Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадам зургадугаар сарын 19-нд цагдаагийн “Сүлд” чуулгын концертын танхимд болно.
“Өдрийн сонин”-ы Асуух эрхийн танхимд өнөөдөр “Болор цом” наадмын талаар хэвлэлийн бага хурал боллоо. Тус хуралд МЗЭ-ийн удирдах зөвлөлийн дарга Д.Цэнджав, МЗЭ-ийн яруу найргийн Үндэсний төвийн тэргүүн Ж.Баяржаргал, МҮОНТ-ийн захирал Р.Тулга, ЦЕГ-ын соён гэгээрүүлэх албаны сургалтын хэлтсийн дарга Д.Долгорсүрэн, “Сүлд” чуулгын дарга, хурандаа Г.Эрдэнэбаатар, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар нар оролцсон юм.
МУУГЗ Ш.Гүрбазар “Болор цом” гэдэг оюуны, яруу найргийн их наадмыг аль болох үзэгчдэдээ шинэ соргог байдлаар хүргэх гэж манай телевиз хичээж байна. Наадам маань ч сайхан болно” гэв.
Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав “Олон түмний хүсэн хүлээдэг 38 дахь удаагийн Болор цом наадмыг зохион байгуулах гэж байна. Болор цом гэдэг бол оюун санааны, яруу найргийн, уншигчдын, зохиолчдын, яруу найрагчдын их том баяр цэнгүүн болдог. 2020 онд “Болор цом” наадмыг зохион байгуулах байсан боловч цар тахлын улмаас явагдаагүй. Болор цом бол алгасч, орхиж болохгүй олон түмэнд нэртэй болсон наадам. Энэ жилийн наадмыг Цагдаагийн ерөнхий газар тэр дундаа “Сүлд” чуулгатай хамтран зохион байгуулж байна. Мөн МҮОНРТ хамтран ажиллаж, тэргүүн байрын яруу найрагчид урлаг, оюун санааны их тэнгэр болсон Янжинлхам бурхны асар хүндэтгэлтэй өргөмжлөлийг гардуулдаг. Яруу найргийг зөөлөн хүчний бодлого гэж их ярьдаг. Хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлэх, үгийн урлагийг хүмүүст хүргэхэд асар том үүрэгтэй оролцдог. Энэ жилийн “Болор цом”-ыг Засгийн газар болон УОК-ын шийдвэрийн дагуу явуулна. “Сүлд” чуулгад зайгаа бариад зохион байгуулна” гэлээ.
Сүлд чуулгын дарга, хурандаа Г.Эрдэнэбаатар “2021 он бол онцгой жил. Учир нь цагдаагийн байгууллага үүсгэн байгуулагдсаны түүхт, яруу алдарт 100 жилийн ой тохиож байна. Түүхт ойгоо угтаад цагдаагийн байгууллагаас олон төрлийн арга хэмжээ, ажил зохион байгуулж байгаа. Ялангуяа олон нийт, иргэд рүү чиглэсэн олон ажил төлөвлөсний нэг нь “Болор цом” наадам. Цагдаагийн байгууллагыг төлөөлөөд зургаан яруу найрагч энэ удаагийн наадамд оролцож байгаа” хэмээв.
Монголын зохиолчдын эвлэлийн яруу найргийн төвийн дарга Ж.Баяржаргал “Оны эгшиглэнт яруу найрагч тодруулах, оны шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” уламжлал наадам 2021 оны зургадугаар сарын дундуур болох гэж байна. Түүхэнд тодоор бичигдэн үлдэх байх. Учир нь нэгдүгээрт, халуун зунаар, хоёрдугаарт, цар тахлаас болж их хойшиллоо. Болор цом наадам хамгийн анх 1983 онд ардын уран зохиолч Д.Пүрэвдорж гуайн санаачлагаар зохион байгуулагдаж байлаа. Түүнээс хойш 38 дахь удаагаа зохиогдох гэж байна. Энэ хугацаанд ардын уран зохиолч Д.Цоодол, Б.Лхагвасүрэн зэрэг манай нэрт яруу найрагчид гурван удаа түрүүлж байжээ. 2007 онд анх удаагаа хөдөө орон нутагт буюу Эрдэнэт хотод зохион байгуулагдаж байлаа. Энэ жилийн наадамд 115 яруу найрагч, сонирхогч бүтээлээ ирүүлсэн. Үүнээс 30 яруу найрагч нь шүлгээ уншина. Үүний зургаа нь цагдаагийн байгууллагын алба хаагчид. “Болор цом”-ын гурван эзэн мөн шүлэг, зохиолоо уншина” гэсэн юм.