Дэлхийн хоёр дахь том криптовалют болох “Ethereum”-ийг үүсгэн байгуулсан Орос-Канадын иргэн, 27 настай программ зохиогч залуу тэрбумтнуудын эгнээнд нэгджээ.
Шинэ тэрбумтан Виталик Бутерин нь 2013 онд 19 настайдаа ethereum-ийг зохион бүтээж, 2015 онд зах зээлд гаргаж байв. Одоо түүний дижитал хэтэвчинд 333.500 ethereum хадгалагддаг. Өчигдөр уг криптовалютын ханш түүхэн дээд хэмжээндээ буюу 3.500 долларт хүрснээр Бутерины хөрөнгийн хэмжээ 1.1 тэрбум доллар гаруй болжээ.
2014 онд Америкийн тэрбумтан Питер Тиль шинийг санаачлагч залуусыг дэмжих 100,000 долларын “Thiel Fellowship” тэтгэлэгт хөтөлбөр зарлахад Виталик Бутерин шалгарч байсан түүхтэй.
“Ethereum” криптовалютын ханш 2021 он гарсаар 375 орчим хувиар өсөөд байна. Одоо уг валют зах зээлийн үнэлгээгээр биткоины дараа хоёрт эрэмбэлэгдэж байгаа.
“CoinMarketCap”-ийн мэдээлснээр одоо дэлхий даяар гүйлгээнд байгаа бүх “Ethereum”-ийн үнэлгээ 403 тэрбумд хүрсэн байна.
Дэлхийн криптовалютын зах зээлийн нийт үнэлгээ 2.3 их наядад хүрчээ.