Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

АНУ-ын сенаторуудын Монголын ардчилалд сэтгэл зовниж бичсэн захидал

АНУ-ын сенатор Марко Рубио, Патрик Лихи нар Монгол Улсад өрнөж буй улс төрийн үйл явдалтай холбоотойгоор Монголын ардчилалд санаа зовниж байгаа талаарх ил захидлыг АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкэнд хүргүүлжээ.

Энэхүү захидалд Монгол Улсад өрнөж буй улс төрийн үйл явдал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор ардчиллын үнэт зарчмууд алдагдахад хүрч болзошгүй учир хамтран ажиллаж, Монгол-АНУ хоорондын харилцааг бэхжүүлэх чиглэлээр Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкэнтэй хамтран ажиллахад таатай байх болно гэдгээ онцолжээ.

Мөн захидалд Гадаад харилцааны сайд асан Ц.Мөнх-Оргилын Далайн ламыг дахин айлчлуулахгүй гэсэн цочирдом байр суурь, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн “Бид ХКН ба Хятадтай нэгэн замаар замнаж, хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдлийг бий болгохын төлөө хичээнгүйлэн зүтгэхэд бэлэн байна” гэсэн мэдэгдэл болон үүнтэй төстэй утгатай мэдэгдлүүдийг сүүлийн жилүүдэд удаа дараа хийж байгаа нь ардчиллын үнэт зүйл, суурь зарчмуудын эсрэг үйлдлүүд хэмээн дүгнэсэн байна.

Түүгээр зогсохгүй АНУ-ын сенаторуудын захидалд Монголын нэр бүхий удирдлагуудад хээл хахууль өгөх, үгсэх замаар тус улсын ардчилал, хуульт ёс, шүүх засаглалыг хүчгүйдүүлэх гэсэн Хятадын Коммунист намын (ХКН) явуулгад дээр дурдсан үйл явдлууд Монгол Улсыг улам бүр өртөмтгий болгож байгааг тодотгожээ.

Тиймээс АНУ-ын сенатор Марко Рубио, Патрик Лихи нар цаашид ардчиллыг дэмжих нь АНУ-ын гадаад бодлогын үндсэн цөм элемент хэвээр байх ёстойг онцлоод ялангуяа ХКН гэх мэт авторитар хүчнүүд эдгээр үнэт зүйлсийг үгүй болгохоор дэлхий даяар цуцалтгүй ажиллаж байгаа энэ үед бид Монгол Улс-АНУ хоорондын харилцааг бэхжүүлэх, Монголын ардчиллыг дэмжих тал дээр Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкэнтэй хамтран ажиллахыг хүсч буйгаа илэрхийлжээ.

Захидлын орчуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна. Тус захидалд,

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга

Эрхэм хүндэт Антони Блинкэн Танаа

2201 C Street NW

Washington, D.C. 20520

2021 оны тавдугаар сарын 4

Бид энэхүү захидлыг Монгол Улсад сүүлийн үед өрнөж буй улс төрийн үйл явдлууд тус улсын ардчиллын ирээдүйд хэрхэн нөлөөлж болох талаар санаа зовнин бичиж байна. Таны мэдэж байгаачлан Монгол Улс бол ардчилсан нийгмийг амжилттайгаар цогцлоож чадсан онцгой нэгэн улс билээ. Ялангуяа БНХАУ, ОХУ гэсэн авторитар дэглэмтэй хоёр том гүрний дунд оршдог улсын хувьд, түүнчлэн эдгээр улсууд өмнө нь өөрсдийн нөлөөг Монгол руу тэлэх хандлагыг илэрхийлж байсан, одоо ч тэр бодлогоо баримталж байж магадгүй энэ цаг үед ардчиллаа хадгалж яваа нь гайхалтай амжилт юм. АНУ нь Монгол Улсыг ардчилсан замналаасаа хазайлгүй, цаашид үргэлжлүүлэн хөгжин, дэвжихийг бататгах хувиршгүй сонирхолтой билээ.

Монгол Улсын хууль тогтоох байгууллагаас авч хэрэгжүүлж буй сүүлийн үеийн арга хэмжээнүүд, шүүх засаглал, мөн Ерөнхийлөгчийн санал гомдол дагуулсан үйлдлүүд нь тус улсад улс төрийн хямралыг бий болгоод байна. Энэ нь ирэх зургадугаар сарын 9-ний өдөр явагдах Ерөнхийлөгчийн сонгууль шударга явагдах эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд яаран өөрчлөлт хийж, одоогийн Ерөнхийлөгчийг сонгуульд дахин оролцуулахгүй болгосон, УИХ-ын шийдвэр үндсэн хуультай нийцэж байгаа эсэхийг тогтоох Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг албан үүргээс нь түдгэлзүүлсэн, Дээд шүүхэд хандан эрх барьж буй намыг яаралтай тараах Ерөнхийлөгчийн захирамж гэх мэт нь тус улсын улс төрийн нөхцөл байдлыг хямрааж, олон эргэлзээг дагуулж байна. Дээрх үйл явдлууд дээр үндэслэн бид АНУ-ын Төрийн департаментыг оролцогч бүх талуудын хоорондын хурцадмал байдлыг намжаах, харилцан ойлголцох яриа хэлэлцлийг эхлүүлэх, хэнийг ч үндэслэлгүй шалтгаанаар сонгуульд оролцох эрхийг нь боогдуулахгүй байхыг, сонгуульд оролцох эрхтэй бүх намууд өөрсдийн тодорхойлсон нэр дэвшигчээ Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулах боломжоор нь хангахыг, бие даасан, хараат бус шүүх засаглалыг дэмжихийг уриалж байна.

Түүнчлэн АНУ-ын Олон улсын Хөгжлийн агентлагтай (USAID) хамтран ажиллаж, богино хугацаагаар олон улсын сонгуулийн ажиглагч багийг санхүүжүүлэн Монголын ард түмний сонголтоо хийх боломжийг нь үгүйсгэх оролдлого гарвал баримтжуулахыг мөн уриалж байна. Сонгуулийн хуульд яаран сандран өөрчлөлт оруулсан явдал нь иргэдийн төрдөө итгэх итгэлийг сулруулж, тогтворгүй байдлыг өдөөж магадгүй юм.

Мөн ийм байдал цааш үргэлжилсээр байвал Монголын нэр бүхий удирдлагуудад хээл хахууль өгөх, үгсэн хуувилдах замаар тус улсын ардчилал, хуульт ёс, шүүх засаглалыг хүчгүйдүүлэх гэсэн Хятадын Коммунист намын (ХКН) явуулгад Монгол Улс улам бүр өртөмтгий болох болно гэж бид болгоомжилж байна.

2016 оны арванхоёрдугаар сард Дээрхийн гэгээн XIV Далай лам Монгол Улсад айлчилсны дараа БНХАУ-ын зүгээс эдийн засгийн хориг тавьж Монгол Улсыг “шийтгэсэн”. Үүний дараа тухайн үед Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Ц.Мөнх-Оргил Далай ламыг дахиж хэзээ ч Монгол Улсад айлчлуулахгүй гэсэн Бээжингийн шаардлагыг дэмжсэн мэдэгдэл хийсэн юм. Хүн амын олонх нь бурхны шашин шүтдэг уламжлалтай, Далай ламыг дээдэлдэг Монголчуудын хувьд энэ нь цочирдом мэдэгдэл байв.

Энэ үйл явдлаас нэг жилийн дараа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан Бээжинд ярилцлага өгөхдөө “Бид ХКН ба Хятад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хүн төрөлхтөний хувь заяаны цогц нэгдлийг бий болгохын төлөө хичээнгүйлэн зүтгэхэд бэлэн байна” гэж хэлжээ. Тэрбээр үүнтэй төстэй утгатай мэдэгдлүүдийг 2021 оны гуравдугаар сард болсон МАН-ын 100 жилийн ойн үеэр, мөн түүнчлэн ойрын жилүүдэд МАН-ын өндөр албан тушаалтнуудын оролцсон МАН, ХКН хоорондын хэд хэдэн албан ёсны уулзалтуудын үеэр хийсэн байна.

Ардчиллыг дэмжих нь АНУ-ын гадаад бодлогын үндсэн цөм хэвээр байх ёстой бөгөөд ялангуяа ХКН гэх мэт авторитар хүчнүүд эдгээр үнэт зүйлсийг үгүй болгохоор дэлхий даяар цуцалтгүй ажиллаж байгаа энэ үед бид ардчиллыг сахин хамгаалах ёстой. Бид Монгол Улс-АНУ хоорондын харилцааг бэхжүүлэх, Монголын ардчиллыг дэмжих тал дээр Тантай хамтран ажиллах арга замыг илэрхийлэхдээ таатай байх болно.

Хүндэтгэсэн,

АНУ-ын Сенатор Марко Рубио АНУ-ын Сенатор Патрик Лихи

https://www.rubio.senate.gov/public/index.cfm/2021/5/rubio-leahy-urge-blinken-to-strengthen-u-s-mongolia-relations

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *