Олимпийн наадмыг дотоодын үзэгчидтэйгээр зохион байгуулах шийдвэр гарвал үзэгчдийн коронавирусийн “PCR” шинжилгээний хариу сөрөг гарсан байх шаардлагатай хэмээн Японы “Yomiuri” сонин Засгийн газрын эх сурвалжуудыг иш татан мэдээлжээ.
Төлөвлөгөөнд дурдсанаар, үзэгчид спортын арга хэмжээ болохоос хамгийн ихдээ долоо хоногийн өмнө шинжилгээнд хамрагдсан байх ёстой аж. Тийнхүү уралдаан тэмцээн үзэхдээ спортын байгууламжийн үүдэнд коронавирус илрээгүй гэдгийг нотлох бичгээ үзүүлэх ёстой бол вакцин хийлгэсэн иргэдийн хувьд ингэх шаардлагагүй юм.
Наадмыг үзэгч, сонирхогчдыг шинжилгээнд үнэгүй хамруулах бөгөөд ийм зорилгоор зохион байгуулагчид өдөрт 400 мянган хүнээс шинжилгээ авна гэж тооцоолж байна. Үүнээс гадна спортын байгууламжуудад байх үеэрээ үзэгчид амны хаалт заавал зүүх журмыг дагаж мөрдөх бөгөөд тэндээ хооллож ундлахыг үзэгчдэд хориглож магадгүй байна.
Тамирчид хийгээд тэдэнтэй ойр харилцаж буй хүмүүсийг өдөр бүр коронавирусийн шинжилгээнд хамруулах шийдвэрийг Олимпийн наадмыг зохион байгуулагчид дөрөвдүгаар сард гаргасан билээ. Бусад оролцогчдын хувьд ирсэн өдрөөсөө хойш гурван хоногийн хугацаанд өдөр бүр шинжилгээ өгөх ёстой юм.