Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглах тусгай хороо байгуулжээ

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран өнөөдөр буюу тавдугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ажиглах Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах тусгай хорооны тэргүүн, хатагтай Лолита Чигане болон бусад төлөөлөгчидтэй цахим уулзалт зохион байгуулав.

Уулзалтын эхэнд Сонгуулийн ерөнхий хорооны дарга Монгол Улсын Засгийн газрын урилгаар ЕАБХАБ-ын АИХЭГ-наас ажиглагчид илгээн ажиллуулж байгаад талархал илэрхийлээд, Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны үйл ажиллагаа болон Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил, үйл явцын тухай товч мэдээлэл өгч, шинжээчдийн сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариулт өглөө.

Ардчилсан институт, хүний эрхийн газраас Сонгууль ажиглах тусгай хороог 5-р сарын 25-ны өдрөөс эхлэн Улаанбаатар хотноо байгуулан ажиллуулж эхэлсэн бөгөөд Сонгууль ажиглах тусгай хороог хатагтай Лолита Чигане удирдаж байна.

Тусгай хороо нь Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахдаа ЕАБХАБ-ын гишүүн орнуудын хүлээсэн үүрэг амлалт, ардчилсан сонгуультай холбоотой олон улсын хэм хэмжээ, үндэсний хууль тогтоомжтой хэрхэн нийцэж буй эсэхийг ажиглан үнэлэлт дүгнэлт өгч, зөвлөмж гарган, ажиглалтын тайлангаа олон улсад нээлттэй танилцуулна хэмээн уулзалтын үеэр онцлов.

Тусгай хорооны бүрэлдэхүүнд Сонгууль ажиглах хорооны дэд тэргүүн Жилл Сафи, сонгуулийн шинжээч Марцела Маскова, хуулийн шинжээч Рената Тардиоли, улс төрийн шинжээч Мауро Калво, хэвлэл мэдээллийн шинжээч Пьетро Тесфамариам, сонгуулийн зөвлөх Кеара Касталдо нарын олон улсын шинжээч мэргэжилтнүүд багтаж байна. Эдгээр шинжээчид нь Латви, Франц, Итали, Чех, Испани, АНУ-аас ирж ажиллаж байгаа юм.

Монгол Улс 2012 онд ЕАБХАБ-ын 57 дахь бүрэн эрхт гишүүнээр элсэн орсон цагаас хойш тус байгууллагын бүх үүрэг амлалт, үүний дотор ардчилсан сонгуультай холбоотой амлалтуудыг биелүүлэх үүрэг хүлээх болсон билээ. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013, 2017 оны сонгууль, Улсын Их Хурлын 2016, 2020 оны сонгуулийг ЕАБХАБ-ын гишүүн орнууд, Европын Парламент болон ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн төлөөллөөс бүрдсэн 300-400 гаруй ажиглагчтай багийг тогтмол илгээн ажиглаж, хамтран ажилласан уламжлалтай.

СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *