Categories
мэдээ эдийн-засаг

ҮСХ: Татварын орлого өсч, өрхийн цалин хөлсний орлого буурчээ

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр (2021.05.17) Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2021 оны эхний дөрвөн сарын үзүүлэлтийг танилцууллаа.


Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарболд “Нийгмийн статистик төрөлт, нас баралтаас шууд хамааралтай байдаг. Он гарснаас хойш 23959 хүүхэд мэндэлсэн. Covid-19-ийн үед төрөлт нэмэгдэх тооцоолол байсан ч төдийлөн нэмэгдээгүй. Монгол Улсад халдварт өвчний тархалт улирлын хугацаанд 2000-3000 тохиолдлын хооронд байдаг байсан. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд Covid-19-ийн 15 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, цар тахлын нөхцөл байдал өндөр эрсдэлтэй байгааг харуулж байна.

Дараагийн үзүүлэлт бол нийгмийн даатгалын орлого 15.1 хувиар, зарлага нь 17.4 хувиар тус бүр өссөн үзүүлэлт. Нийгмийн даатгалаас өндөр настны тэтгэврийг 344900 хүн буюу 75.9 хувь, хөгжлийн бэрхшээлтэй 69977 хүн буюу 15.4 хувь бусад тэтгэвэр тэтгэмж авч буй 39270 8.7 хувийг эзэлж байна. Нийгмийн халамж нэмэгдэж, сайн дурын нийгмийн даатгалд хамрагдах иргэд буурсан үзүүлэлттэй гарлаа.

Өрхийн орлогын тухайд 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар өрхийн ХАА-н бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 24.4, ХАА-н орлого 17.1 хувь, цалин хөлсний орлого 11.7 хувиар буурчээ.

УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ОРЛОГО 34.1 ХУВИАР ӨСӨВ

Үндэсний тооцоо, судалгаа, шинжилгээний газрын дарга А.ДЭМБЭРЭЛ:

-ДНБ 9.2 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 22.5 хувиар өссөн байна. Өнгөрсөн оны эхний улирлын байдлаар ХАА 14 хувиар, аж үйлдвэр, барилгын салбар 5.8 хувиар өссөн үзүүлэлттэй байсан. Тухайлбал, уул уурхайн салбар 29.7 хувь, үйлчилгээний салбар 6.5 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүн 10.7 хувиар тус бүр буурсан үзүүлэлттэй байсан юм.

2021 оны эхний улиралд ХАА-н салбар 6.6 хувиар буурч, дотоодын нийт бүтээгдэхүүн 15.7 хувь, уул уурхайн салбар 34.1 хувь, үйлчилгээ 3.6 хувь өссөн үзүүлэлттэй гарчээ.

ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ ХОЁР ИХ НАЯД ТӨГРӨГТ ХҮРЧЭЭ

Эдийн засгийн статистикийн газрын ахлах статистикч М.ОЮУНЖАРГАЛ:

-Оны эхний дөрвөн сарын байдлаар, өрийн үлдэгдэл төрийн салбар 0.2 тэрбум, хувийн салбар 1.5 их наяд байна. Мөн чанаргүй зээл хоёр их наяд байгаа юм. Харин хэвийн зээл 14.4 их наяд, хугацаа хэтэрсэн зээл 1.3 их наяд төгрөг байна. Чанаргүй зээл нийт зээлийн үлдэгдлийн 11 хувь, хугацаа хэтэрсэн зээл долоон хувийг тус бүр эзэлжээ.

Төсвийн орлогын бүтцийг авч үзвэл, татварын орлого 75.9 хувь, татварын бус орлого 13.2 хувь, ирээдүйн өв сангийн орлого 5.2 хувь, тогтворжуулалтын сангийн орлого 5.6 хувь эзэлж байна. Татварын нийт орлого эхний улирлын байдлаар дөрвөн их наяд болж, өмнөх оны мөн үеэс нэг их наядаар өслөө. Харин хадгаламжийн хувьд төгрөгийн хадгаламж дөрвөн их наяд төгрөг, валютын хадгаламж 0.7 их наяд төгрөгөөр өссөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *