УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин хуулийн төслийг танилцуулав.
НДШ-ийн хоёр хувиар бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг УИХ-ын гишүүд дэмжлээ. Чуулганд нийт 61 гишүүн буюу 81.3 хувь нь саналаа өгснөөс үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэсэн санал хураалт явуулахад 75.4 хувь нь буюу 46 нь зөвшөөөрлөө.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Нийгмийн даатгалын сан гэдэг буян сан биш. Нийгмийн даатгалын сангийн алдагдал өнөөдрийн байдлаар хэдэн төгрөгт хүрчээд байна вэ?
ХНХЯ-ны сайд А.Ариунзаяа:
-Улсын төсвөөс нийгмийн даатгалын санд татаас хэлбэрээр олгогддог 500 орчим тэрбум төгрөг тавигддаг. Энэ жилийн хувьд 499 тэрбум төгрөг суугдсан. Үүнээс сангийн цэвэр алдагдал нь 72.6 тэрбум төгрөг. Нөгөөтэйгүүр төрөөс нийгмийн даатгалын сангийн тогтолцоо үүсэхээс өмнө буюу 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэвэр болох 231.3 төгрөгийг даадаг. Цэргийн тэтгэвэр авагчдын тэтгэвэрт олгох 173 тэрбум, зарим иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх хуулийг тухайн үед гаргаж байсан зохицуулалтаар 19 тэрбум, 1995 оноос өмнө үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийг төрөөс даадаг. Нийтдээ төсвөөс татаасанд 500 орчим тэрбум зарцуулдаг. Үүнээс сангийн цэвэр алдагдал нь 72 орчим тэрбум төгрөг. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэзээ батлагдахаас хамаараад хэдэн төгрөгийн орлого төлөвлөснөөсөө тасрах вэ гэдгийг тооцоолно. Хэрэв ирэх долдугаар сараас хэрэгжихээр тогтвол 140 орчим тэрбум, нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжинэ гэвэл 189 тэрбум төгрөгийн орлого тасарна гэсэн үг. Тэгэхээр энэ нь авлага талдаа бүртгэгдээд өнгөрсөн оны дөрвөн сараас хойш нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлт урамшууллаар 789 тэрбум төгрөгийг авлагаар бүртгээд явсан.
Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад хадгаламж ерөөсөө байршуулаагүй. 2020 оны дөрөвдүгээр сараас хойш Засгийн газар хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхдээ сан хооронд мөнгө гүйлгэх зохицуулалтыг оруулсан. 789 тэрбум төгрөгийг сан хооронд нь зохицуулалтыг хийсэн. Ингэснээр энэ нь эргээд авлагаар бүртгэгдэж төсвийн нөхөн олголт дараа нь хийгдэнэ. Хадгаламж бус тэтгэвэр хэлбэрээр 400 орчим тэрбум төгрөг Төрийн болон Хаан банкинд байршиж байгаа.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:
-Цар тахлын амаргүй хүнд үед иргэдээ татвараар татан унагаахгүй байх бодлогыг УИХ, Засгийн газрын зүгээс шат дараатай авч байгаа. Үүний нэг нь НДШ-ийг хоёр хувиар бууруулах асуудал. Ер нь Засгийн газраас хэрэгжүүлсэн татвараас чөлөөлөх, хөнгөлөх арга хэмжээнд 40-өөд мянган аж ахуйн нэгж, 571 мянган сайн дурын даатгуулагч хамрагдсан. Нийт 713 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг олгосон. Мөн 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-н хүртэл ажил олгогч болон даатгуулагчаас НДШ-ийг 8.5 хувиар тооцож авснаар 198 тэрбум төгрөгийн хөнгөлөлт эдлэх бололцоог бүрдүүлж өгсөн. НДШ-ийг хоёр хувиар бууруулахыг 2021 оны долдугаар сарын 1-нээс тооцвол 94 тэрбум төгрөг, бүтэн жилээрээ тооцвол 190 тэрбум төгрөг шаардлагатай болно. Үүнийг бүрдүүлэхийн тулд төсөвт тодотгол хийх эсвэл Цар тахлын хуулийн хүрээнд төсвийн зохицуулалт хийх зайлшгүй шаардлага бий болно.