Categories
гадаад мэдээ

Газын зурваст нөхцөл байдал хурцадмал байна

Сүүлийн өдрүүдэд Газын зурвас дахь Израиль, Палестины хоорондох зөрчилдөөн эрс хурцадлаа. Тухайлбал, өнгөрсөн баасан гаригт Аль-Акс сүмийн ойролцоо палестинчууд, израильчуудын хооронд мөргөлдөөн гарсан. Харин даваа гаригт Палестины Хамас бүлэглэл Израилийн нутаг дэвсгэрийг чиглүүлэн удаа дараа пуужингийн цохилт өгсний хариуд Израилийн Агаарын цэргийн хүчин Газын зурвас дахь ХАМАС бүлэглэлийн цэргийн объектуудыг бөмбөгдсөн байна. Хэдэн өдөр үргэлжилсэн эмх замбараагүй байдлын улмаас 600 орчим хүн бэртжээ. Тус бүс нутагт нөхцөл байдал хурцадсантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл шуурхай хаалттай хуралджээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкен ХАМАС-ыг Израилийн эсрэг үйлдэж буй түрэмгийллээ зогсоохыг уриалав. Европын холбооны олон улсын харилцааны дээд төлөөлөгч Ж.Боррелийн мэдэгдсэнээр “Баруун эрэг, Газ, Дорнод Иерусалим дахь хүчирхийллийг нэн даруй зогсоох ёстой. Газын нутаг дэвсгэрээс хүн ам суурьшсан газрууд руу агаараас цохилт өгч байгаа нь байж боломгүй үйлдэл. Энэ нь тус бүс нутагт үүссэн хурцадмал байдлыг улам даамжруулж байна” гэж мэдэгджээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *