Манай өвөөгийнх гандангийн хажууханд амьдардаг юм. Тиймээс өвөөгийндөө очих бүртээ замд байдаг болохоор ч тэр үү заавал гандан хийдээр ороод гарна. Ариун бүхний дээд бурханы газарт сүсэгтэн олон сайн сайхныг бодож, сэтгэлийн амар амгаланг хүсч ирнэ. Тэд бурхан шүтээндээ тахил өргөж, лам хуврагат эдийн дээд хадаг барьж хүндэтгэл үзүүлэх нь элбэг. Мөн монголчууд сар шинийн баяраар ахмад буурлууддаа хадаг бариж золгодог уламжлалтай. Тиймээс хадаг гэдэг ариун нандин, хүндэтгэлийн эд гэдгийг хүүхэд байхаасаа л ухаарсан. Гэтэл тэр эдийн дээд хадаг хаа сайгүй хог болон хөглөрч гудамжинд хийсч энэ тэндэхийн хашаа хороонд уяатай байх нь олонтоо болжээ. Тиймээс хадаг гэж юу вэ?Хадаг хог болох хүртлээ үнэгүйдсэн эд үү гэсэн бодол төрж хадагны үүсэл гарлыг судалж үзлээ.
Хадгийг МЭӨ 4 зууны үед энэтхэгийн уран Бишу Гарма анх мяндсаар бүтээсэн гэдэг. Хожим нь хадгийг хүр хорхойн шүлснээс гаргаж авсан зөөлөн торгомсог, ямар ч хор хөнөөлгүй, байгальд шингэдэг материалаар хийдэг болж олдоц маш багатай,өндөр үнэтэй болжээ. Тиймээс зөвхөн онцгой хүндэтгэлт зан үйлд л хэрэглэдэг байж. Хадаг монголд 13 зууны үед хятад, төвөдөөр дамжин нэвтэрсэн гэж судлаачид үздэг байна.
Хадаг монголд маш ховор байсан. Сар шинийн баяраар өвөө эмээ нар хоёр гартаа хүрэхтэй үгүйтэй богинохон, маш олон жил нандигдан хадгалсан хадгаа гаргаж золгодог. Тэр хадаг нь самбай болтол элэгдсэн байдаг ч,тэд хадагны хүндэтгэл гоё сайхандаа биш бэлэгдэлдээ байдаг гэдгийг ухаарч мэдсэнийх биз.
Ийм л ховорхон байсан хадаг зах зээлийн нийгэмтэй зэрэгцэн асар ихээр урд хөршөөс орж ирэх болжээ. Хятадын үйлдвэрлэгчид орчин үеийн синтетик хадгийг маш хямд, өнгө үзэмж сайтай хийж эхэлсэн нь хадаг хэрэглэдэг орнуудын шашны зан үйлд том өөрчлөлт авчирсан гэдэг. Аливаа зүйл элбэг дэлбэг болж өнгө үзэмж сайтай болох нь сайн хэрэг. Тиймээс монголчууд эдийн дээд хадгаа алив баяр ёслол, хүндэтгэлийн үйлд өргөн хэрэглэж амар мэндээ мэдэн золгохоосоо эхлээд, багш шавийн барилдлага тавих, ахас ихсээ хүндлэхдээ алд цэнхэр хадаг барьдаг уламжлалаа үргэлжүүлж байгаа нь сайхан.
Гэтэл сайны хажуугаар саар нь их болжээ. Монголчууд бол байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж,хүндэтгэх өнө эртний уламжлал, үндэсний бодлого, ёс заншилтай ард түмэн.Гэсэн ч энэ цагт мухар сүсэгт автах хүмүүсийн балгаар хадгийг ургаа мод, хад чулуу, тэр бүү хэл төв суурин газрын гүүрний хашлага, шонгийн модонд хүртэл уядаг болсон нь байгаль дэлхийд асар их хөнөөл болж байна. Өнөөдөр бид шүтээн болсон овоо тахилга, аврал эрж мөргөн дээдэлдэг байгаль эхийн хүйн холбоогоо өөрсдийн гараар боомилон зовоож байна. Хэдий шашин шүтлэг, зан үйлтэй холбоотой байж болох ч мухар сүсэг, экологийн боловсрол дутмагийн гайгаар байгаль дэлхийгээ бид хөнөөсөөр байгаа нь юутай эмгэнэлтэй.
Хадгийг
модонд уяснаар модны ургалтыг зогсоодог. Өөрөөр хэлбэл залуу модод их хурдан
ургаж бүдүүрдэг учир түүнд уясан хадаг чивчирч чангараад их бие рүү нь шигдэн
орж, шим шүүс тархахыг нь зогсоон үхүүлдэг байна.
модонд уяснаар модны ургалтыг зогсоодог. Өөрөөр хэлбэл залуу модод их хурдан
ургаж бүдүүрдэг учир түүнд уясан хадаг чивчирч чангараад их бие рүү нь шигдэн
орж, шим шүүс тархахыг нь зогсоон үхүүлдэг байна.
Дээр нь синтетик хадаг барагтай бол тасардаггүй тул цаг хугацааны уртад мод руу яг л төмөр утас мэт шигдэн ордог. Ингэснээр тэрхүү хадаг өт хорхой үүрлэх аятай таатай орон зай болж, мод ороосон хадагны цаагуур том том өт хорхой үржиж, модны шим шүүсээр амьдарч, харин хөөрхий мод хатаж өмхөрдгөөр барахгүй жижиг шувууд сарвуугаараа хадганд орооцолдоод салж чадахгүй үхдэг . Үнэхээр нийслэл хотын эргэн тойрны ногоон бүс тэр чигээрээ хадаг яндар, хог хаягдал. Хөдөө орон нутаг дахь нийтээрээ хүндэлж дээдэлдэг бүх газар ялгаагүй адил байна.
Ингээд энэ талаар явуулдаг ямар арга хэмжээнүүд байдаг талаар сонирхоход:
- 2013 оны 8дугаар сард МУСГЗ, МСЭ Ерөнхийлөгч Б.Галааридын санаачилсан “Амьд байгалиа хайрлая” сайн санааны аяны хүрээнд “Тэнгэрийн тод тамга” ТББ болон цахим хуудасны идэвхтэй жиргээчид, Сэлэнгэ аймгийн тужийн нарсанд орших Ээж модыг хэдэн зуун хадаг, яндраас нь салгаж, хог хаягдлыг нь цэвэрлэн буянтай үйлс хийжээ. Тэд 5–6 га газрын моддыг хадагнаас нь салгахад 10 орчим тонн болсон байна. Тиймээс тэд ингэж битүү ороосон мод яаж эрүүл ургах вэ? Мод чинь амьсгалдаг шүү дээ гэж, модоо хайрлая хамгаалъя хэмээн уриалж байсан байна.
- 2017 онд Нийслэлийн Байгаль орчны газар, Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, Монголын Бөөгийн нэгдсэн эвлэл хамтран “Хадгаа дээдэлье, байгалиа хамгаалъя” уриалга гарган ажилласан байна.Энэхүү уриалгын хүрээнд Тарвалин хийдийн лам хуврагуудтай хамтран цэвэрлэгээ хийсэн байдаг. Цэвэрлэгээгээр 13 га орчим талбайгаас 5 портер хадаг шашны эд хэрэглэлийг хурдан устгалд оруулж цэвэрлэгээний ажлыг амжилттай зохион байгуулсан. Тэд цаашид шашны зан үйл хийх, хадаг хэрэглэхтэй холбоотой орчныг бохирдуулах, мод ургамлыг гэмтээхгүй байхыг иргэд сүсэгтэн олонд анхааруулжээ.
- Мөн өнгөрсөн 2020 оны зун хэсэг иргэд нэгдэж Завхан, Архангай аймгийн заагт орших Солонготын давааг бүрэн цэвэрлэжээ. Ийн цэвэрлэхэд тус овооноос гурван машин хадаг болон бусад хог хаягдал гарсан байна.
Энэ мэтчилэн байгаль дэлхийгээ хайрлах хүмүүс байгаа хэдий ч устгаж сүйтгэдэг нь тэднээс илүү олон болж. Тийм болохоор байгаль дэлхий минь чимээгүй уйлан гаслаж байна. Монгол орны олон аймаг сум бүхэнд булаг шанд ширгэж , цөлжилт, ган гачиг болж эхлэлээ. Газар хөдлөлт ч сүүлийн жилүүдэд эрчимтэй байна. Энэ бүхэн хүний буруутай үйл ажиллагаанаас болдог. Бид л эх болсон байгалиа хайрлан хамгаалахгүй бол өөр хэн хайрлах билээ. Байгаль дэлхий, цэцэг навч, мод ургамал, ус агааргүй бол бид амьдарч чадахгүй.
Тиймээс өвөг дээдсээс уламжлан ирсэн шүтээн хайрханаа тахиж хүндлэхдээ хог болох зүйлсийг битгий тавиач , таны чин сэтгэлээр бодсон сүсэг гэрлийн хурдаар хүрэх газраа очно. Тэрнээс чөдөр тушаа болсон эрээн мяраан хадаг яндар, хийморийн дарцаг биш шүү гэдгийг ойлгох цаг хэдийн болжээ.