Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Ч.Тунгалаг, Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Амардэлгэр нар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албаны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах түр хорооны хуулийн шинжээч Рената Тардиолиг өнөөдөр буюу зургадугаар сарын 4-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Танхимын тэргүүн Ч.Тунгалаг уулзалтын үеэр Монгол Улсад сонгуулийн маргааныг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин, хэргийн харьяалал, хугацаа зэрэг асуудлуудаар мэдээлэл өгч, шинжээчийн сонирхсон асуултад хариулав.
Дашрамд дурдахад Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн албанаас 10 хүний бүрэлдэхүүнтэй баг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг ажиглахаар ирсэн бөгөөд Дээд шүүхийн холбогдох албан тушаалтантай уулзах хүсэлт ирүүлсэн юм.