Боловсролын үнэлгээний төвийн Шалгалт, судалгааны хэлтэс хариуцсан дарга М.Болдсайхантай элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой тодруулга авлаа.
–Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл дууссан. Хичнээн хүүхэд шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бэ?
-Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) өгөхөөр 40420 элсэгч бүртгүүлсэн байна. Одоо элсэгчдийн суудлын хуваарь зарлагдаж байна. Суудлын хуваарийг тусгай программаар бодож тухайн сурагч аль ангид, хаана суухыг тодорхой болгоно. Элсэгчид шалгуулагчийн булангаар ороод бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглаад өөрсдөө хэвлэж авах юм. Суудлын хуваарь зарлагдаад дууссаны дараа шалгалтын байраа бэлдэх ажлууд хийгдэнэ. Нийтдээ улсын хэмжээнд 48 шалгалтын байранд суудлын хуваарь зохион байгуулна. Хөдөө орон нутаг дахь ЭЕШ хариуцсан бүртгэгч нар шалгалтын байраа бүртгээд, бэлдээд явна. Улаанбаатар хотод байгаа 26 шалгалтын байрыг Боловсролын үнэлгээний төвөөс гарсан ажлын хэсэг бэлдэнэ. Орон нутгийн тухайд гэвэл сумдаас аймгийн төвдөө төвлөрч шалгалтаа өгөх болно.
–ЭЕШ–д бүртгүүлсэн хүүхдүүд ихэнхдээ ямар хичээл сонгож байгаа талаар сонирхуулахгүй юу?
-ЭЕШ-ын бүртгэлээс харахад улсын хэмжээнд математикийн хичээлийг хамгийн их хүүхэд сонгосон байна. Дараа нь нийгэм, англи хэлний хичээл орж байна. Бүр нарийн задалбал Улаанбаатар хотын элсэгчид англи хэлний хичээлийг түлхүү сонгож өгч байгаа бол хөдөө орон нутгийн хүүхдүүд дийлэнх нь математикийн хичээлийг сонгож өгч байна. Харин өмнө нь төгссөн хүүхдүүд нийгмийн ухааны хичээлийг түлхүү сонгосон байна.
–Тэгвэл хамгийн цөөн сонголттой хичээл?
-Хамгийн цөөн сонгосон хичээлүүдийг нэрлэвэл газарзүй, орос хэл, монголын түүх гэсэн хичээлүүд байна.
–ЭЕШ өгөх элсэгчдийг хүйсээр нь ангилбал?
-Нийт шалгалтад хамрагдаж байгаа хүүхдүүдийн 56 хувь буюу 22466 нь эмэгтэй бол 44 хувь буюу 17954 нь эрэгтэй байна.
-40-өөс дээш насны хүмүүс шалгалт өгөх байдал сүүлийн үед нэмэгдэх хандлагатай байна гэсэн үү?
-40-өөс дээш насны 160 хүн байна. 50-иас дээш насны 13 хүн бий. Ер нь эдгээр хүмүүсийн хувьд одоо эрхэлж байгаа ажлаа сайжруулах, албан тушаал ахих зэрэг ажил мэргэжлийн онцлогоос шалтгаалж шалгалт өгдөг. Зарим хүмүүс эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу шинээр бизнес эрхлэхийн тулд заавал Их, дээд сургуульд суралцсан, дипломтой байхыг шаарддаг учраас сурахаар элсэлт өгч байна. Миний мэдэхээр хамгийн өндөр настай элсэгч 73 настай хүн байсан. Уламжлалт анагаах ухааны чиглэлээр сурах хүсэлтэй. Тухайн хүн гурван жилийн өмнө байх аа, их сургуулиа төгсөөд хонхны баяраа хийж байсан. Иймэрхүү байдлаар хүмүүсийн сурах хэрэгцээ их, насан туршдаа л үргэлжилж байдагтай холбоотой. Ер нь сүүлийн үед 40-өөс насны хүмүүс сурах сонирхол ихэссэн. Үүнтэй холбоотойгоор элсэлтийн шалгалт өгөх хүмүүсийн тоо ч нэмэгдсэн.
–Энэ жил мөн л цар тахалтай үеэр ЭЕШ явагдаж байна. Тэгэхээр халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн мөрдөх талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Өнгөрсөн жилийнхтэй адилхан биеийн халууныг хэмжинэ. Амны хаалт зүүхийг шаардана. Хоорондын зайгаа барина. Шалгалтын байрны халдвар хамгаалал хийгдээд явна.
–ЭЕШ өгөх элсэгчид вакцин хийлгэсэн байх шаардлагатай гэсэн мэдээлэл яваад байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юү?
-Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ийм мэдээлэл яваад байгаа. Энэ бол худлаа.
Боловсролын үнэлгээний төв, БСШУЯ–наас Их, дээд сургуульд элсэн сурах гэж байгаа хүүхдүүдээс ковидын эсрэг вакцин хийлгэсэн байхыг шаардаагүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна.
Хувь хүн өөрийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангаад вакцин хийлгэх эсэх нь тухайн хүний асуудал. Манай Боловсролын үнэлгээний төв заавал вакцин хийлгэсэн байх ёстой гэсэн шаардлага тавихгүй.
–Тэгвэл шинжилгээ өгсөн байх шаардлагатай юу?
-Шинжилгээ өгөхийг ч шаардахгүй.
–Шалгалт өгөх элсэгчид шалгалтандаа ирэхдээ юуг анхаарах хэрэгтэй вэ?
-Элсэгчид суудлын хуваарийн дагуу шалгалтын байрандаа ирэхдээ шалгалт эхлэхээс цагийн өмнө ирсэн байх ёстой. Шалгалтын анги, танхим руу орохдоо дөрвөн төрлийн бичиг баримтыг шалгуулж нэвтэрнэ. Иргэний үнэмлэх буюу түүнтэй дүйцэхүйц бичиг баримт, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, бүртгэлийн хуудас, суудлын хуваарийн бичиг. Шалгалт эхлэхээс 10 минутын өмнө хаалгаа барина. Тэр 10 минутад бид шалгалтын дэг журам, санамж, зөвлөгөө, материалыг танилцуулна. Шалгалтын ангид харандаа, бал, баллуур, үзүүрлэгч, хариултын хуудас зэрэг бүхий л материалыг Боловсролын үнэлгээний төвөөс олгоно. Тиймээс дээр дурдсан дөрвөн бичиг баримтаас өөр зүйлийг биедээ авч орохгүй. Гар утас, чихэвч зэрэг ямар нэгэн нэмэлт зүйл авч орох, хэрэглэхийг хориглоно. Журамд заасан хориглосон зүйлийг шалгалтын явцад ашиглахыг завдсан тохиолдолд тухайн элсэгчийн шалгалтын материалыг хүчингүй болгодог гэдгийг анхаарах хэрэгтэй.
–Шалгалтын тов өөрчлөгдөөгүй биз дээ?
-Өөрчлөгдөөгүй. ЭЕШ долдугаар сарын 1-4-ний өдрүүдэд зохион байгуулагдана.
–Шалгалтын хариу хэзээ гарах вэ?
-Шалгалт долдугаар сарын 1-нээс эхэлж зохион байгуулагдана. Тухайн хүүхэд шалгалтаа өгч дуусангуут хариулт зарлагдаад явна. Тухай бүрт нь программаар хийгдэнэ. Шалгалтыг засч байгаа, дүн онооны мэдээлэл шууд лайваар явагдана. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ шалгалтын дүн оноонд хяналт тавья гэвэл лайв үзэх боломжтой.Мөн тавдугаар сарын 17-наас ЭЕШ-ын давтлага хичээлийг орон даяар эхлүүлсэн байгаа. Энэ бол хүүхдүүдийн тэгш өрсөлдөөнийг хангах зорилготой зохион байгуулагдаж буй ажил. Хүүхдүүд сайн дураараа оролцоно.