Categories
мэдээ эдийн-засаг

Г.Батжаргал: Уул уурхайн орлогыг хүртээмжтэй болгоно гэдгийг мөнгө тараах гэж хараад байна

Санхүүч Г.Батжаргалтай ярилцлаа.


-ДНБ 15 хувиар өслөө гэсэн тоог статистикийн хорооноос өгөө. Хөл хорионоос болж бизнес нь хумигдсан аж ахуйн нэгжүүд, орлого боломж нь багассан иргэдийн талаас харвал цаасан дээрх өсөлт гээд хэлчихмээр. Эдийн засгийн 15 хувийн өсөлт яг иргэд, аж ахуйн нэгждээ наалдсан хүртээмжтэй өсөлт байж чадах уу?

-ДНБ-ий 15.7 хувийн өсөлтийн хувьд статистикийн арга, математикийн тооцоолол талаасаа үнэн л дээ. Энэ оны нэгдүгээр улирлын өсөлтийг өнгөрсөн оны мөн үеийн ДНБ-тэй харьцуулж гаргаж байгаа юм. Ингэж харьцуулсан суурь тоог харахаар 2020 оны нэгдүгээр улиралд манай улсын эдийн засаг 10.7 хувиар агшчихсан байгаа юм. Статистикийн тооцож гаргасан өсөлтийг задлаад харвал дотор нь уул уурхайн өсөлт жин дарж байгаа л даа. Бусад салбаруудыг харахаар ойролцоогоор 0.6-1.5 гэх мэтээр маш бага өсөлт үзүүлсэн байх жишээний. Тэгэхээр эдийн засгийн энэ удаагийн өсөлтийг нийт улсын эдийн засгийн хувьд хүртээмжтэй гэж хэлэхэд хэцүү. Өөрөөр хэлбэл, ДНБ-ий өсөлтийн гол шалтгаан нь уул уурхай болоод байна. Коронавирус гарснаас хойш гурав, дөрвөн удаагийн хатуу хөл хорионд орсон, эдийн засаг, бизнес, цалин хөлсний орлого буурсан байхад яагаад ч өссөн гарах боломжгүй гэсэн байр суурь байгааг нэг талдаа үгүйсгэх аргагүй.

-Банк санхүүгийн статистикаас харахад ямархуу зураг харагдаж байгаа бол. Жишээ нь, иргэдийн хадгаламж өссөн үү, өнгөрсөн хугацаанд?

-Банкны системийн ерөнхий тоонуудыг харахаар иргэдийн хугацаатай хадгаламж өсөлт үзүүлээгүй анзаарагдсан. Нөгөө талдаа иргэдийн харилцах болон улс, хувийн байгууллагуудын харилцах дансны үлдэгдлүүд нэмэгдсэн зураг харагдлаа. Эдийн засгийг дэмжих арван их наядын хөтөлбөр гэж өнгөрсөн гуравдугаар сард зарласан даа. Оны эхэнд төв банкны үнэт цаасны үлдэгдэл 8.3-8.4 их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан. Саяхны мэдээг харахад 9.7 болоод нэг их наядаар нэмэгдсэн байна.

-Иргэдийн харилцах дансны үлдэгдэл нэмэгдсэн нь ямар шалтгаантай гэж та харж байна вэ?

-Иргэдийн харилцах дансны үлдэгдэл нэмэгдсэн нь магадгүй дунд болон дундаас дээш орлоготой иргэд улсаас тараасан мөнгийг хэрэглээндээ нэг их зарцуулаагүйтэй холбоогүй болов уу. Бага, дунд орлоготой иргэдийн хувьд авсан даруйдаа хэрэглээндээ зарцуулсан байх. Улсын байгууллагын харилцахууд нэмэгдэж байгаа нь нэг талдаа сайн ч нөгөө талд Оюу толгойн татварын маргаанаар орж ирсэн нэг их наяд төгрөг иргэдийн гар дээр бэлэн мөнгө болж тараагдсаныг дурдах ёстой. Эдийн засаг руу энэ хэмжээний мөнгө гаднаас орж ирсэн гэсэн үг.

-Гэхдээ ид хөл хорионы үе буюу дөрөв, тавдугаар сарын тоог статистикийнхан нэгтгэж амжаагүй байгаа. Тэр үед өөр дүр зураг анзаарагдаж мэдэх л юм…?

-Тийм л дээ, сүүлийн хөл хорио нэлээд урт хугацаанд үргэлжилсэн. Энэ хугацаанд эдийн засаг яг ямар болсон талаарх статистик албан ёсоор гараагүй. Өөрөөр хэлбэл, статистикаас сая зарласан тоо энэ хугацаатай хамаагүй. Оны эхний гурван сарын тоо л багтсан. Урт хугацааны хатуу хөл хорио дөрөвдүгээр сарын 10-наас эхэлсэн байгаа.

-Уул уурхайгаас шууд хамааралтай өсөлтийг зүгээр бэлэн мөнгө тарааснаар эдийн засагт бодитой эерэг нөлөө үзүүлэхгүй л дээ. Уул уурхайн өсөлтийг иргэн бүрд хүртээмжтэй болгохын тулд яах ёстой вэ?

-Уул уурхайгаас хамаатай өсөлт олон улсын зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүний үнэ сайн байгаатай шууд холбогдоно л доо. Зүй нь уул уурхайгаас орж ирж байгаа орлогыг эдийн засгийн салбараа хөгжүүлэхэд зарцуулах ёстой юм. Монголын хувьд олон улсын зах зээлд бүтээгдэхүүн гаргаж доллар олох боломжтой гарын таван хуруунд багтахаар хэдэн салбар бий. Энэ салбарууддаа хөрөнгө оруулалт хийж, ажлын байр олноор нь бий болгох эрэлт байгаа. Ингэж чадвал иргэдийг халамжлах биш, ажилтай болгох бодлого бодитоор хэрэгжинэ. Уул уурхайгаас орж ирж байгаа орлогыг иргэдэд бодитой, хүртээмжтэй, тэгш хүртээх ганц боломж гэвэл энэ л дээ. Харамсалтай нь улстөрчид уул уурхайгаас олж байгаа орлогыг иргэн бүрд хүртээмжтэй хүргэнэ гэдгийг халамж, бэлэн мөнгө тараах төдийгөөр хараад байна. Халамж бол нэг удаагийн шийдэл, цалин хөлс бол тогтмол орлого. Тэгэхээр нэг удаагийн орлогыг тогтмол орлого болгоход чиглэсэн бодлого л хамгийн үр дүнтэй. Ингэхийн тулд улс төрийн нэлээд томоохон реформын шинжтэй бодлого хэрэгтэй уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дандаа сайн байхгүй. Манай улсын тухайд уул уурхайн салбарт үнийг тогтоогч биш. Даган явагч улс орон учраас уул уурхайд найдсан эдийн засгийн өсөлтдөө ханаж болохгүй.

-Бизнесийг дэмжих зээл яг дэмжлэг хэрэгтэй бизнес эрхлэгчдэдээ очиж чадахгүй байна, хөл хорионоос болж туйлдсан иргэд банкны шалгуурт унаж байна гэсэн шүүмжлэл бий. Энэ тал дээр мэргэжлийн хүний хувьд байр сууриа хуваалцаач?

-Эдийн засгийг дэмжих арван их наядын хөтөлбөрийн тухайд ийм агуулгатай хөтөлбөр олон оронд хэрэгжиж яваа. Манай улсын хувьд эзэндээ хүрч чадаж байна уу гэдэг л хамгийн гол анхаарах өнцөг. Үүн дээр олон янзын байр суурь дуулдаж байна л даа. Зарим нь банк өөрийнхөө эх үүсвэрээр олгож, эрсдэлээ өөрөө үүрч байгаа учраас шалгуур тавих нь зөв гэж харж байна. Нөгөө хэсэг нь банкны шалгуурт тэнцэхгүй нь олон боллоо, тэр утгаараа бизнесийг дэмжих зээлийн хүртээмж муу байна гэх мэтээр байр сууриа илэрхийлж яваа. Яалт ч үгүй тийм асуудал бий. Өмнө нь зээл аваад ковидоос болж зээлээ төлж чадахгүй яваа жижиг, дунд бизнес эрхлэгч иргэдийн тухайн зээлийн үлдэгдлийнх нь хүүг улсаас тодорхой хэмжээнд хөнгөлөх бодлого явуулсан бол илүү үр дүнтэй байсан байж мэдэх юм. Одоо зээл хүсч байгаа хүмүүсийн хувьд өмнө нь зээл аваад төлж чадаагүй гэсэн шалтгаантай хэсэг багагүй бий.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *