Хувийн цуглуулгад минь ганц дугаар нь буй “Монгол ардын үндэсний соёлын зам” сэтгүүлийн тухай интернэтээс мэдээлэл хайж үзвээс: “1934 оны нэгдүгээр сараас гарч эхэлсэн, “…үндэсний оюутан, идэвх анхаарлыг татсан уран зохиол, уран сайхны олон нийтийн зурагт сэтгүүл” бөгөөд Монгол Улсын тусгаар тогтносон хувьсгалт төрийн бодлогод нийцүүлэн, өөрийн үндэсний соёлыг хөгжүүлэх” зорилготой байжээ… 1934-1940 онд нийт 30-аад дугаар гарчээ” гэсэн нэг мэдээ, Монголын Зохиолчдын Эвлэлийн хуудаснаас “1934 оны 2 дугаар сард Монгол ардын үндэсний соёлын зам хэмээх сэтгүүл хэвлэгджээ… Анхны болон сүүлчийн эрхлэгч нь С. Буяннэмэх байв” гэсэн өөр нэгэн мэдээлэл гарч ирэв.
Монгол ардын үндэсний соёлын зам, дугаар 10
Сэтгүүлийн 10 дугаар
Тус сэтгүүлийн №10-ыг Монгол Улсын 25 дугаар он буюу 1935 оны 12 дугаар сард 2000 хувь хэвлэж, нэг бүрийг 50 мөнгөөр борлуулжээ.
Сэтгүүлд хэвлэгдсэн бүтээлүүд нь:
1. Уншигчдад Аюуш
2. Хоньчин Найдан Цэвэгмид
3. Дохио хэмээх зохиол Содномдорж
4. Максим Горькийн Эх хэмээх зохиолын үргэлжлэл Нацагдорж
5. Японд хариу. Ардын анхааралд Магсар
6. Энэ бүгд хэмээх амьд сонины зохиолоос Аюуш
7. Би даанч хэцүү байна Пүрэвжав
8. Улс төрийн уран сайхны зөвлөл ба уран зурагч нөхдийн анхааралд Чимэд
9. Хувьсгал (Шүлэг) Цэнд-Очир
10. Тэр өдөр баатар жанжны буун дуу сонстоход(шүлэг) Цэнд-Очир
11. Идэр олон нөхдөд энэ зүйлүүдийг сануулъя Мөрийн Намсрайжав
12. Монгол орон Зандраа
13. Манай сургууль Данзан
14. Адуучин хөвгүүний морин хуур молор эрдэнэ Цэнд-Очир
15. Жинчин ардын гайхамшиг Намжилдорж
16. Монгол охин Нацагдорж
17. Гудамжийн эзэн, ардын дайсан Бямба
18. Элсэн говь Бямба
19. Хөгшин хүний үлгэр, хүсэж эрмэлзсэн яриа (Хөдөөний өвгөн Төмөр)
20. Шүлэг Жигмэдийн Галдандорж
21. Яарваас даармуй Дашням
Фото зураг
Сэтгүүлийг олон сонирхолтой фото зургаар чимжээ. Энэ тухай хавтасны дотор талд “Тус сэтгүүлд хэвлэгдсэн зургууд нь Гэгээрүүлэх яамны фото зургуудаас авсан бөгөөд Улсын хэвлэлийн хорооноос зургийн барыг үйлдсэн ба 2000 хувийг хэвлэн нийтлэв” гэсэн байна.
Эдгээр зургаас хамгийн сонирхолтой, Монгол утга зохиолын түүхэнд холбогдолтой нь Ши.Аюушийн “Энэ бүгд хэмээх амьд сонины зохиолоос” хэмээх шүлэглэсэн тоймд хавсаргасан фотонууд юм. Учир нь 1973 онд Аюушийн зохиолыг эмхтгэн хэвлүүлэхэд энэхүү бүтээлийг нь оруулсан боловч фото зургийг нь орхигдуулсан ажээ. Тиймээс Монголын тайзны урлагийн түүхэнд хэдий баахан бүдэг боловч эдгээр зураг чухал холбогдолтой.
“Үнэн” жүжгийн зураг, тайлбар.
Ши.Аюуш
Дашдоржийн Нацагдоржийн судалгааны эргэлтэд ороогүй шүлэг
Сэтгүүлийн энэхүү дугаарт орсон Ши. Аюушийн бүтээлийг хожим дахин хэвлэсэн боловч Дашдоржийн Нацагдоржийн шүлгийг хэвлээгүйгээс болж их найрагчийн нэгэн чухал бүтээл судалгааны эргэлтэд орсонгүй, мартагдсан байна. Тиймээс энэхүү шүлгийг кирилл үсэгт буулган тайлбарлаж, Бүрэн түүврийг нь дахин хэвлүүлэхдээ оруулах зайлшгүй шаардлагатай юм.
“Монгол ардын үндэсний соёлын зам” сэтгүүлийн № 10 буюу 1935 оны 12 дугаар сард хэвлэгдсэн дугаарын 20 дугаар талд нийтлэгдсэн Д.Нацагдоржийн шүлэг нь:
Монгол охин
Мойл хоёр алаг нүдэн Монголын талд бүжиглээд
Морь хонь, үхэр малыг урьханаа саравчилмуй
Мянган удаа уран зүүний үзүүр гялалзаад
Нэгэн зүйл янагийн үлгэрийг сэм дурсмуй
Номин эрдэнийн талд зэрэглээ татаад
Таван төрөл баян сүрэг нүд алдам тархжухуй
Монгол охин утас ороож, угалз мэтгээд
Түмэн зүйл гайхамшигт урныг бүтээмүй
Урьхан лимбийн хоолой уянгат эгшгийг зохиогоод
Уул усан, өндөр нам лугаа хөгжим нийлүүлмүй
Урт сайхан монгол дуун алсад сонстоод
Буман эгшигт сонин цуурай лугаа хосолмуй
Дун адил цав цагаан шүдэн1 жигдрээд
Монгол охины эрүүл царайг чимэмүй2
Золгосон нэгэн инү гайхан мөрөөдөөд
Зүрхний толинд үргэлж ширтмүй
Ув улаан уруул ану3 лянхуан өнгөнд таацаад
Удамт охины жавхланг тодруулмуй
Ухамсар сэргэлэн оюун ану чимэглээд
Улам улам түүний үзэсгэлэнг илрүүлмүй
Зургийн хоёр хөмсөг холын холоос тодроод
Ертөнцийн сайханд тохирмуй
Ёстой4 монгол охины үлгэрийг сонсоод
Зуун зүйлийн баярын дохиог хураамуй
Алтан шаргал ашийн5царай ану наранд борлоод
Эрүүл сайхан бие инү цэвэр агаарт цэнгэмүй
Сод Монголын хэлэн дээр ном шүлэг уншаад
Соёлын гэрэлт давлагаа зүрхэнд нь бадармуй.
Нацагдорж
Их Нацагдоржийн шинээр олдсон шүлэг
Үгийн тайлбар
Монгол бичгээрх яруу найргийг кирилл үсэгт буулгахад хэм хэмнэл алдагдах, үеийн тоо зөрөх олон асуудал гардаг. Иймээс кирилл үсэгт яагаад ийн буулгав гэдгээ тайлбарлах нь зүйтэй.
1. Нэгэнт “алаг нүдэн” хэмээн “нүд” гэх үгийг монгол бичгийн хэлбэрээр “нүдэн” гэж буулгаж байгаа бол тогтворгүй хэмээлэг тэрхүү н төгсгөлийг оруулсан бусад үгийг мөн н-тэй нь авах ёстой. Тийм учраас “шүдэн, усан, дуун” хэмээв.
2. Монгол бичгээр “чи-мэ-мүй” гэх гурван үгтэй үгийг одоогийн ДҮД ёсоор бичвэл “чиммүй” гэж хоёр үетэй болно. Энэ нь их зохиолчийн хэлийг эвдэх аюултай байна.
3. “Ану инү”-г “нь” гэх аваас Нацагдоржийн зохиолын хэл танигдахгүй болох аюултай. Тиймээс хэвээр нь буулгав.
4. Сонгодог бичгээс өмнөх үеийн монгол бичигт Ж-Е хоёр авиаг ялгадаггүй, Е-ийн ээтгэрийг тавьдаггүй байсан уламжлалтай. Учир нь Ж-Е хоёр сэлгэдэг авиа юм. Иймээс бичгийн хэлний дагуу бол Д.Нацагдоржийн энэхүү бадгийн эхлэл дөрвөн үг болох “Жируг – Еиртинчү-Ёосутай-Жагун” гэх үгс нь толгой холбож байсан аж.
5. Уг эхэд “Асий-а” буюу өдгөөгийнхөөр бол “Ашаа” гэх маягтай бичиж. Үүнийг нэг шилбэ илүүдүүлсэн хэвлэлийн алдаа гэж бодож байна. “Хашийн – Ашийн” гэж солбин хэрэглэдэг байсан, тэр хэлбэр мөн болов уу гэж санана.
Дүгнэлт
Дашдоржийн Нацагдоржийн ийм нэгэн гайхамшигтай шүлэг тэртээ 1935 онд хэвлэгдсэн боловч мартагдсан нь харамсалтай байна. “Гайхамшигтай” гэж дүгнэхийн учир нь монгол бүсгүйн уран гоо, үзэсгэлэн төгөлдрийг уран яруу хэлээр магтан дуулсан, мөн “урьханаа саравчилмуй”, “утас ороож, угалз мэтгээд”, “буман эгшигт сонин цуурай” гэх мэт урьд өмнө сонстоогүй утга төгөлдөр үг хэллэгийг шүлэглэсэнд оршино.
Гэвчиг одоо оройтоогүй, утга зохиол судлаач шүүмжлэгч нар хэл найруулгыг нь судлан, судалгааны эргэлтэд оруулах буй за.
Манай сонины Вашингтон дахь тусгай сурвалжлагч
М.САРУУЛ-ЭРДЭНЭ