Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр дэлхийн хүмүүнлэгийн өдөр тохиож байна

Өнөөдөр буюу тавдугаар сарын 8-ны өдөр “дэлхийн хүмүүнлэгийн өдөр” тохиож байна. Энэ өдөр дэлхий нийтийг цочроож буй коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр дэлхийн өнцөг булан бүрт Олон Улсын Улаан Загалмайн, Улаан хавирган сар хөдөлгөөний “ЗОГСОЛТГҮЙ” ажиллаж байгаа ажилтан, сайн дурын идэвхтэн, гишүүд, дэмжигчдэдээ талархал илэрхийлж, хүмүүнлэгийн үйл ажиллагааг олон нийтэд хүргэдэг уламжлалтай. Монголын улаан загалмай нийгэмлэг коронавируст халдварын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд төрдөө нэмэлт хүч болж ажиллах үүргээ биелүүлж, 21 аймаг, 9 дүүргийн улаан загалмайн ажилтан, албан хаагчид зогсолтгүй ажилласаар байна. МУЗН-ийн сүүлийн 1 жилийн хугацаанд хийсэн томоохон ажлыг товч дурдвал.

  • Олон улсын улаан загалмай, улаан хавирган сар нийгэмлэгүүдийн Холбоо, Олон улсын улаан загалмай хороо, НҮБ-ын Хүүхдийн сан, Австрали, БНСУ-ын улаан загалмай нийгэмлэг, БНХАУ-ын Улаан загалмай нийгэмлэг, БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны улаан загалмай байгууллага, Азийн хөл бөмбөгийн холбооны дэмжлэг болон аж ахуй нэгж, байгууллага, иргэдийн хандивын хүрээнд Коронавируст цар тахалтай тэмцэх, нийгэм-эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор 25,086 өрх, 106 мянга орчим хүнд хүмүүнлэгийн тусламж үзүүлжээ.
  • БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн Ордон, Улаан загалмай байгууллагаас коронавируст халдварт өвчинтэй тэмцэхэд зориулан хандивласан “Сөрөг даралтат түргэн тусламжийн машин”-ыг Улаанбаатар хотын захиргаанд хүлээлгэнэ өглөө.
  • Коронавируст халдварын 228,000,000 төгрөгийн үнэ бүхий 10,000 ширхэг түргэвчилсэн оношлуур Эрүүл мэндийн яаманд хандивлав.
  • Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Төв эмнэлэгт коронавируст халдварын цар тахлын үед ашиглах 197 сая төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг амьсгалын аппарат хүлээлгэн өглөө.
  • Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран “Зудын эрсдэлийн зураглал”-д үндэслэн зудын нэн өндөр эрсдэл бүхий 113 сумын 2000 малчин өрхөд 735’500’000 төгрөгийн хүмүүнлэгийн тусламж үзүүлж, хяналт үнэлгээний баг орон нутагт ажиллалаа.
  • Өнгөрсөн 3 болон 4 сарын эхээр нийт нутгийг хамарсан цасан болон шороон шуурганы улмаас хохирол амссан айл, өрхөд Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран 16 аймгийн 850 өрхөд бэлэн мөнгө, 150 өрхөд гэр болон ахуйн хэрэгсэл зэрэг нийт 1000 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэв.
  • Монголын улаан загалмай нийгэмлэгийн гамшгийн хариу арга хэмжээ, эрүүл мэндийн онцгой үед чадавхи бүхий сайн дурын идэвхтнүүд коронавируст халдвараас сэргийлэх вакцинжуулалтын ажилд ахмадуудыг зөөвөрлөн дархлаажуулалтын цэгт хүргэх, халуун, даралт үзэх зэрэг ажлыг хариуцан ажиллаж байна.
  • Вакцинжуулалтын цэгт ажиллаж буй 2100 албан хаагчдад Улаан загалмайчид өдрийн хоолоор үйлчилж, талархал илэрхийллээ.
  • Монголын улаан загалмай нийгэмлэгээс Монголын хүмүүнлэгийн өдрийг угтан иргэд, олон нийтийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалах их үйлсэд халуун сэтгэлээр зүтгэж буй Тээврийн цагдаагийн албаны ажилтан, албан хаагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлж, 10,000 ширхэг амны хаалт бэлэглэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *