Categories
гадаад мэдээ

Цар тахалтай холбоотойгоор дэлхийн 56 улс сонгуулиа хойшлуулжээ

Коронавирус дэлхийн өнцөг булан бүрийн өдөр тутмын амьдралд ихээхэн нөлөө үзүүлсээр байна. Зарим оронд вирусээс үүдэлтэй улс төрийн хямрал хүртэл үүсээд байгаа юм. Түүнчлэн олон орон үндэсний баяр болон сонгуулиа хойшлуулаад байна. “International Institute for Democracy” судалгааны байгууллагаас явуулсан судалгаагаар дэлхийн 73 улсад Ерөнхийлөгчийн, парламентын болон орон нутгийн сонгуулиуд болох хуваарьтай байсан ч цар тахалтай холбоотойгоор дэлхийн 56 улс сонгуулиа хойшлуулаад байгаа аж. Харин Канад, Австрали, Шинэ Зеланд, Малайз, Беларусь, Литв, Малави, Нигер, Иордан, Исланд зэрэг орон цар тахлын үед товлосон хугацаандаа сонгуулиа хийхээр төлөвлөж байгаа бол цар тахлын үед Иран, Израил, Энэтхэг, Бангладеш, Япон, Өмнөд Солонгос, Австрали, Тайвань, АНУ, Франц, Герман, Швейцар, Польш, АНУ, Монгол гэсэн улс сонгуулиа зохион байгуулжээ.

Чили-Чиличүүд шинээр баталсан Үндсэн хуулийг эсэргүүцэн олон сар жагссан ч тэдний хичээл зүтгэл коронавирусийн улмаас талаар болсон. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх бүх нийтийн санал асуулга өнгөрсөн дөрөвдүгээр сард болох байсан ч ирэх аравдугаар сарын 25 болгож хойшлуулаад байгаа юм.

Серби-Тус улсад өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд парламентын сонгууль болох байсан ч гуравдугаар сараас коронавирусийн халдварын тохиолдол эрс өссөн учир сонгуулиа ирэх зургадугаар сарын 21 болж хойшлуулсан.

Испани-Тус улс мөн л орон нутгийн сонгуулиа хойшлуулахаас өөр аргагүйд хүрсэн. Испанийн коронавирусийн халдвар хамгийн их дэгдсэн бүс нутаг болох Баскийн орон нутгийн сонгууль дөрөвдүгээр сарын 5-нд болох байсан ч хойшлуулж, долдугаар сарын эхээр зохион байгуулахаар тогтсон.

Доминиканы Бүгд Найрамдах Улс-Тус улс өнгөрсөн жилийн тавдугаар сарын 17-нд сонгуулиа зохион байгуулахаар төлөвлөж байсан ч энэ жилийн долдугаар сарын 5-нд болгож хойшлуулаад байгаа юм. Эдгээрээс гадна Сири, Индонез, Шри Ланк, Этиоп, Польш, Их Британи, Франц тэргүүтэй орнууд парламентын сонгуулиа хойшлуулаад байна. Сонгуулиа хойшлуулсан улс орны олонх нь долоогоос есдүгээр сарын хооронд сонгуулиа зохион байгуулах төлөвтэй байна. Их Британийн орон нутгийн сонгууль “Ковид-19”-ийн улмаас нэг жилээр хойшилж 2021 оны тавдугаар сард болох тов гараад байсан ч дахин хойшилж магадгүй байна. Уг сонгуулиар Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын харьяаны Шотланд, Уэльс, Хойд Ирланд болон Английн 13 хотын захирагч, тусгай болон хүчний байгууллагуудын удирдлагуудыг сонгох юм. Мөн Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон орон нутгийн сонгуулийн хоёрдугаар шатны санал хураалтыг тодорхойгүй хугацаанд хойшлуулах шийдвэрээ танилцууллаа. Орон нутгийн зөвлөлийн 35 мянган гишүүнийг сонгох зургаан жилд нэг удаа болдог энэхүү сонгууль нь энэ жил Францын парламентын сонгуулийн дараа, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тохиож байсан юм. Польш улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт ирэх тавдугаар сарын 10-ны өдөр болох товтой. Гэсэн ч хоёр дахь бүрэн эрхийнхээ төлөө өрсөлдөж буй өнөөгийн Ерөнхийлөгч Анджей Дуда “Ковид-19”-ийн дэгдэлтийн улмаас өөрийн сонгуулийн кампанит ажлаа цуцалж байгаагаа мэдэгдэн, өрсөлдөгчдөдөө хандан урьдчилан сэргийлэх үүднээс мөн ижил арга хэмжээ авахыг уриалаад байна. Тус улс нь шинэ коронвирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургуулийн үйл ажиллагаа, нийтийг хамарсан арга хэмжээг хязгаарлаж, хилээ хаасан Европын холбооны анхны улс болсон юм. Үүнтэй холбоотойгоор ердөө сар гаруйн дараа тохиох Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах асуудал тус улсын улс төрийн хүрээнд хүчтэй яригдаж эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *