Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгэл судлаач Б.Баярцэнгэл: Ковидоор өвдөөгүй ч энэ өвчинтэй холбоотой буруу шийдвэрүүдээс болж олон иргэн хохирч байна

Сэтгэл судлаач Б.Баярцэнгэлтэй ярилцлаа. Сэтгэц зан үйл судлаач мэргэжилтэй тэрээр нийгмийн сэтгэл зүйн чиглэлээр ажилладаг бөгөөд ковидоор өвдөөд эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд хэдхэн хоногийн өмнө гэртээ гарчээ. Б.Баярцэнгэл өмнө нь манай сонинд ковидын үеийн сэтгэл зүйн өөрчлөлтийн талаар ярилцлага өгч байсан бол энэ удаад уг өвчин тусаад эдгэсэн туршлагаасаа ийн ярьж байгаа юм.


Та ковидоор өвдөөд, эмчлүүлээд эдгэрчээ. Хэзээ эмнэлгээс гарсан бэ?

-Би эмнэлгээс гараад дөрөв хонож байна. Анх хэд хоног бөөр хүчтэй өвдөөд нуруу татаж үүнтэй зэрэгцээд даралт ихэсч түргэн дуудаж үзүүлсэн юм. Тэгээд “Баянзүрх мед” эмнэлэгт очиж үзүүлээд тэндээ шинжилгээ хийлгээд маргааш нь хэвтсэн. Огт халуураагүй төдийгүй ханиалгах цээж өвдөх гэх мэт шинж тэмдэг илрээгүй. Тухайн эмнэлэг ч надад маш сайн үйлчилгээ үзүүлж бөөр болон тархины цусан хангамж сайжруулах эмчилгээ хийгээд хоёр хонолоо. Гэтэл хэвтэхээс өмнө өгсөн PCR шинжилгээ маань эерэг гараад шоконд ордог юм байна лээ. Учир нь би огт ханиаж, найтааж, цээж өвдөх зэрэг ерөнхий шинж тэмдгүүд нь илрээгүй юм. Шинжилгээнд эргэлздэг юм байна лээ. Эмч тухайлсан эмнэл зүйн шинж тэмдэггүй ковидоор өвдөж байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Тухайн үед эмч бусад сөрөг шинжилгээтэй хүмүүсийг маань палатнаас шилжүүлсэн. Би тухайн үедээ өөртөө биш гэр бүлдээ бас тэдгээр хүмүүст халдвар өгсөн байх вий гэж эмзэглэсэн. Эмчлэгч эмч маань ч гэсэн маскаа сайн зүүгээд халдвар хамгааллаа барьсан учир та халдаахгүй гэж тайвшруулсан л даа. Тус эмнэлгийн завсрын бүсээс БЗД нэгдсэн эмнэлгийн улаан бүс рүү намайг шилжүүлж ковидын эмчилгээ хийж эхэлсэн юм.

Одоо таны бие хэр байна. Маш их тамирдаж ядарч байна гэж фэйсбүүктээ бичжээ?

-Би ковидоор өвчилж эдгэснээ, юу мэдэрсэн, ямар мэдрэмж төрснөө нийгэмд нээлттэй байлгахыг хүссэн. Магадгүй ханиахгүй хэрнээ ковидоор өвчилж, түүнийгээ мэдэхгүй гэр бүлдээ эрсдэл учруулж болох талаар мэдлэг өгье гэж бодсон. Мөн ковидтой холбоотой иргэдэд үүсдэг мэдрэмжүүд, сэтгэл хөдлөл, хямрал бухимдал зэргийг бичиж үлдээмээр санагдсан. Та бүхэн санаж байгаа байх. Иргэдээ авчран дотооддоо эмчилж байсан, мөн хотод тохиолдол тарж “Энхсаран”, Баянзүрхийн нэгдсэн эмнэлэг, дараа дараачид нь олон том голомтууд бүртгэгдсэн тухайн үед иргэд “Ойр тойронд чинь өвдсөн хүн байна уу, худлаа тоо юм биш үү” гэх зэрэг хандлага нийгэмд хөвөрсөн. Гэтэл тэр үед хүмүүс айж байсан. Өөрсдийн асуудлаа хэлэх нь эрсдэлд, ялгаварлалд оруулах тийм сэтгэл зүй нийгэмд хүлээж байсан. Тэрний ул мөр нь одоо ч балраагүй байгаа. Ковидтой холбоотой сэтгэл зүйн асуудал яаж өрнөж болох талаар “Өдрийн сонин”-д би ярилцлага өгч байсан. Тэр бүү хэл халдвар алдаагүй тэр цаг хугацаанд ковидтой нүүр тулахад бэлэн бай гэж хэлж байсан. Учир нь манайх шиг нийгэм, улс төрийн нөхцөл нь иргэн бүрээ улстөрч болгох гэдэг стресстэй нийгэмд тахал тарах нь цаг хугацааны асуудал байсан. Нийгэм нэгдсэн зөв мэдээлэлтэй менежмэнттэй, тогтвортой, чанарын удирдлага бүх асуудлын зангилааг олж чадах зүйл юм гэдэгт итгэлтэй байсан тэр маань лавширсан.

Анх танд ямар нэг эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй, бөөр өвдөж, даралт ихэссэн юм байна. Тэгэхээр ковидоор өвдсөн тохиолдолд заавал халуурч, хоолой өвдөж, ханиах шинж тэмдэг илэрнэ гэж бодож болохгүй нь ээ?

-Дийлэнхдээ ханиах, хоолой сэрвэгнэх, хүчтэй ханиалгаж, цээж өвдөж, амт, үнэр мэдрэхгүй ирж байгаа ч өөр нэг суурь өвддөг эрхтэн өвдөх байдлаар хүндэрч ирэх тохиолдол нь надад илэрсэн юм билээ. Зарим хүний нуруу, зүрх нь өвдөж ирсэн байна лээ. Халуурахгүй, нус гоожихгүй байж ч болох юм байна лээ. Би халуураагүй, ганц ч ханиагаагүй, тэр бүү хэл цээж өвдөөгүй. Тухайн эмнэлэгтээ CT оношлоход уушги эрүүл гарсан юм. Энэ вирус өөрөө маш ухаалаг хоруу чанартай санагдсан. Таны юу өвддөг, тэнд очоод наалдчихаад ажлаа хийж эхэлнэ. Би бөөр тэсгэлгүй их өвдөж үүнтэй хамт даралт ихэсч толгой өвдсөн. Нийтлэг нь ихэнх хүн толгой өвдөж байна гэж их хэлж байна лээ.

Та сэтгэл судлаач, нийгмийн сэтгэл зүйг судалдаг хүн. Коронавирус хүний сэтгэл зүйд нөлөөлж, стресстүүлдэг гэж та дүгнэжээ?

-Би эмнэлэгт байх хугацаандаа бие арай дээрдээд гарах өдөр рүүгээ ойртохдоо google form ашиглаад ковид туссан эдгэсэн хүмүүсээс бичил судалгаа авсан юм. Одоогоор 80-аад хүн хариулсан байна лээ. Тухайн хүмүүсийн 80 хувь нь эерэг хариу авах үедээ маш их айсан, уйлж хямарсан, бие дээр илрэх өвдөлтдөө санаа зовсон гэсэн байсан. Түүнчлэн хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн хувьд ар гэрийнхээ шинжилгээний хариунд санаа нь зовж сөрөг гарвал сэвхийгээд л эдгээд явчихдаг юм байна лээ. Түүнчлэн талаас илүү хувь нь хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн үйлчилгээнд тааруу үнэлгээ өгсөн. Гэхдээ 79-хөн хүний бичил судалгаа шүү. Корона өвчин туссанаас санаа зовох биш тухайн вирус бие болоод сэтгэл зүйн хувьд маш ихээр туйлдуулж стресс бухимдалд автуулж байгааг анзаарсан юм. Мөн ковидоор хүүхдүүд нялх гэлтгүй өвдөж байна. Хөнгөн өвдөж байгаа гэж тоохгүй байгаа ч хүүхдүүд ууртай ааштай болж байна. Вирус тархи толгой өвтгөж, тайван бус болгодог. Нойрны болоод хоолны дуршил амтлах, үнэрлэх гээд мэдрэхүйд нөлөөлж байна, түүний нөлөөллөөр таатай бус байх гэх мэт шинж илэрнэ. Учир нь хүн амталж, үнэрлэх гэж мэдрэмжээр дамжуулж маш их аз жаргалын эд эс сэргэж байдаг шүү дээ

Анхны тохиолдол бүртгэгдэхэд нийгмээрээ айдаст автсан. Цар тахал, өвчин гэхээс ЗГ, УОК нь иргэдийг хиймэл айдаст автуулаад байна гэдгийг тухайн үед шүүмжилж байсан. Үүний хор уршиг нь одоо ч гарсаар байна?

-Харин тийм ээ. Анхнаасаа нийгмийн сэтгэл зүйг бэлтгэх бус айдаст автуулах ялгаварлах бусдын эрх ашгийг өндөрт тавьж байгаа гэх чиг шугам дор нийгэмд ковидоос өөр нэг шинэ тутам хурдан халдварладаг үзэл суртлын хэт нэг талд эрүүл бус сэтгэл зүйг бий болгосон хүмүүжил вирусийг тараажээ. Бид илүү хүчтэй ковидтой нүүр тулахад бэлэн, мөн хүмүүнлэг нийгмийн сэтгэл зүйг бэлдэхэд чиглэх байжээ. Одоо олон мянгаараа өвдөж эдгэцгээгээд сүүлээсээ хүмүүс энэ өвчний талаар дуу хоолойгоо хэлэх болсноор ковидоос болгоомжлох, зөв мэдээлэлтэй байх иргэдийн тоо өсч байгаа. Үүнтэй хамт ялгаварлан гадуурхалт нийгэмд байсан айдас жаахан ч гэсэн сарниж эхлэх шиг боллоо. Ковид бол цар тахал. Болгоомжлох хэрэгтэй. Гэхдээ иргэд харанхуй байж болохгүй гэдгийг тэдгээр байгууллагууд ухамсарлах хэрэгтэй. Миний хувьд гэртээ эмчилж байгаа гэх ухагдахуун дор өргөн тархацтай болгох вий гэж айж байгаа. Тухайн хүмүүсийг гэрийн хорионд найдвартай байлгахын тухайд хүнс, эм зэргийг өрхийн эмнэлэг, УОК нь хүргээд өгөх зэргээр дэмжиж тусгаарлалтаа чанд барих хэрэгтэй байх. Үүнд менежмэнттэй, хяналттай байх ёстой. Тухайн иргэнийг бүх талаар дэмжиж, тэтгэх хэрэгтэй. Утсаар ч гэсэн чин сэтгэлээсээ зөвлөөд биеийг нь хянах хэрэгтэй. Ковидын үед чанартай хүнс, сайн хоол, унд, эмээр гээд олон хүчин зүйлээр эдгэх явц түргэсдэг юм шиг санагдлаа, бодит байдалд. Нийгэм айдастай байхын хэрээр үндсэн асуудал ковид буюу үүнээс тэс өөр нийгмийн гажуудлууд ихэсдэг, гэмт хэрэг, амиа хорлолт гэх мэт. Зөвхөн ковидтой тэмцэж байна гээд хүнээ, хүний сэтгэлийг, амьдарч буй нөхцөл байдал, сэтгэл зүйн асуудлуудыг тоохгүй орхиж болохгүй. Учир нь ковидоор өвдөөгүй ч ковидтой холбоотой шийдвэр гаргалтуудын хамтаар нийгэмд олон олон иргэд хохирч байгаа.

Ковидоор өвдсөн хүмүүс ихэвчлэн тэр тухайгаа нуух гэдэг. Чухам юунаас болж ийм үйлдэл гаргадгийг та харсан байх?

-Тухайн үедээ нийгэмд жийрхэх, айх, түлхэх хандлага байсан болов уу. Гэхдээ одоо ч ковидын нэгдсэн мэдээлэлгүй хүн эдгэсэн хүнээс айх жийрхэх хандлага байна. Тухайн хүмүүст өвчин халдаах вий гэдэг айдас байдаг. Гэвч халдаахгүй гэдгийг мэдээд зөвөөр ойлгож эхэлдэг. Мэдлэг мэдээлэл дэндүү хомс болохоор айдас, жийрхэлт байгаад байна. Мөн ковид туслаа гэхэд хаанаас халдвар авсан гэдгээ мэдэх боломж бараг л тодорхойгүй. Гэртээ байдаг, ойр зуур дэлгүүр ордог хүн ч авсан байсан. Тэгэхээр олон хүн хаана байна, тэндээс байж болох юм байна. Маскаа зүүж гэртээ орохдоо сайн ариутгах, цэвэрлэхээ мартаж болохгүй.

Нийгэм ковидтой хүмүүсийг үзэн ядан, хавчих маягтай хандлага гаргадаг. Эсрэгээрээ ковид туссан хүмүүс нийгмээсээ ямар харилцаа хүсдэг юм байна?

-Тухайн өвчний талаар нэгдсэн зөв мэдээлэлтэй болмогц аяндаа арилах үйл явц юм байна. Тухайн өвчин хотхон бүрд л нэг хоёроор бүртгэгдэхэд хотхоны группэд иргэд харааж зүхэж бичдэг байлаа. Одоо энэ өвчин хийсч ирээд наалдчихдаг, хэнбугай ч тусах юм байна. Бие муу хүнд бол алтан амиа алдах ч эрсдэлтэй гэдгийг ухаарснаас хойш гадуурхах хандлага буурч байна. Миний харж буйгаар нас баралт бүртгэгдэж эхэлсэнтэй зэрэгцээд нийгэм арай ухамсар сууж хариуцлагатай болж эхэлсэн. Хий айдаст автаж байсан бол “Ээ дээ, энэ өвчин хэцүү юм, хайран хүн” гэж бодох эмпати сууж эхэлсэн юм болов уу. Гэхдээ туулж гарч байж биш, иргэдийн сэтгэлд зөв мэдээлэл хий айдас, түгшүүр бус зөв хандлага, зөв бодол мэдээлэл өгөх л чухал зүйл байжээ. Нөгөөтэйгүүр дараалсан олон хорио үр дүн өгсөн хэдий ч олны бөөгнөрөл болоод зарим зохицуулалт ч гэсэн иргэдийг эрсдэлд оруулж байсныг нуумааргүй байна. Жишээ нь, автобусанд иргэдээ удаа дараа чихлээ шүү дээ.

Энэ бол жирийн ханиад биш тахал юм байна гэж та анхааруулсан байсан?

-Хөнгөн явцтай тусаж эдгэж байгаа нь их ч амь насаа алдаж буй тоо бол тоглоом биш шүү. Хүн амын тоонд зөвхөн ковидоор гэхэд өдөр бүр нас баралт байгаа нь бодит зүйл. Жирийн ханиад юм уу хатгаа биш вирус гэдгийг л анхаараарай. Жирийн ханиад антибиотикоо уугаад тэр нян бактер устдаг бол вирус өөр асуудал шүү дээ. Хөнгөн тусах хэдий ч биеийн тамир тэнхээ энгийн биш болдог. Ядрах, туйлдах нэг хэсэгтээ тэмцэлдэх асуудал болж байна

Таны биеийг хэдий хэрийн хугацааны дараа хэвийн байдалдаа эргэж орно гэсэн бэ?

-Эмч нар дархлаагаа сайн дэмжих талаар жагсаалт гаргаж өгсөн. Түүний дагуу хичээхэд 3-6 сарын дараа хэвэндээ очно гэсэн.

Хэн нэгэн хүн өвчин ч юм уу, ямар нэг зүйлээс болж нийгэмдээ гадуурхагдах нь тухайн хүний сэтгэл зүйд эмгэг үүсгэж мэдэхээр л юм?

-Гадуурхагдаж байгааг мэдрэх л юм бол сайн дураар өөрийгөө тусгаарлаж хумигдаж стресстэж, хямрах тал руу явж эхэлнэ. Бухимдаж, нийгмийн харилцаагаа хумьснаар сэтгэл гутрал болон өөр салбарласан сэтгэл зүйн асуудлуудтай нүүр тулж эхэлдэг.

Та дархлаагаа яаж дэмжиж байна. Ковидын дараах дэглэмээсээ сонирхуулбал?

-Хөлс гарах, туйлдах нь эмнэлгээс гарсны дараа ч үргэлжлэх тул аль болох даавуун битүү хувцас, даавуун нимгэн малгай өмсөж салхи авч даарч чичрүүдэс хүрэхээс зайлсхийх хэрэгтэй. Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй л хөлөрч хөлс ялгарсны дараа даарч салхи авчих гээд байна лээ. Маш сайхан махаар амт шимтэй шөл хийж ууж давсны хэрэглээ, гурилан бүтээгдэхүүн ихээр хэрэглэхээс татгалзвал их зүгээр. Учир нь маш их ам хатаж, ам бохир юм шиг гашуу оргих нэг хэсэгтээ асуудал болох юм шиг ээ. Халуун цай, өөрт чинь тохирох дархлааны цай, уушгины цай гэх мэт ургамлын хандтай цай нь алжаал тайлна, тайвшруулна. Миний хувьд “Монос”-ын уушгины цай, бөөрний цай их гоё санагдсан. Толгойгоо угааж малгай өмсөж хөлсөө хатаасны дараа тайлах нь салхи авахаас сэргийлнэ. Учир нь хөлс гараад ядрахаар толгой руу сийгдэг юм билээ. Хөлс гарч ядрах нь эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гээд бүх хүнд илэрсэн шинж тэмдэг юм байна лээ. Ногоо жигнэж, шүүстэй хуурч идэж болно. Хуурай, хуурсан хурц хоолноос багахан татгалзаад шөл, ус их сайн уугаарай. Хүйтэн ундаа, хүйтэн зүйл уухаас багахан татгалзаарай. Ковид тусаж эдгэсэн хүмүүс дунд бичил судалгаа явуулахад эдгэсний дараах ямар шинж арилахгүй байна вэ? гэсэн асуултын хариултыг эрэмбэлэхэд, ядрах сульдах, толгой өвдөх, хөлс их гарах нойргүйдэх, мартах санах гэсэн шинжүүдийг хэлсэн байна лээ. Судалгааны хувьд би ямар зүйл туулаад байгаагаа тодруулах гэж хийсэн болохоор нэгдсэн том цар хүрээтэй судалгаа биш юм шүү. Цөөн тооны судлуулагчтай бичил судалгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *