Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Манай намууд “мангас”-ыг гаргах гэж махарч байна

Зургаа дахь Ерөнхийлөгчөө сонгох сонгуулийн сурталчилгаа өчигдөр эхэллээ. Албан ёсны сурталчилгаа эхлэхээс өмнө л аль хэдийнэ сонгуультай холбоотой хөл, толгой нь олдохгүй бужигнаан эхэлсэн. Угаас тэгдэг л дээ. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 9-нд болно. Сонгуулийн сурталчилгааны хугацаа бага ч, албан бусаар аль хэдийнэ эхэлсэн.

Жигтэйхэн юм болоод л сурталчлаад л, зарим лидер нь намаасаа нэр дэвшигчийг амаа олохгүй магтаад эхэлчихсэн. Гурван намаас нэр дэвшигчид тодорчихоод байгаа. Одоо нэр дэвшигчдээ ялуулах гээд хөл газар хүрэхгүй хөөрч, ер нь амиа тавих нь ээ. Дээр нь дэмжигчид нь манай, танай тал гэлцээд сошиалаар нэг хэрүүл. Парламентын засаглалтай, ардчилсан тогтолцоотой манай улс Ерөнхийлөгчтэй байхаар Үндсэн хуульдаа заахдаа ард түмний эв нэгдлийн бэлгэдэл байна гээд тодорхой оруулсан. Үнэн хэрэгтээ өнгөрсөн жилүүдэд парламентаасаа давсан эрх мэдэлтэй, парламентын болон Засгийн газрын гишүүдээ гарын аясаар айлгаж сүрдүүлдэг Ерөнхийлөгчидтэй байлаа. Мачийж мачийж, намаасаа бөөн мөнгө төгрөг гаргаж, сайн, муугаа дуудалцан сүйд болж байгаад нэг нь ялаад гараад ирдэг. Маргааш нь л нам төрийн дайсан нэг том “мангас”тай болчихсон байдаг. Одоо бол “мангас” төрүүлэх уралдаан ид дундаа оволзож байна.

За тэгээд аль ч намаас нэр дэвшээд ялаад гараад ирсэн нэр дэвшигч нь өөрийг нь дэвшүүлсэн намдаа дайсагнадаг болоод удлаа. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гэгчээр л юм, юм болдог доо. Бүр анхны Ерөнхийлөгчөөс энэ бүхэн улбаатай. П.Очирбат Ардын намаас Ардын их хурлаас сонгогдон Ерөнхийлөгч болчихоод МАН дараа нь дэвшүүлэхгүй гэхээр нь Ардчилсан хүчний эвслээс нэр дэвшсэн. Анхны намаа орхиод айлын намаас дэвшиж гарч ирээд П.Очирбат Ерөнхийлөгч зүгээр байгаагүй ээ. 1996 онд ардчилсан хүчин ялаад гараад ирэхэд хор найруулж, өөрийнхөө тамгын дарга байсан М.Энхсайханыг Ерөнхий сайд болгосон. Угтаа өөрт нь нэр дэвших боломж олгосон Ц.Элбэгдорж, С.Зориг нарын нэгийг дэмжиж болох л байсан.

Дараа нь МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялж, Монгол Улс Н.Багабанди гэдэг Ерөнхийлөгчтэй болов оо. Ерөнхийлөгч болмогцоо л намын дарга Ерөнхий сайд Н.Энхбаяраа яаж баллаж байлаа. Н.Энхбаярт өөрт нь ч учир их байсан. Дээр нь Н.Багабанди ч түүнийг ер зүгээр байлгаагүй. “Урт шар дээлтэй хүний учруулж болох аюулаас хол бай” гэсэн титэм үгээ хэлээд л дайсагнаж эхэлсэн байдаг. Өөрийг нь Ерөнхийлөгчид дэвшүүлж, ялуулсан намдаа саад тотгор хийгээд зогсоогүй, төдийгүй өрөөлийн намаас нэр Ерөнхий сайдад нэр дэвшсэн Да.Ганболдыг долоон удаа буцааж байлаа. Түүнийг ингэж улстөржиж байх зуур С.Зориг амь насаа алдсан байдаг. Дараа нь Н.Энхбаяр МАН-аас нэр дэвшин Ерөнхийлөгч болсон. Хаан сууж, өөдөөсөө үг хэлэх хүнгүй болгосон. МАНыг бас л чичрүүлж байлаа. М.Энхболдтойгоо үй зайгүй байснаа сүүлдээ үг авахгүй байна гэж дайсан болгож, С.Баяртай сүжирсэн. Тэр үедээ намын залуу лидер У.Хүрэлсүх хаан мэт дураараа аашлах Ерөнхийлөгчтэй ам зөрснийхөө төлөө адлуулж, шорон орондоо ортлоо шахуулж хавчуулж, үйл тамаа үзсэн.

Ингээд ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Н.Энхбаярын дараа гарч ирсэн. Олон сайхан зүйл хийсэн. Сайн ч хуулиуд гаргасан. Гэхдээ л Ц.Элбэгдорж МАН-ын удирдлага М.Энхболдтой сүжирч, Худалдаа хөгжлийн банктай нэр холбогдож, “Эрдэнэт”ийн асуудалд орооцолдлоо. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад оролцож, өөртөө том дайсан бэлдсэн. Ингээд Н.Алтанхуяг буумагцаа л Ц.Элбэгдоржийн “Шударга бусын хонгил” гээч нэр томьёог гаргаж ирсэн. Тэр үед Н.Алтанхуягийн ойр тойрныхон бас цагдаа шүүх, шорон оронгоор ороод гарсан шүү дээ. Дээр нь оймс гозолзуулснаас эхлээд орон шоронгийн асуудлууд бас л бий.

Монгол Улс Ерөнхийлөгчтэй болсон цагаас хойш Ерөнхийлөгчийн эрх мэдэл нэмэгдсээр ирсэн. Сая харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр эрх мэдлийг нь нэлээд хумьж өгөх шиг боллоо. Монгол Улс парламентын засаглалтай атал Ерөнхийлөгчийн засаглалтай аятай л явж ирсэн. Ерөнхийлөгчид нь оролцохгүй ч юм байхгүй. Ерөнхий шүүгчийг Дээд шүүхийн шүүгчидтэй нь, ерөнхий прокурорыг прокурорын удирдлагуудтай нь, АТГ-ын даргыг томилно. Үүний дараа Ардчилсан намаас нэр дэвшсэн Х.Баттулга “Монгол ялна” гэсээр Ерөнхийлөгч болсон. Ардчилсан намыг хоёр хагаллаа. Өрсөлдөгч гол намынхаа удирдлагатай ах, дүү мэт сүжрэн сүйд байлаа. Биесээ магтан, хэлхэлдэж, салж хагацахааргүй болж, дөрөө харшуулсан. Хачирхалтай нь Х.Баттулгыг дэмждэг, түүний фракцынх гэж хэлж болохоор хүмүүс цөөнх болсон АН-ын гишүүдийг бүрдүүллээ. Яагаад заавал Х.Баттулгыг дэмждэг АНаас нэр дэвшигч л УИХын сонгуульд ялсан байна гэдэг бас сонин. Бүр нарийн яривал өнөөдрийн Ардчилсан намын нөхцөл байдалд Х.Баттулга буруутай. Эрх мэдлийн шунал түүнийг мөн л эвджээ. Ардчиллын төлөө хамт зүтгэж явсан олон нөхдөө шоронд хийлээ гэж түүнийг буруутгалаа. Дандаа л намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвшихээр лидерүүд шоронд орсон нь анхаарал татна. Монголоор дүүрэн дэмжигчтэй байсан түүнийг эсэргүүцэгчид мянга мянгаараа нэмэгджээ. Гомдож тунирхах, уурлаж бухимдах түмэн учир шалтгаан ч байсан биз. Ямар ч байсан Ерөнхийлөгчдийн явж ирсэн замнал тэр чигээрээ л хагалан бутаргах, айлган сүрдүүлэх, шоронгийн дарга аятай л байлаа.

Ингэж л парламентын засаглалтай, ардчилсан Монгол Улсад Ерөнхийлөгч хэмээх “мангас”ууд дураараа авирлаж ирлээ. Тэр нь, энэ нь гайгүй гэж хэлэхэд хэцүү. Тэр намынх, энэ намынх нь гайгүй байсан гэж өмөөрөх ч хэцүү. Бүгд л эвдэрсэн. Бас өөрийг нь дэвшүүлсэн намыг болон хүний намыг эвдлэлцсэн. Дахиад л аль нэг “мангасыг сонгох марафон эхэллээ. Эвгүйгээр хэлэх юм бол намууд дараагийн “мангас”аа гаргахаар махарч байх шиг харагдана.

Хэдийгээр хуулиар эрх мэдлийг нь хумьж өгсөн ч, хэн ч гарсан адил байх нь гэсэн болгоомж, айдас бий болжээ. Энэ удаа хугацаа нь сунаад зургаан жил болсон. Сонгож өгсөн намаа, Засгийн газраараа яаж тоглох бол. Зургаан жил суугаад дахин сунгахгүй болохоор дахин сонгогдохын төлөөх хор найруулга нь арай бага байх биз. Ингэж тооцоод Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тавин нас хүрсэн, алба хаших хугацааг нь нэг удаа зургаан жилээр болгосон. Ямар ч байсан нэр дэвшсэн гурвын нэг нь Ерөнхийлөгч болох нь тодорхой. Сонгогдсоныхоо дараа дахин улс төрдөө ирэхийн тулд хор найруулаад эхлэх үү. Эсвэл бүрмөсөн явах уу гэдгээсээ шалтгаалан үйл явдал өрнөнө. Хамгийн гол нь явах уу, үгүй юү. Улс төрөөс явахгүй бол “мангас” ажиллагааны хугацаа улам уртасна л гэсэн үг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *