Сүхбаатар дүүргийн хороо бүрт гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, өртсөн хохирогчдод тусламж, зөвлөгөө өгөх, хамгаалалтад авах, хүчирхийлэл үйлдэгчдэд сургалт явуулах зэрэг бүхий л тусламж үйлчилгээг үзүүлэх зорилготой “Хамтарсан баг” үйл ажиллагаа явуулдаг.
“Ковид-19” цар тахлын үед нийгмийн шинжтэй асуудлууд улам бүр нэмэгдэн, гэр бүл салалт, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, архидан согтуурах, цахим донтолт зэрэг асуудлууд нь хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн суурь шалтгаан байсаар байна.
Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас энэ удаа “Гэр бүлийн хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, хариу үйлчилгээ үзүүлэх арга зүй” сэдвийн хүрээнд Хамтарсан багийн гишүүдэд сургалт явууллаа.
Сургалтанд дүүргийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа болон Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн ажил хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.
Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, олон давтамжтай дуудлага мэдээлэлд хэрхэн ажиллах, хамтарсан багийн ажиллах журам, гишүүдийн үүрэг, хариуцлага, хэргийн тохиолдолд /кейс/ ажилласан туршлага, кейс менежментийн үйлчилгээ, үйлчлүүлэгчийн нууцыг чандлан хадгалах, хувь хүний аюулгүй байдлыг хангах зэрэг олон чухал агуулгын хүрээнд сургалт явагдлаа.