Өнгөрсөн оны намар Төрийн думын гишүүд Соён гэгээрүүлэх үйл ажиллагааны талаар төрийн зохицуулалт хийх тухай хуулийн төслийг санаачилжээ.
Харин гуравдугаар сард хуулийг парламентаар хэлэлцүүлэн баталж, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин гарын үсэг зурсан байна. Шинэ хууль нь ирэх зургадугаар сарын 1-нээс мөрдөгдөх юм байна.
Боловсролын тухай эл хуулийг Оросын төр, нийгмийн зүтгэлтэн болон судлаачид шүүмжилж байр сууриа илэрхийлсээр байгаа юм.
Учир нь энэхүү хууль нь боловсролын салбарт цензур тавьж, хязгаарлалт хийх гэсэн оролдлого гэж үзэх хүн цөөнгүй байгаа аж.
Ямартаа ч хууль хүчин төгөлдөр болсноор ОХУ-ын Засгийн газар соён гэгээрүүлэх үйл ажиллагааны тухай дүрэм, журмыг тодорхойлох эрхтэй болж, хяналт тавих боломж бүрдэж байгаа юм. Тухайлбал, шинэ хуулиар боловсролын байгууллагууд олон улсын хамтын ажиллагаатай холбоотой аливаа гэрээ хэлэлцээг харьяа яамтайгаа зөвшилцөж байхыг шаардах аж.
Хамгийн сүүлд тавдугаар сарын 16-нд буюу ням гаригт Москвагийн улсын их сургуулийн байрны өмнө Оросын холбооны коммунист намаас сонгогдсон Төрийн думын гишүүн В.Рашкинаар тэргүүлсэн хэсэг бүлэг хүмүүс үзэл бодлоо илэрхийлжээ. Жагсаал эхлээд удаагүй байх үед 26 хүнийг саатуулсан юм байна.
“ВВС”-гийн мэдээлснээр жагсаалд 250 хүн оролцсон гэх авч зарим эх сурвалжид цуглаанд нэгдсэн хүний тоо 150 байсан гэж мэдээлжээ. Саатуулагсдын дотор Москвагийн улсын их сургуулийн эрдэмтэн профессор, төр нийгмийн зүтгэлтнүүд, аспирантууд ч байгаа аж. Москва хотноо коронавируст цар тахлын улмаас олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах, тэр дундаа жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон юм.
Д.ЦЭРЭНДОЛГОР