“Ковид-19″ вирусийн халдвараар өвчилж, улмаар 227 хүн (өчигдрийн байдлаар) харамсалтайгаар амь насаа алдаад байна. Ковидын шалтгаант нас баралттай холбоотойгоор АШУҮИС–ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн захирал, Анагаах ухааны доктор, профессор Д.Даваалхамтай ярилцлаа.
–Коронавируст халдварын тохиолдол өчигдөр 575-аар нэмэгдэж, 227 хүн хорвоог орхисон байна. Тэгэхээр маш хүнд хүний тоог бууруулснаар нас баралт багасах болов уу?
-Коронавируст халдварын нас баралтыг бууруулахад олон хүчин зүйл нөлөөлнө. Нэг талаас, өдөрт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлын тоо буюу халдвар авч байгаа хүмүүсийн тоог бууруулах. Нөгөө талаас халдвар аваад хөнгөн, дунд хэлбэрээр өвчилсөн хүмүүс эмчийн заавраар эмчилгээг хийж өвчнийг хүндрүүлэхгүй байх, хүндэрсэн тохиолдолд цаг алдалгүй эмнэлгийн тусламж авах хэрэгтэй. Ялангуяа, архаг суурь өвчтэй, өндөр настай хүмүүсийн хувьд богино хугацаанд хүндрэх эрсдэл байгаа учраас онцгой анхаарах шаардлагатай. Коронавирус нь зөвхөн уушгийг гэмтээгээд зогсохгүй хүний бүх эд эрхтэн, эрхтэн тогтолцоог тархмалаар гэмтээж байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Ийм учраас хүндэрсэн тохиолдолд үр дүнтэй эмчилгээ хийхэд нэлээд хэцүү байгаа юм. түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын зүгээс эмнэлгийн ор нь хүртээмжтэй бэлэн байх, тоног төхөөрөмж, эм тариа нь хангалттай байх, мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд оношилгоо, эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлэх гэх мэт олон хуучин зүйл чухал байна.
Гэхдээ аливаа халдварт өвчний нас баралтыг бууруулах хамгийн чухал арга бол вакцинжуулалт байдаг. “КОВИД-19”-ийн эсрэг вакцин хийлгэснээр хүнд болон маш хүнд хэлбэрээр өвдөх, нас барахаас сэргийлэх боломжтой.
–Халдварын тохиолдолд анхаарахгүй бол нас баралт нэмэгдэх эрсдэлтэй байх нь ээ. Тэгвэл халдварын тохиолдлоос гадна өөр юуг анхаарах шаардлагатай вэ?
-Тийм ээ. “КОВИД-19” халдварын тохиолдлын тоо нэмэгдвэл маш хүнд хэлбэрийн өвчлөл аяндаа өснө. Халдвар авсан хүний тоо хэт ихээр нэмэгдвэл, өвчин нь хүндрээд эмнэлэгт очиход орны хүрэлцээгүй болох аюул бий. Жишээлбэл, өнгөрсөн жил Италийн нэг эмнэлэгт л гэхэд өдөрт коронавирусийн хүнд хэлбэрээр өвдсөн 70 гаруй хүн эмнэлэгт очиход ор нь хүрэлцэхгүй, насаар нь эрэмбэлж хамгийн залуу 2-3 хүнийг нь хэвтүүлж бусад нь эмнэлгийн тусламж авч чадахгүй нас барж байсан. Одоогийн байдлаар Энэтхэг улсад бас ийм нөхцөл байдал үүсч, эмнэлэгт хэвтэж чадалгүй гэртээ, гудамжинд олон зуун хүн нас барж байна. Эдгээр улсад бүртгэгдсэн “Ковид-19” халдварын улмаас нас барсан иргэдийн тоо нь бодит тооноос хамаагүй бага байна гэж тооцоолж байгаа юм. Мөн эмч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүд хүрэлцээтэй, ээлжээр ажиллах боломжтой, ажил амралтын хуваарьтай байх нь чухал. Цар тахлын энэ хүнд цаг үед дэлхий даяар эмч, эмнэлгийн мэргэжилтний хомстолд орж байгаа шүү дээ. Эмч, сувилагч, мэргэжилтнүүд хамгаалалтын битүү хувцастай олон цагаар ажиллаж, өөрсдөө ядарч сульдсанаар өвдөх, халдвар авчих болов уу гэсэн айдсаас болж байнгын сэтгэл түгших, ажлаас халшрах хам шинжүүд гарч байна. Европын орнуудад халдварын дэгдэлтийн үед олон мянган эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд сайн дураараа ажлаасаа гарсан талаар мэдээлэл байдаг. Улмаар ажлын цагийг зохицуулах, цалин хөлсийг нэмэх зэрэг янз бүрийн арга хэмжээг авсан юм билээ. Товчоор хэлбэл, эмнэлэгт ор, боловсон хүчин, тоног төхөөрөмж, эм хэрэгсэл хангалттай байх ёстой. Тэгэхээр үүнд анхаарах нь чухал.
–Сүүлийн өдрүүдэд ковидын тохиолдол буурсан үзүүлэлттэй байгаа. Халдварын тоо буурч байхад нас баралт буурахгүй байна л даа. Үүнийг тодруулбал?
-Халдварын тоо буурахад шууд зэрэгцээд нас баралт буурахгүй. Харин халдварын тохиолдол багассанаас хойш дунджаар хагас сарын дараа нас баралтын тоо буурах боломжтой. Өөрөөр хэлбэл, одоогийн бүртгэгдэж байгаа нас баралт нь халдварын тохиолдол өмнө нь өдөрт 1000 гаруй бүртгэгдэж өсч байсан үеийн нас баралт гэж ойлгож болно. Учир нь, халдвар авснаас хойш өвчний нууц хугацаа үргэлжилж, дараа нь шинж тэмдэг илэрнэ, эрсдэлтэй хүмүүсийн хувьд хүнд, маш хүнд хэлбэрээр өвчилж тодорхой хугацааны дараа нас баралт тохиолдож байна. Тэгэхээр өдөрт бүртгэгдэж байгаа тохиолдлын тоо буурч байгаа учраас үүнийг дагаад нас баралт ч багасах ёстой гэж ойлгох нь өрөөсгөл болно. Нэмж хэлэхэд, өдөрт бүртгэгдэж байгаа халдварын тохиолдлын тоо буурч байна, хөл хорио суларсан, вакцинжуулалт үргэлжилж байгаа гэж тайвширч болохгүй. Одоогоор 100 шинжилгээ тутамд илрэх халдварын тохиолдол хангалттай буураагүй байна. Өөрөөр хэлбэл, өдөрт бүртгэгдэж байгаа халдварын бодит тоог нийт шинжилгээ хийсэн тоотой нь харьцуулж үзвэл хэр зэрэг буурч байгааг тооцоход илүү ойлгомжтой болно.
–Коронавирусээр нас барж байгаа хүний тоо буурахгүй байгаатай холбоотойгоор вакцин үнэхээр нөлөөлж чадаж байна уу гэсэн хардлага нийгэмд үүсч байна л даа?
-Манай улсад бүртгэгдсэн “КОВИД-19” шалтгаант нас баралтууд дотор вакциныхаа хоёр дахь тунг хийлгэснийхээ дараа вирусээр өвчилж, нас барсан тохиолдол байхгүй болов уу гэж бодож байна. Нас барсан тохиолдлуудаа вакцин хийлгэсэн эсэхээр нь харьцуулан судалж үзэх хэрэгтэй. Халдвар эрчтэй нэмэгдэж байсан 3-4 дүгээр сард вакцины бүрэн тундаа хамрагдсан хүмүүс харьцангуй бага байсан. Вакцины хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш дунджаар 14 хоногийн дараа дархлаа хамгийн сайн түвшинд тогтож байгааг вакцин үйлдвэрлэгчид өөрсдөө судалж тогтоосон байдаг. Иймд бүрэн тундаа хамрагдаад тодорхой хугацааны дараа хүндрэл нас баралтаас хэр сайн хамгаалах тухай ярихгүй бол өнөөдөр вакцины эхний тунгаа хийлгээд, хэд хоногийн дараа коронавируст халдвараар өвчлөх, хүндрэх, нас барах тохиолдол гарахад вакцин үр дүнгүй байна гэж ойлгож болохгүй.
–Иргэдийнхээ амь насыг хамгаалах үүднээс нас баралтыг бууруулах чиглэлд бусад орнууд ямар бодлого баримталж байсныг та судалж үзсэн үү?
-Дэлхийн улс орнууд вакцинжуулалт хийснээр “КОВИД-19” халдварын хүндрэл, нас баралтыг маш сайн бууруулж байгаа. Мөн маскаа зүүх, гараа угаах, хүн хоорондын зай барих арга хэмжээг хэрэгжүүлсэн хэвээр байна. АНУ болон Англид 2020 оны байдлаар хүн амын нас баралтын гурав дахь тэргүүлэх шалтгаан нь коронавирус болж байсан. Харин өргөн хүрээний вакцинжуулалт болон халдвар хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлснээр өвчлөл нас баралт нь эрс буурчээ. Гэхдээ иргэд нь хэт тайвширч маскаа зүүхгүй, олноор уулзалт цуглаан зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэм алдаж, вирусийн шинэ мутацийн халдвар нэмэгдсэнээс болж зарим газруудад халдвар өссөн учраас дахин дээрх хамгааллын дэглэмийг чангатгаж эхэлсэн.
–Халдвар авсан үедээ дур мэдэн өөрийгөө эмчлэх, цаг алдах эмнэлгийн байгууллагад хандахгүй байх зэрэг хүндрүүлж буй үйлдэл нь нас барах шалтгаан болж болох уу?
-Ер нь бол дур мэдэн эмчлэхгүйгээр, эмчийн заавраар эмчилгээгээ хийх шаардлагатай. Цаг алдаад байгаа нь хувь хүн хайнга хандсанаас болсон уу, эмнэлэгт хандахад оргүй, хүлээж авах боломжгүй байгаатай холбоотой юу гэдгийг анхаарах л асуудал. “КОВИД-19”-ийн халдвар авсан хүмүүсээс асуумж авч хүндрэх эрсдэлийг нь үнэлээд хөнгөн хэлбэрээр өвдсөн, мөн архаг суурь өвчингүй гэж хэлж байгаа хүмүүсийг гэрээр эмчилж байгаа. Архаг суурь өвчин гэдэгт чихрийн шижин, хорт хавдар, артерийн даралт ихсэх, зүрх судасны гэх мэт өвчнүүд ордог. Манай орны насанд хүрсэн хүн амын дунд эдгээр өвчнүүд түгээмэл байдаг хэдий ч нэлээдгүй хувь нь өвчнөө мэдэхгүй, эмнэлэгт хандаж оношлогдож байгаагүй хүмүүс байдаг. Тухайлбал, судалгаагаар чихрийн шижин, зүрх судасны өвчтэй эсэхийг асуухаар “үгүй” гэсэн хирнээ үзлэг, оношилгоо хийхээр тэр өвчнүүд илрээд гараад ирэх нь бий. Мөн хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн 70-80 хувь нь сүүлийн шатанд орох хүртлээ өвчнөө мэдэхгүй явж байна. Тийм болохоор гэрээр эмчлэгдэж байгаад өвчин хүндрэхэд архаг суурь өвчнүүд, түүнчлэн таргалалт, илүүдэл жин, тамхины хэрэглээ нөлөөлж байгаа гэж бодож байна.
П.САЙНЖАРГАЛ