс орнууд аль болох зохицуулсан байдлаар хуульчилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *