“Монос” группийн зүгээс коронавирусийн эсрэг “Remdesivir” тариаг оруулж ирэхээр ОХУ–ны эмийн үйлдвэрээс татсан байна. Гэвч тус тариаг импортоор оруулж ирэхийн өмнө ЭМЯ–наас зөвшөөрөл аваагүй шалтгаанаар гааль дээр саатсан талаарх мэдээлэл бий. Энэ талаар “Монос” группийн эзэн, УИХ–ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг “Энэ тариа ирсэн. Гааль дээр байгаа. Зөвшөөрөл хүлээж байна. Эртхэн зөвшөөрлөө өгчихвөл ковид туссан хүмүүс амь аврагдана. Шинэ Эмийн агентлаг энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Хүний амь нас шүү” хэмээн сошиал хуудастаа бичсэн байна. Үүнтэй холбоотойгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын холбогдох мэргэжилтнээс энэ талаар тодрууллаа.
–Ковидын эсрэг эмчилгээний үр дүн бүхий тариаг “Монос” группээс импортоор оруулж ирж байгаа юм байна. Тухайн тариаг албан ёсоор эмийн бүртгэлд бүртгэсэн юм болов уу?
-ЭМЯ-ны зүгээс тусгай зөвшөөрөл олгох, импортын лиценз өгөх ажлыг цаг тухайд нь шуурхай гүйцэтгэж байгаа. Харин таны асууж буй “Remdesivir” тариаг урьдчилж Хүний эмийн зөвлөлийн хурлаар орж батлуулаагүй байна. Хүний эмийн зөвлөлөөс батлаагүй бол ямар ч эм, тарианд зөвшөөрөл олгохгүй гэсэн үг. Гэтэл албан ёсны хурлаар оруулаагүй байж тариа татсан байна. Түүнчлэн ЭМЯ-наас зөвшөөрөл авсны үндсэнд импортын лицензээ гаргуулснаар эм тариаг оруулж ирэх ёстой шүү дээ.
–Тэгэхээр Хүний эмийн зөвлөлийн хурлаар зөвшөөрөөгүй бол оруулж ирэх үндэслэл бүрдэхгүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Манай улсад хэрэглэх эмийг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсний дараа импортын зөвшөөрөл олгодог. “КОВИД-19”-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15.5 д заасны дагуу гамшиг, нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмэнд импортын лиценз олгох асуудлыг Хүний эмийн зөвлөлийн хурлын шийдвэрийг үндэслэн Эрүүл мэндийн сайдын тушаалаар импортын лиценз олгож байна.
Хүний эмийн зөвлөлийн хурал энэ оны гуравдугаар сарын 25, гуравдугаар сарын 31, дөрөвдүгээр сарын 19, дөрөвдүгээр сарын 29ний өдөр тус тус хуралдаж, сүүлийн хоёр удаагийн хурлаар Коронавируст халдварын үед шаардлагатай вирусийн эсрэг эмэнд импортын лиценз олгох асуудлыг хэлэлцэж, хүсэлтээ ирүүлсэн байгууллагуудын хувьд тухай бүрт нь шийдвэрлэсэн байна.
–Ер нь хил гааль дээр эм тариа саатах асуудал ямар байна вэ?
-Гааль дээр биднээс шалтгаалахгүйгээр урт дараалал үүссэн байна. Импортлогч, үйлдвэрлэгчид маань өөрсдөө янз янзын нөхцөл байдалтай байгаа л даа. Тодруулбал, зарим үйлдвэрлэгчид заавал олон тоогоор захиалсан эм, эмийн бүтээгдэхүүнийг зуун хувь бэлэн мөнгөөр төлсөн тохиолдолд нийлүүлнэ. Ингээд олон хүчин зүйлээс шалтгаалж үйлдвэрлэгчдийн маань ачаалал харилцан адилгүй байна. Биднээс шалтгаалахгүйгээр ийм ачаалал хил дээр үүсээд байгаа.
“Монос фарм трейд” ХХК–ийн дэд захирал Б.Ононгоос тодрууллаа.
–Гааль дээр зөвшөөрөл авахаар хүлээгдэж буй коронавирусийн эсрэг тариа нь чухам ямар зориулалттай юм бол. Үйлчилгээ, үр дүнг нь тодруулбал?
-Энэхүү тариаг коронавирусийн халдвар хүндэрч амь насанд нь аюул учрах эрсдэлтэй байгаа хүмүүст тарих боломжтой. Өөрөөр хэлбэл, эрсдэлт бүлэгт хийх тариа гэсэн үг. Бид энэхүү “Remdesivir” хэмээх тариаг хоёр долоо хоногийн өмнө захиалсан. Одоогийн байдлаар ЭМЯнаас бидэнд тусгай лиценз өгөхгүй байгаад л байна. Гэхдээ энэ сарын 28нд лицензийн асуудлаар хуралд орох төлөвлөгөөтэй байгаа. Бидний зүгээс тариагаа хурдан хугацаанд оруулж ирэх, хүн ардынхаа амь насыг аврах хүсэлтэй байна
–Эм тариа гааль дээр удахаар чанарт нь сөргөөр нөлөөлөхгүй юү?
-Тухайн тариаг хэвийн нөхцөлд хадгалж болдог давуу талтай юм билээ. Одоогийн байдлаар коронавирусийн халдвар нь хүндэрсэн, биеийн байдал нь хүнд байгаа хүмүүст хийх 500 ширхэг тариа гааль дээр хүлээгдэж байгаа. Өнөөдрийг оруулж тооцвол (өчигдөр) тариа маань гааль дээр 45 хонож байх шиг байна.
–Тухайн тариаг захиалахынхаа өмнө зөвшөөрөл авах үүднээс ЭМЯ–нд хандаж үзсэн үү?
-Ковидын нөхцөл байдалтай холбоотой эмийн бүртгэл, зөвшөөрөл хэрэггүй гэж бодсон учраас эм, тариа захиалаад байгаа. Гэвч энд лиценз байхгүй гэх асуудал үүссэн.
–Хэрвээ оруулж ирвэл тус тариаг “Монос”-ын эмийн сангуудаар зарах уу, ЭМЯ–аар дамжуулж хэрэглэх үү?
Хэрвээ ЭМЯнаас авъя гэвэл бид нар шууд өгчихнө. Харин авахгүй гэвэл хувь хүмүүс эмийн сангаас авч хэрэглэж болох эсэх тодорхой мэдээллийг хэлж мэдэхгүй байна. Коронавирусийн халдвар нь хүндэрсэн хүмүүст тарих энэхүү тариаг ОХУ-аас авсан. “Remdesivir” нэртэй тарианы талаарх нотолгоо, шинжилгээг мэдсэний үндсэнд татаж авахаар төлөвлөсөн. Ковидын шалтгаант нас баралтыг багасгахын тулд энэ тариаг оруулж ирэх шаардлагатай гэж үзэж байгаа юм.
П.САЙНЖАРГАЛ