Categories
мэдээ нийгэм

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: “Ад үзэгдэх зориг”

Ийм нэртэй ном манай бестселлерыг тэргүүлээд удаж байна. Уг ном Кишими Ичиро хэмээх япон эрхмийн бүтээл аж. Ямар ном ингэж удаан сайн борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлээд байдаг юм бол гэж бодоод уншиж үзсэн юм. Энэ ном ганц манайд ч бестселлер болоод байгаа юм биш. Олон улсад мөн хамгийн өндөр борлуулалттай номоор шалгарч байгаа аж. Уг ном Фрейд, Юнг нартай эн зэрэгцэн “Сэтгэл судлалын гурван том магнат” хэмээн алдаршсан Алфред Адлерын үзэл санаа буюу Адлерын сэтгэл судлалыг “Идэр залуу ба философич хоёрын харилцан яриа” хэлбэрээр тайлбарлан эмхэтгэсэн бүтээл юм. Хүн яавал аз жаргалтай амьдрах вэ гэх философилог асуултад туйлаас энгийн хэрнээ маш тодорхой хуриултыг дэлгэн үзүүлдэг. Та Адлерын сэтгэл судлалыг мэдсэнээр таны амьдрал өөрчлөгдөх үү. Үүнийг энэ ертөнцийн бас нэгэн үнэн ч гэж болохоор. Эсвэл бахь байдгаараа л байх уу. Та энэ номыг уншиж үзээд мэдээрэй. Уг номонд байгаа асуулт хариултуудаас танд сонирхуулах үүднээс ганц нэгийг нь эшлэж харуулъя.

Залуу: Та хорвоо ертөнцийг туйлын энгийн гэдэг гэлүү?

Философич: Тийм ээ, итгэхийн аргагүй энгийн хялбар, амьдрал ч бас тийм. Та л хорвоо ертөнцийг замбараагүй болгож хараад байгаа юм. Хүн объектив ертөнцөд амьдардаг бус, өөрийнхөө бий болгосон субьектив ертөнцөд амьдарцгааж байна. Та худгийн усыг ууж үзсэн бол өвөл бүлээхэн, зун хүйтэн мэт санагдана. Уг нь худгийн ус ойролцоогоор 18 хэмийн тогтмол дулаантай байдаг. Танд мэдэгдсэн уг усны дулаан нь ч, хүйтэн нь ч бодит факт. Субьектив ертөнцөд амьдарна гэдэг үүнийг хэлээд байгаа юм. Бидний хувьд “хэрхэн харж байна” гэх субъектив байдал л бүх юм бөгөөд өөрсдийн субьектив өнцгөөс хэзээ ч мултарч чадахгүй. Одоо та хорвоо ертөнц учир замбараагүй зөрчил будлианаар дүүрэн гэж харж байна. Хэрэв та өөрөө өөрчлөгдөх юм бол ертөнц эргээд энгийн хялбар төрхөндөө очиж болно. Тэгэхлээр асуудал нь ертөнц ямар гэдэгт бус, харин та ямар гэдэгт байгаа юм.

Залуу: Би ямар байна гэнээ?

Философич: Та нарны шилний цаанаас ертөнцийг харж байна гэж бодъё. Тэгвэл ертөнц бүүдгэр харагдана. Бүрэнхий байна гэж бухимдах хэрэггүй, шилээ аваад л болоо. Шилгүй ертөнц айхавтар гэрэлтэй нүд гялбамаар байж болно. Шилээ зүүмээр санагдахыг үгүйсгэхгүй. Тийм байлаа ч та нарны шилээ тайлж чадах уу. Ертөнцийг энгийн нүдээр шууд харж чадах уу. Танд тийм зориг бий юү?. Асуудал энд л байна.

Залуу: Зориг? та хүн өөрчлөгдөж чадвал ертөнц буцаад энгийн болно гэв үү?

Философич: Хүн өөрчлөгдөх боломжтой, түүгээр ч зогсохгүй аз жаргалтай ч болох боломжтой.

Залуу: Ямар ч хүн байсан бүгд чадах уу?

Философич: Нэг ч хүн үлдээлгүй, бүгд энэ мөчөөс эхлээд гэж эхэлдэг. Тэгээд цааш нь философич залуу хоёр амьдрал аз жаргалын талаар чухам юу хөөрөлдсөнийг та амтархан уншаарай. Уг номд “Сэтгэлийн шарх гэж байдаггүй”, “Бүхий л зовлонгийн үндэс хүн хоорондын харилцаа”, “Бусдын асуудлыг орхи”, ”Энд, одоо”-г чухалчлан амьдрах” гэх зэрэг бүлгүүдтэй. Уг бүлгүүдийг харахад л хичнээн сонирхолтой ном гэдэг нь шууд харагдана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *