Categories
гадаад мэдээ

Хятадын зөөвөрлөгч пуужингийн хэлтэрхий Энэтхэгийн далайд унажээ

Хятад улс дэлхийн тойрог замд өөрийн гэсэн станцтай болохоор зорьж буй билээ. Энэхүү ажлын хүрээнд өнгөрсөн сарын 29-нд “Чанжэн-5Б” зөөгч пуужингаар сансрын станцын үндсэн модуль болох “Тяньхэ”-г тойрог замд оруулсан юм.

Пуужин үүргээ биелүүлмэгц түүнийг төлөвлөгөөний дагуу аюулгүй газардуулах ёстой байсан боловч эвдрэлийн улмаас удирдах боломжгүй болсон аж. Энэ талаар анх мэдээлснээс хойш долоо хоногийн турш олон улс тус биетийг хаана унах бол гэдгийг олон янзаар таамаглан, сэтгэл зовнин хүлээж байсан юм. Тухайлбал, АНУ-ын Зэвсэгт хүчин пуужинг хаана унахыг анхааралтай ажиглаж байгаа. Пуужингийн хэлтэрхий суурьшлын бүсэд буюу хүн амьдарч буй газарт унаж магадгүйг үгүйсгэх боломжгүй гэсэн мэдэгдэл хийж байв. Зарим эх сурвалжид пуужингийн унаж магадгүй газруудад АНУ-ын өмнөд хэсэг, Мексик, төв Америк, Карибын тэнгис, Перу, Эквадор, Колумб, Венесуэль, Европын өмнөд хэсгийн зарим нутаг, төв болон умард Африк, Ойрхи Дорнод, Энэтхэгийн өмнөд хэсэг, Австрали зэрэг улсыг нэрлэж байв. Харин өчигдөр “Чанжэн-5Б” зөөгч пуужингийн эх биe олон хоног дэлхийг тойрсны эцэст орон нутгийн цагаар 10 цаг 24 минутад дэлхийн агаар мандлыг нэвтлэхдээ ихэнх хэсэг нь шатсан. Бага хэсэг нь Энэтхэгийн далайн зүүн уртрагийн 72.47 градус, хойд өргөргийн 2.65 градусын координаттай хавтгайд унасан талаар Хятадын жолоодлогот нислэгийн хөтөлбөрийн мэргэжилтнүүд онцолжээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *