Categories
мэдээ нийгэм

Сонгуулийн үеэр ажиллах ажилтнуудын хамгаалах хувцас, хоолны зардлыг ЗГ-ын нөөц сангаас гаргана

Ерөнхийлөгчийн сонгуулийн үед сонгогчдоос гадна хэсгийн хороодын 37 мянга гаруй ажилтныг хамгаалах хувцас, хэрэглэл, хоолны зардал болон бараа, материалыг 21 аймагт хүргэх зэрэгт шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Сонгогчид болон хэсгийн хороодод ажиллах хүмүүст амны хаалт, бээлий, хамгаалалтын хувцас, гар ариутгагч, байр ариутгах бодисоор хангах бөгөөд Сонгуулийн хэсгийн хороодод ажиллах 6,300 орчим хүний хоолны зардлыг багтаажээ.

Мөн Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой түр журам болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлтийн маягтыг хавсралтаар баталсан байна.

Сонгуулийн сурталчилгааны үед болон нам, эвсэл, нэр дэвшигчийн ухуулах байранд халдвараас сэргийлэх /халдваргүйжүүлэлт, агаар сэлгэлт, чийгтэй цэвэрлэгээг тогтоосон хугацаанд хийх, иргэдийн халууныг хэмжих, ариутгагч бодисоор хангах, хоорондын зай бариулах, санал авах байр сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөтэй байх гэх мэт/, сэжигтэй тохиолдол илэрсэн үед авах арга хэмжээ, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх, үүргийг журамд тусгасан байна.

Сонгуулийн үед халдвараас урьдчилан сэргийлэхдээ:

  • Хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх
  • Ил тод, хариуцлагатай байх
  • Ялгаварлан гадуурхахгүй, гутаан доромжлохгүй байх
  • Байгууллага хоорондын хамтын ажиллагааг хангах
  • Хүний нэр төрийг хүндэтгэн харьцах зарчим баримтлах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *