Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх долоо хоногоос тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөгийг олгож эхэлнэ

УИХ-ын дарга Г.Занданшатар тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад нэг сая төгрөг болон зөрүү мөнгийг ирэх долоо хоногт олгох талаар чиглэл өгчээ. Тэрбээр өнөөдөр Хөдөлмөр нийгэм, хамгааллын сайд, Монголбанкны ерөнхйилөгч, Эрдэнэс Монгол, Эрдэнэс силвер компаниудын захирлуудтай уулзан энэ асуудлыг хэлэлцсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийг УИХ баталсан. Энэ хуулийн дагуу 228 мянган иргэний зээлийг тэглэсэн. Хууль хэлэлцэх үеэр иргэд болон гишүүдийн зүгээс тэтгэврийн зээлгүй ахмадуудад шударга бус хандаж байна гэдгийг хэлсэн. Тэтгэврийн зээлгүй ахмадуудад олгох нэг сая төгрөг болон зөрүү мөнгийг хуулийн дагуу олгох ёстой гэв.

“Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-нд УИХ баталсан. Хуулийг баталснаас хойш “Эрдэнэс силвер ресурс” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргаж, ахмадуудын тэтгэврийн зээлийг бүрэн төлжээ. Үүнд 6 сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан 229 мянган иргэний 763 тэрбум төгрөгийн зээлийг хамруулжээ.

Дээрх хуулиар тэтгэврийн зээлгүй байсан ахмад настан, тэтгэвэр тэтгэмж авагч нийт 210 мянган иргэнд тус бүр 1 сая хүртэл төгрөгийн ваучер олгохоор шийдвэрлэсэн. Түүнийг мөнгөжүүлэх ажил энэ оны тавдугаар сарын 21-нээс эхлэх ёстой. Үүнд шаардагдах 210 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлэх ажлыг “Эрдэнэс силвер ресурс” компани амжилттай гүйцэтгэсэн гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцоллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *