Израилийн арми ба Палестины Хамас бүлэглэлийн хоорондох зөрчилдөөн долоо дахь хоногтоо үргэлжилж байна. Өнгөрсөн бямба гаригт Израилийн арми Газын зурваст байрлах “Ашошиэйтэд Пресс”, “Аль-Жазиира” зэрэг олон улсын хэд хэдэн мэдээллийн агентлагуудын байрыг бөмбөгдсөн байна. Хамгийн сүүлийн мэдээгээр Палестинд 174 хүн амиа алдсаны 49 нь хүүхэд бол Израильд найман энгийн иргэн нас баржээ. Израилийн тал энэхүү үйлдлээ “Зэвсэгт бүлэглэлийнхэн сэтгүүлчдээр бамбай хийж, уг барилгад тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан” хэмээн тайлбарласан ч нотлогдоогүй байна.
“Ашошиэйтэд Пресс” агентлагийн мэдээлснээр “Бөмбөгдөлтөөс болж дэлхий ертөнц бодит байдлыг мэдэх боломжгүй боллоо. Израиль зориуд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг чимээгүй болгож байна” гэв. Харин “Aль-Жазира” агентлагийн ерөнхий захирал “Энэ бол дайны гэмт хэрэг. Израиль дээрх үйлдлээрээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг зориуд чимээгүй болгож байна” хэмээжээ.
Зарим эх сурвалжид Израилийн арми Газын Зурвасын хилийн дагуу цэргээ байрлуулж, хуурай замын цэргийн ажиллагаа явуулж магадгүй талаар мэдээлжээ. Үүнтэй зэрэгцэн Израиль, Палестины хурцадмал байдлыг намжаах яриа хэлэлцээ хийх зорилгоор АНУ-ын төлөөлөгч бямба гаригт Тель-Авив хотыг зорьсон байна. Мөн НҮБ болон Египет улс зөрчилдөгч талуудтай гал зогсоох хэлэлцээ хийхээр чармайж байгаа аж. Газын зурваст нөхцөл байдал хурцадсанаас Палестины 10 мянга гаруй иргэн орон гэрээ орхиод байгаа юм.
Өнгөрсөн даваа гаригаас хойш Палестины газар нутгаас нийт 1050 гаруй пуужин харваснаас 850 нь Израильд хүрчээ. Тэдгээрийн зарим нь байндаа тусч, олонхыг нь агаараас хамгаалах системийн ачаар агаарт устгаж, 200 орчим нь хил давалгүй Газын зурваст унасан байна. Нөхцөл байдал ийн хурцдах болсон гол шалтгаан нь тавдугаар сарын эхээр Дорнод Иерусалим дахь Альс-Акса сүмийн гадаа болсон эмх замбараагүй байдлаас үүдэлтэй юм.
НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерриш, Палестинчууд болон Израилийн цэргийн хүчний хооронд мөргөлдөөн газар авч байгаа тул Израилийн болон тухайн бүс нутаг дахь аль ч улс олон улсын хууль тогтоомжоос дээгүүр байх ёсгүй” гэж онцолсон удаатай. Тэрбээр НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөл дээр хэт туйлширсан нэг талт үзэлтнүүдээс урьдчилан сэргийлэх талаар уриалсан байна. Туркийн ерөнхийлөгч Р.Т.Эрдоган Израиль, Палестины асуудлаар ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй утсаар холбогдон санал бодлоо солилцсон юм. Энэ үеэр тэрээр НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлөөс Израильд хандсан шийдвэртэй, тодорхой анхааруулга өгч оролцохыг уриалав.
Д.ЦЭРЭНДОЛГОР