Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Арвуулхнаа нийлээд аймгийн төсвийг босгочихно гэдэг бахархмаар байна

Татварын ерөнхий газар Монгол Улсын 2020 оны Шилдэг татвар төлөгчдийг алдаршуулж, олон нийтэд зарлав. Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт ийнхүү Шилдэг татвар төлөгчдийг зарладаг болоод 22 жил болж байна.

Татварын байцаагч гэхээр сүнсгүй айж зугтаж, нуугддаг, татвар гэхээр эвэртэй туулай үзсэн мэт цочирддог байсан үе бий. Харин зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш гайхахаа больсон байлгүй. Товчхондоо, УИХ-ын гишүүд, дарга, сайдууд, цэрэг, цагдаа, эмч, эрүүл мэндийн салбар гээд төрд хамааралтай бүхий л байгууллагын зардлыг татвараар төлж байдаг. Татвар бол эдгээр салбарынхныг цалинтай байлгаж, эднүүсийг амьдруулдаг юм. Монгол Улсын амьдарч буй, хөдөлж байгаа бүх юм татвараар бүтэж байдаг. Маниусыгаа элдвээр хэлээд, чичлээд айлгаад байгаа цагдаа хүчнийхэн, гудамжаар явахаар журамлаад торгоод байгаа замын цагдаа нар, “Гадуур тэнэлээ” гээд балбаад байсан хэв журмын цагдаа нарыг чинь татвар төлөгчид бид л цалинжуулдаг юм шүү дээ. Бидний цалингаасаа илүүчилж өгсөн төгрөг татвар болж, тэдэнд цалин болж очиж амьдралыг нь тэтгэдэг. Ийм учраас их ч бай, бага ч бай татвар төлөгчид бол зах зээлийн нийгэмд маш хүндтэй байдаг юм. Бизнес эрхлэгчид бол гол татвар төлөгч учир тэднийг зах зээлийн нийгмийн “бурхад” гэх нь бий.

Гэтэл ялангуяа бизнес эрхлэгчдийн талаарх монголчуудын нийтлэг хандлага онцгүй. Бизнес эрхлэгчдийн тухай сэтгэлгээ, хандлагадаа өөрчлөлт оруулах цаг нь болсон. Социализмаар бараг 100 жил явчихсан болохоор монголчуудын сэтгэлгээнд бизнес эрхлэгчдийг буруугаар ойлгож, үзэн яддаг үзэл нэвт шингэж, автоматаар тэр нь үе үе сэдэрч, дохио өгөөд байдаг “эмгэг”-тэй болцгоосон. Уг буруу сэтгэлгээг халъя гэвэл ард иргэддээ бизнес, эдийн засгийн салбарын тухай зөв ойлголтыг төрүүлж өгөх ёстой. Иргэддээ багаас нь энэ талаар ярьж өгч, зөв мэдээллээр хангах нь ирээдүйд Монгол Улс бизнес эрхлэгч, хөрөнгө оруулалчдад таатай орон болох шимтэй хөрстэй болно гэсэн үг. Бизнес эрхлэгч гэхээр л “Хүн шулж байгаа юмнууд”, “Шуналтай” гэж аль хоцрогдсон үеийн юмаа л ярьдаг. Тиймэрхүү ёс бус хандлага нь аль хэдийнэ социализмтайгаа нуран уначихсан. Систем нь нуран унасан ч тэр сөрөг хандлага, буруу үзэл нь тархинд нь шингэсэн учир байсхийгээд л дээрх үгсээ бизнес эрхлэгчид рүү шидэлж байгаа харагддаг. Эрүүл нүдээр харахаар бизнес эрхлэгчид хүн шулж байгаа юм ер байхгүй, хүнийг боол болгоод байгаа ч юм үгүй. Хуучин цагт “Улсад ажил хийнэ” гэж ярьдаг байлаа. Тэр нь одооныхоор төрийн алба л даа. Улсад ажил хийх, хувьд ажил хийхийн хооронд ямар ч ялгаа байхгүй. Харин ч хувийн хэвшилд ажиллахад түмний төлөө гэсэн сэтгэл илүү гаргана, хэдэн ажилтныхаа цалинг нь цаг хугацаанд нь, хэмжээнд нь тавьж байхыг зорьж өдөр шөнөгүй зүтгэцгээнэ.

Тийм ч учраас ингэж шударга ажиллаж, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж буй тэдгээр хүмүүс дотроос Шилдэг татвар төлөгч иргэдээ онцлон шалгаруулж, алдаршуулдаг уламжлалтай болчихсон нь энэ. Чухал биш байсан бол дуугүй өнгөрч, татвар төлөгчдөө тоохгүй хаях байсан биз дээ.

Өмнө нь ихэвчлэн аж ахуйн нэгжээр нь шалгаруулдаг байсан бол энэ жил Хамгийн өндөр татвар төлсөн 10 иргэнийг зарласан нь олон хүний талархлыг хүлээлээ. 2020 онд иргэн Ж.Оджаргал 8.7 тэрбум, Ж.Од 4.6 тэрбум, Л.Элдэв-Очир 502.5 сая, Д.Сүрэнхорлоо 311.5 сая, Ж.Энхбаяр 222 сая, Л.Чинбат 154.4 сая, Л.Болд 154.1 сая, Д.Ончинсүрэн 139.9 сая, Б.Уянга 124.9 сая, Ж.Баттулга 123.6 сая төгрөгийг тус тус улсын татварт өгснөөрөө сайшаагдлаа.

Энэ аравхан хүний нэг жилд өгсөн татвар нь нийлээд 15 тэрбум төгрөг болж байна. Үүнийг нь аймгуудын 2021 оны төсөвтэй харьцуулахад сонирхолтой зүйл ажиглагдлаа. Жишээ нь, энэ жил Өмнөговь аймагт 14.6 тэрбум төгрөг төсөвлөсөн нь энэ 10 хүний өгсөн татвараас 400 саяар бага байна. Тэр бүү хэл, “М-Си-Эс”-ийн Ж.Оджаргалын 2020 онд улсад төлсөн татвар нь 8.4 тэрбумын төсөвтэй Булган аймгийнхаас 300 саяар илүү дүнтэй байна.

Арвуулаа нийлээд Булган, Говьсүмбэр, Өмнөговь аймгийн төсвөөс их төгрөгийг Улсын төсөвт төвлөрүүлж, 17 тэрбумын төсөвтэй Сэлэнгэ, Увс аймгийн хэмжээний төсвийг ч өлхөн гаргачихаар хэмжээний харагдаж байна. Ийм их хэмжээний төгрөгийг татварт өгч байна гэдэг бахархахгүй байхын аргагүй сайхан үйл явдал. Арвуулхнаа нийлээд аймгийн төсвийг босгочихно гэдэг гайхалтай, бахархалтай.

Эд чинь хувь хүмүүс шүү дээ. Энэ арван хүн шиг ийм хөдөлмөрч, иргэний үүргээ ёсчлон биелүүлж, эх орныхоо төлөө бодитой хувь нэмрээ оруулдаг бизнес эрхлэгчдийнхээ тоог нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна. Энэ арваа 100 болгомоор байна. Тэр зуугаа цааш нь 1000 болгоё. 1000 нь хөгжиж, дэгжээд 10 мянгад хүрэг. Төр нь бизнес эрхлэгчдээ дэмжиж сүйд болдоггүй юм аа гэхэд савраа татахад л биесээ чирээд босоод ирчихнэ гэж энэ салбарынхан өөрсдөө ярьдаг. Ингэчихсэн байхад Монгол Улс баян тарган, чинээлэг ард иргэдтэй болно. Иргэд баян бол төр баян гэж хэлсэн чинь угтаа ийм л учиртай юм шүү дээ. Эдгээр арван иргэндээ баяр хүргэе ээ, та нараар бахархаж байна аа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *