Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт орон даяар явж дууслаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, “Зөв ХҮН электорат” эвслээс Д.Энхбат нар сонгуульд нэр дэвшин өрсөлдлөө.
Дүн мэдээгээ ирүүлсэн бүх хэсгийн хороонд урьдчилсан байдлаар МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх ялалт байгуулаад байна.
Ерөнхийлөгчийг үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байлгахын тулд нэр дэвшигчийн насны доод хязгаарыг 45 байсныг 50 болгож, дөрвөн жилээр хоёр удаа сонгогдох боломжтой байсныг зургаан жилээр нэг удаа сонгогдох зохицуулалтыг 2019 онд шинэчлэн баталсан Үндсэн хуулиар хуульчилсан.
Өмнөх таван Ерөнхийлөгчөөс П.Очирбат, Н.Багабанди, Ц.Элбэгдорж нар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тус тус хоёр удаа сонгогдож байсан бол цаашид дээр дурдсанчлан зургаан жилийн хугацаанд Ерөнхийлөгчөөр ажилласан хүнийг дахин нэр дэвшүүлэхгүй байхаар хуульд тусгаад буй.
Ерөнхийлөгч нарын бүрэн эрхийн хугацаа:
П.Очирбат 1993-1997,
Н.Багабанди 1997-2005,
Н.Энхбаяр 2005-2009,
Ц.Элбэгдорж 2009-2017,
Х.Баттулга 2017-2021 онд тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.